Орос Грекийн хямралыг давтах уу
- 2014-02-13
- Дэлхий
- 0
Өнгөрсөн онд Олон улсын олим пийн хорооны
тэргүүн Т.Бах сүүлийн үед олон улс орон спортын
уралдаан тэмцээн зохион байгуулах саналаас
татгалзах болсонд санаа зовинож байгаагаа
илэрхийлж байсан юм. Тухайлбал, ХБНГУ, Итали ,
Чехи, Австри, Швейцар зэрэг нэлээд чинээлэг улс
орнууд олимпийн наадам зохион байгуулахаас
татгалзаж , шалгаруулалтаас нэрээ татах болсон
юм. Гол шалтгаан нь зардал ихтэй бөгөөд түүнийгээ
нөхөх аргагүй байдагтай холбоотой гэнэ . Дээр нь
ийм үйл ажиллагаа нь авилгыг цэцэглүүлдэг сөрөг
талтай аж. Мөн Грекийн эдийн засаг хямралд орж
тартагтаа тулах шахсан нь Олимпийн наадам зохион
байгуулсантай холбоотой гэж үздэг юм.ОЛОН ОРНЫ ТУРШЛАГА
Өнөөгийн нөхцөлд олимп болон бусад тэмцээн уралдаан зохион байгуулахаар өрсөлдөж буй улс орнууд нэг бол имижээ сайжруулах гэсэн Орос, Казахстан зэрэг орнууд, эсвэл шаардлагатай дэд бүтэц нь нэгэнт бэлэн байгаа улсууд байна. Олимпийн наадмыг зохион байгуулсан түүхээс сөхөн үзвэл санхүүгийн хувьд тийм ч таатай дүр зураг харагддаггүй . Учир нь Олимпийн наадмыг зохион байгуулах зардал сүүлийн үед геометрийн прогрессоор өсчээ. Зуны олимпийг 1976 онд хүлээн авсан Монреаль хот уг наадмыг зохион байгуулах зорилгоор авсан зээлээ гучин жилийн турш төлж барагдуулжээ. Дээр нь олон төрлийн татвар, хураамжаа нэмж, төсвөө зузаатгахад хүрсэн байна. Мөн Барселоны олимп Испанийг зургаан тэрбумын өртэй үлдээсэн аж. Лондонд 2012 онд болсон зуны олимпийг зохион байгуулагчид ч гэсэн санхүүгийн хувьд төлөвлөсөн орлогоо олж чадаагүй нэлээд алдагдал хүлээсэн юм. Санхүүгийн хувьд 1996 онд болсон Атланта дахь зуны олимпийг л үнэхээр амжилттай гэж үзэж болох аж. Гэхдээ үүний тулд америкчууд бүх зүйл дээрээ хэмнэж, спортын байгууламжуудаа салгаж авах боломжтойгоор хийснээр наадам дууссаны дараа бүгдийг нь буулгасан байна. Тамирчид Олимпийн тосгонд бус маш энгийн нийтийн байранд амьдарч, тэднийг дан фастфүүдээр хооллож байж. Мөн Засгийн газраас нь зөвхөн аюулгүй байдлыг хангах арга хэмжээнд мөнгө зарцуулж, хувийн хөрөнгө оруулагчид бусад зардлыг нь даасан юм. АНУ-ын засаг захиргаанаас анхаарсан хэдий ч Атланта дахь олимпийн цэцэрлэгт хүрээлэнд алан хядагчид бөмбөг дэлбэлсэн юм. ГРЕК Санхүүгийн гунигт үр дагавраараа 2004 оны Афины олимпийг давж гарах наадам одоохондоо түүхэнд гараагүй байна. Грекийн эрх баригчид нийт арван гурван тэрбум ам.доллар зарцуулаад хоёр тэрбумаас багыг нөхөж олсон байна. Шинжээчдийн тооцоолсноор Афины олимпийн зардал Грекийн ДНБ-ий таван хувьтай дүйжээ. Улмаар Засгийн газрынх нь өр эрс нэмэгдэж, еврогийн бүс дэх эдийн засгийн хямрал эхлэх гол угтвар шалтгаануудын нэг болсон. Афины олимпийн объектуудаас одоо тэн хагас нь огт ашиглалтгүй байгаагаас тэдгээрийг хамгаалах, засвар үйлчилгээ хийх зардал тус хотын төсөвт нэрмээс болж байна .
