Шинэ ерөнхийлөгч хаан шиг авирлаж, мухар сүсгийг өдөөсөн хүн байж болохгүй

Ердөө найман сарын дараа Ерөнхийлөгчийн сонгууль болно. Ингэснээр монголчууд долоо дахь Ерөнхийлөгчөө тосож авна гэсэн үг. Харин энэ хооронд дахин сунгах, хууль өөрчлөх зэрэг ямар ч булхай гаргуулахгүй байх талаар улстөрчид хоёрхон сарын хугацаанд хатуу анхаарч ажиллах хэрэгтэй. Хуулийг нь өөрчлөх боломж үндсэндээ хоёр сар л үлдсэн. Он гарчихвал тийм асуудал угаасаа боломжгүй болно. Нэг ёсондоо одоогийн Ерөнхийлөгчийг заавал солих ёстой гэсэн үг. Тэгэхгүй бол одоо зарим талаар “Хаан” суучихаад байгааг бүгд харж байгаа ч хэлж чадахгүй байгаа нь нууц биш шүү дээ. Дээрээс нь манай улс албан бусаар хоёр Засгийн газартай болчихсон. Ерөнхийлөгч гэсэн “Засгийн газар”-ынх нь ажил ногоон гэрлээ урагшлаад байдаг. Нөгөө талдаа жинхэнэ Засгийн газрынх нь ажил явах нь бүү хэл байсгээд унаж ойчдог боллоо. Өнгөрсөн хугацаанд манай улсад Ерөнхийлөгчийн санаачилсан ажлууд л сайн явах шиг болсон. “Тэрбум мод”, “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал” гээд ярьвал олон ажил бий. Харин эдгээр төсөл хөтөлбөрүүдийнх нь үр дүнг ярья, зөв явсан эсэхийг шалгая гээд Ерөнхий хяналтын сонсголыг байнгын хорооноос санаачлан явуулсан ч ганцхан өдөр болоод л зогсчихлоо. Зарим нэг нь эрх баригч намын гишүүд ирцээрээ бойкотлоод гацаасан гэсэн зүйлийг хэлсэн. Нөгөө талдаа энэ сонсголд Ерөнхийлөгч дургүй байсан байж магадгүй. Гэвч дургүй байсныг нь нэгэнт баталж нотолж чадахгүй учраас хардах эрхээ эдэлж буйгаа хэлэх нь зөв.

Одоогийн Ерөнхийлөгчөө нэгэнт солих нь зөв гэж байгаа учраас дараагийнх нь ямар байх вэ гэсэн асуулт гарч ирнэ. УИХ-д суудалтай намууд одооноос дор бүрнээ Ерөнхийлөгчид зүтгүүлэх хүнээ хэн байх вэ гэж ярилцаад эхэлсэн. Гэвч хэн биш, ямар хүн байсан нь дээр вэ гэсэн хэлэлцүүлгийг улс орон даяар, нам дотроо явуулах нь зүйтэй. Тэгвэл олон нийтийн зүгээс шинэ Ерөнхийлөгчөөр ямар хүн байх талаар дараах хэдэн шалгуурыг хангасан байх ёстой гэж үзэж байна.

Нэгэн зүйл. Ерөнхийлөгчийн албан тушаалаас буусан л бол дахин улс төрд ордоггүй байх хэрэгтэй гэнэ. Угаас дахиж орж ирснүүд нь улс төрд ойр яваанууд нь ямар зүйл хийж, яаж бужигнуулж байгааг ард түмэн мэдэж байгаа учраас энэ шалгуурыг чухалчилж байгаа хэрэг. Яг энэ талаар хэлсэн Америкийн нэг хэлц үг байдаг юм билээ. Тэр нь “Ерөнхийлөгч байсан хүн Конгрессын гудамжаар алхдаггүй” гэсэн утгатай. Энэ нь шууд утгаараа Ерөнхийлөгч байсан хүн хууль тогтоох дээд байгууллагынхаа гишүүн болж болохгүй ээ л гэсэн санаа. Ингэхээр олигтой зүйл болдоггүй гэдгийг ардчилсан тогтолцоог бий болгоод 300 жил болсон тэр улс түүх, туршлага дээрээ мэдсэн учраас л ийм үг гарсан байж таараа. Тиймээс албаа нэр төртэйгөөр хүлээлгэж өгөөд улс төрөөс бүрмөсөн явчихаж чадах хүн л дараагийн Ерөнхийлөгч болох нь.

Нэгэн зүйл. Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа юу хийж болохгүй вэ гэдэг нь чухал. Хамгийн гол нь аль нэг нам руу хэлтийхгүй байх хэрэгтэй. Нэг үгээр бол тангараг өргөхөөсөө өмнө намаасаа түдгэлзсэнээ ягштал баримтлах ёстой. Тэгэхгүй бол одоо чинь дуртай намынхаа дотоод хэрэгт хутгалдаж, талцуулж хэрэлдүүлж, холион бантанг нь хутгаж байгааг улс төрийн хүрээнийхэн ханцуйн дотроо шивнэлдсээр удаж байна. Мөн өглөө бүр зам хаалгаад л төрийн албан хаагч шиг ажилдаа ирээд байх ямар ч шаардлагагүй. Их тэнгэрийн аманд хааяа хүмүүс дуудаж уулзаад, ажил хэргээ ярьчихдаг байхад л болно. Дээрээс нь наадам, Цагаан сар хоёроор л ард түмэндээ харагдчихаад бусад үед нь таг чиг байхад ч болохгүй юмгүй. Харин улс оронд ноцтой байдал үүсвэл гарч ирээд зангарагтайхан шиг эв зүйнд нь оруулчихаж чадах хүн л хэрэгтэй байна.