ТҮҮХ СӨХВӨЛ
Субтропикийн дулаан бүс нутагт орших Сочи хотноо өвлийн олимп зохион байгуулах санааг анх В.Путин биш харин М.Горбачевын Засгийн газар гаргаж байжээ. КГБ -ийн нууцлалаас гаргасан зарим баримт бичгээс үзэхэд М.Горбачевын Засгийн газар 1998 оны өвлийн олимпийн хүлээн авах хүсэлт гаргахаар төлөвлөж байсныг Германы “Шпигель” сонинд өгүүлсэн байна. Мөн тэдгээр баримтад өгүүлснээр 1975 онд ЗХУ -ын удирдагч тус явж байгаад 1980 оны зуны олимпийг ЗХУ хүлээн авах болчихсон талаар лавлаж, уг арга хэмжээнээс татгалзах арга байна уу гэж бичгээр лавлагаа авч байжээ.
ОРОС
Орос орон энэ бүх хандлагыг огт харгалзахгүй олон улсын уралдаан тэмцээнүүдийг харин ч улам олноор зохион байгуулж байна.Тухайлбал, ирэх таван жилд дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнээс эхлээд олон арван томоохон тэмцээн хүлээн авахаар болжээ. Тэгвэл энэ бүхэн ОХУ- ыг нэг өдөр сөхрүүлэх вий гэсэн түгшүүр зарим хүнд төрдөг бөгөөд энэ талаарх зарим мэдээллийг хүргэж байна. Гректэй харьцуулахад зарим тоо баримт тийм ч ноцтой харагдахгүй байна. Тухайлбал, ОХУ- ын ДНБ-ийг ам.долларт шилжүүлэн тооцооход хоёр их наяд ам.доллар давах бөгөөд түүний хажууд тавин тэрбум ам.доллар бол тийм ч ноцтой тоо биш харагдана. Гэхдээ эрсдэл дагуулах олон хүчин зүйл давхардсан тохиолдолд “хавсраа мэхэнд” унах аюул бий. Оросын эдийн засаг олимпийн дараа хямарч эхэлнэ гэж таамаглаж байгаа шинжээчид хэд хэдэн үндэслэлийг хэлдэг. Үүнээс томоохон хоёр нь олимпийн дараа рублийн ханш эрс унаж, хөрөнгө оруулаагчид хөрөнгөө татсанаар эдийн засаг нь уналтад орно гэж үзэж байгаа юм. Тэгвэл Оросын Төвбанк саяхан рублийн девальваци буюу ханшаа бууруулах бодлого явуулж байгаагаа зарласнаас зарим газраа орос иргэд нэн ялангуяа гадаадад зорчих гэж байсан иргэд валютын эрэлд хатаж, хүнд байдалд орсон тухай ойрмогхон Оросын сувгууд мэдээлж байлаа. Оросыг дагаад рублээс хараат Казахстаны төвбанк ч гэсэн тенгегийн ханшаа сул тавьж байгаагаа зарлав. Энэ бүхнийг АНУ-ын Холбооны нөөцийн сангаас зах зээлд их хэмжээний ам.доллар нийлүүлэх бодлогоо хумиснаас болж, хөрөнгө оруулагчид хөгжиж буй зах зээлээс хөрөнгөө татсантай холбон тайлбарлаж байна. Тиймээс эдгээр орон валютын нөөцөө хамгаалахын тулд мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг сулруулж байна гэх. Ерөнхийдөө рублийн ханш сүүлийн үед эрс буурч, зөвхөн өнгөрсөн нэгдүгээр сард рублийн ам.доллар, евротой харьцах албан ханш долоон хувиар буурсан байна. Харин олимпоос хэдхэн хоногийн өмнө гэнэт өсч эхэлсэн нь Төв банкнаас нь пиар зорилгоор их хэмжээний валютын интервенц хий сэнтэй нь холбоотой байна. Гэтэл олимп дуусмагц наадмын үеэр ажил гүйцэтгэсэн олон тооны ажилчин , гадны компаниуд ажлынхаа хөлсийг рублиэр авчихаад түүнийгээ валютаар гадагш аваад явна. Дээр нь Оросын Засгийн газар ирэх гуравдугаар сараас эхлэн гадаадаас авсан томоохон зээл, зээлийнхээ хүү зэрэг олон төлбөр гүйцэтгэнэ. Мөн олимпийн объектуудыг барихтай холбогдсон ихэнхи зардлын 30- 40 хувь нь авилга, хээл хахуулийн мөнгө гэж үздэг. Тэдгээр мөнгөний эзэд удахгүй олсон мөнгөө ил гаргаж, зарцуулж, валютад хөрвүүлэн гадагш нь шилжүүлж эхлэхээр төрөөс “хэвлэчихсэн” тэр их хэмжээний баталгаагүй мөнгө юмны үнийг хөөрөгдөх нь гарцаагүй . Тэр үед рубль шалдаа буух аюул ойрхон байна . Ямартай ч хямралын эхний шинж тэмдэг гэж үзэж болох юм.