Нэгэн зүйл. Шагнал, өршөөл хоёр бол Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн ажил. Гэвч шагналыг хавтгайруулдаг байдлыг бүрэн зогсоох ёстой. Харин өршөөж нигүүлсэх нь өөрийн мэдэлдээ үлдэнэ нь л биз. Шагналын хавтгайрлыг зогсоохын тулд шинээр сонгогдсон даруйдаа шагналын тухай хуулиа оруулчих хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ олон гавьяат, ардын, баатар төрөөд Монгол Улс хөгжлийн манлайд хүрсэнгүй. Тэгэхээр бидний яваад байгаа энэ арга буруу л гэсэн үг. Тухайн хүний амбиц, эго л юм. Тиймээс ард түмнийхээ иймэрхүү эгог тэжээж тэтгэдэг, хөхиүлэн дэмждэг хүн хэрэггүй.

Нэгэн зүйл. Ерөнхийлөгч аж ахуйн ажил эрхэлдэггүй байх хэрэгтэй. Ерөнхий сайдынхаа хажуугаар бас нэгэн Ерөнхий сайд болох ёсгүй. Ингээд ирэхээр л хоёр Засгийн газартай юм шиг болчихоод байгааг эхэнд бичсэн. Өнгөрсөн таван жилийн хугацаанд яг л ийм байдлаар явж, огцордоггүй “Засгийн газар” бий болсон. Мөн Чингис хаан, Богд, феодолын үеийн хувцаснаас бүрэн татгалзах хэрэгтэй. Анх тангараг өргөхдөө монгол дээл, малгайгаа өмсөөд, мэдээж Цагаан сар, наадмаараа үндэсний хувцасаа өмсчихдөг байхад л хаваасаг. Түүнээс биш сүүлдээ малгай толгой, дээл хувцас нь яг юу болчихсон юм гэмээр болчихсон. Бараг л Чингис хаан өөрийн биеэр морилчихов уу гэлтэй байгаа нь олны нүдэн дээр ил байгаа учраас нэмж юу хэлэх билээ. Тиймээс үүнийг шууд хориглох хэрэгтэй.

Нэгэн зүйл. Уул овоо, ус мөрөн тахидаггүй. Элдэв шашны зан үйлийг хөгжүүлдэггүй баймаар байна. Мухар сүсгээр улс орноо удирдах гэж оролдох ёстой хэрэггүй. “Дуут сум харваж тэнгэр захиа хүргүүллээ” гээд XXI зуунд хээв нэг яриад байж болохгүй шүү дээ. Үзэж харж байгаа хүүхэд залуус, гадна дотныхон юу ч гэж бодох юм. Саяхан нэг сайд бөө дээр очдог байснаас юу боллоо доо. Бараг л улс орны нууцын зэрэгтэй материалууд өнөө бөөгийнх нь гарт орчихсон мэт асуудал гарч, улмаар тэр сайд нь засгаасаа хөөгдсөн шүү дээ. Зарлиг гаргаад л төр тахисаар байтал өнөөдөр манайд тахилгагүй уул бараг үлдсэнгүй. Тэгэхээр энэ асуудлыг зогсоох ёстой юм. Одоо байгаа нь бидэнд хангалттай. Үнэхээр улс орныг минь ивээдэг бол ивээхээр олон тахилгат уул бидэнд бий.

Нэгэн зүйл. Хуулийг ягштал дагаж мөрддөг. Хуулиас давсан ямар ч үйлдэл хийдэггүй баймаар байна. Өөрөө мэддэггүй юм бол энэ талаар мэргэшсэн сайн хүмүүсийг зөвлөхөөрөө авч ажиллуулаад, өдөр тутмын ажил амьдралдаа байнга зөвлөгөө авдаг байх нь дараа дараагийн үйл хэрэг, амьдралд нь тустай. Тэгэхгүй бол өнөөдөр АТГ, шүүх, цагдаа, прокурорт нөлөөлдөг гэсэн хардлага олон нийтийн дунд үүсээд удаж байна. Тиймээс эдгээр хууль хүчний байгууллагын томилгоонд ч оролцоод дэмий. Ингэж чадвал нөгөө яриад байдаг “хонгил”-оо жинхэнэ утгаар нь нурааж чадна. Түүнээс биш оролцоод л байх юм бол энэ хардлага сэрдлэг дуусахгүй.

Сүүлд нь хэлэхэд, Ерөнхийлөгч гэдэг бол тусгаар тогтносон, ардчилсан Монгол Улсын гадаад бодлогыг тодорхойлдог, шагнал гардуулж, өршөөл уучлалаа үзүүлдэг, ард түмнийхээ эв эеийг эрхэмлэн дээдэлдэг билэг тэмдэг л байх учиртай. Ер нь бол ийм утгатай заалт Үндсэн хуульд одоо ч хүчин төгөлдөр байгааг сануулах нь илүүц. Түүнээс биш улстөрч байх шаардлага огт байхгүй. Нийгмийн байгууллыг өөрчлөх гэж оролддог хүн бол бүр ч хэрэггүй. Иймэрхүү санаархал цухалзах нь эргээд ямар хор уршиг дагуулж болохыг дэлхийн олон улсын жишээ бидэнд харуулж, бид ч зах зухаас нь мэдэрч байгаа шүү дээ. Дээрх шалгууруудыг хангаж, хийж хэрэгжүүлж чадна гэсэн хүмүүсээ л намууд олж дараагийн Ерөнхийлөгчид нэрийг нь дэвшүүлээс чухал. Тэгж чадсан нам л наймхан сарын дараа болох сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж чадна.

Т.Дарханхөвсгөл

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)