ЗАРДАЛ ТАВИН ТЭРБУМ ДАВСАН УУ
Оросын Сочи дахь өвлийн олимпийн зардал хэд болсон бэ гэх асуултад хариулах тийм амар биш бөгөөд Барууны хэвлэлүүд уг асуудлыг хэтэрхий хялбаршуулан тайлбарлаж байна гэж “ Вашингтон пост” сонины тоймч П.Фархи өгүүлжээ. Олон нийтийн хувьд зардал 50 тэрбэм ам.доллар болсон гэдэг тоонд бат итгэлтэй болсон бөгөөд энэ тухай 2000 гаруй нийтлэл гарсан аж. П.Фархи энэ тоо хаанаас гараад ирэв гэдгийг судалж үзээд анхны эх сурвалжийг нь ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Д.Козакийн хэлсэн үгээс эхтэй гэж үзсэн байна. Д.Козак 2013 оны хоёрдугаар сард сэтгүүлчдэд мэдээлэхдээ Орос Сочийн олимпод нийт 1.5 их наяд рубль (тухайн үеийн ханшаар тавин тэрбум ам.доллар) зарцуулахад бэлэн гэжээ. Гэхдээ зарим нэг зүйл тухайлбал, рублийн ханш өөрчлөгдсөнөөр 1.5 их наяд рубль нь 43.1 тэрбум ам.доллар болж багассан гэж П.Фархи тайлбарласан байна. Гэсэн ч 2007- 2013 оны хугацаанд олимпийн төсөв дөрөв дахин нэмэгдсэн тул жилийн өмнөх тоо баримтад бүрэн итгэх аргагүй гэжээ . Гуравт, ямар зардлыг ямар аргаар тооцоолсон нь чухал гэж тайлбарласан байна. Тухайлбал, төрөөс спортын объектуудад 6.7 тэрбум, дэд бүтцийн байгууламжуудад16.7 тэрбум ам.доллар зарцуулахаар төсөвлөсөн нь нийлээд 23.4 тэрбум ам.доллар болж байна. Тэгвэл үүний зөрүү нь спонсоруудын зардал бөгөөд үүнд дамын наймааны шинжтэй хөрөнгө оруулалт ч орсон аж. Хэвлэлүүдээр тавин тэрбумын асуудал яригдахад тэр бүх нарийн ширийнийг ойшоох нь ховор аж. Эцэст нь П.Фархи Сочийн олимп яг хэдий хэмжээний зардлаар бүтсэнийг Кремлийн нууцад нэвтэрсэн цөөн хэдэн хүнээс бусад хүн мэдэх аргагүй бөгөөд лав л 50 тэрбум биш гэдэгтээ 50 тэрбумаар мөрийцөхөд бэлэн байна гэжээ.
Д.МӨНХБОЛД

Сэтгэгдэл (1)
грек (203.194.115.13)
орос яах вэ. монгол яг грекийг давтаад байна.