О.Пүрэв: Дэвжээн дээр эрх чөлөөг мэдэрдэг

“MGL-1 fighting championship” кикбокс, холимог тулааны аварга шалгаруулах тэмцээнийг Монголын тулааны шилдэг тамирчдын холбооноос жил бүр зохион байгуулдаг. Энэ жилийн тэмцээн гурав хоногийн өмнө АСА циркт болсон бөгөөд холимог тулааны 57кг- ын жинд Монголын жиү-жицү холбооны тамирчин О.Пүрэв тулааны салхийг хагалж өрсөлдөгчөө буулган авсан юм. Түүнтэй тулааных нь талаар ярилцлаа. 
 

-Хамгаалалтгүй тулалддаг холимог тулааны спортоор хичээллээд удаж байна уу? 
 

-Би 2007 оноос кикбоксоор хичээллэсэн. Тухайн үед СУИС-ийн хажууд Асашёорюү Д.Дагвадорж, Д.Сумьяабазар нар энэ төрлийн клуб ажиллуулдаг байсан юм. Тэнд л очиж дэлхийн холимог тулааны томоохон холбооны нэг болох “ONE FC” холбооны дэлхийн аваргын бүсийн эзэн Ж.Нарантунгалаг багшийн шавь нь болж байлаа. Түүнээс өмнө би “Нарантуул” зах дээр наймаа хийдэг, гудамжны амьдралтай байсан. Зах дээр хүүхдүүдийг спортын секцэнд үнэгүй хичээллүүлдэг төв байсан юм. Тэр үед боксын секцэнд явах гэж байгаад чөлөөт бөх рүү орсон. Тэгж л найзуудтайгаа “Алтайн барс” нэртэй секцэнд хичээллэж эхэлсэн. Ер нь спортоор хичээллэхэд надад нөлөөлсөн хүн байхгүй. Аав ээж хоёр маань тусдаа амьдардаг байсан болохоор хоёр гэрийн дунд явна. Дээр нь хөдөлгөөнтэй хүүхэд байсан учраас асуудал их гардаг байлаа. Гэхдээ зодоон хийхээс аль болох татгалздаг байсан. Энэ шалтгаанаас болоод л спортоор хичээллэсэн гэж ойлгож болно. Хүүхэд болоод ч тэрүү тухайн үед хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөөд Брюс Ли, Жет Ли нарын тоглосон тулаантай киног их үздэг байв. 
 

-Чөлөөт бөхийн хөнгөн жингийнхэн их хөдөлгөөнтэй байдаг. Магадгүй энэ чанар танд байсан болохоор анх чөлөөт бөхөөр хичээллэсэн болов уу?
 

 -Харин ч намайг “Чамд бөх хүнд байх ямар ч шинж байхгүй. Урт хүзүүтэй, туялзсан” гэдэг байсан. Тэгээд ч чөлөөт бөхөөр удаан хичээллээгүй. Хүүхэд байхдаа Налайх дүүрэгт болсон тэмцээний 32 кг-ын жинд барилдаж хүрэл медаль авсан юм байна. -Залуучуудын боксын аварга шалгаруулах тэмцээнд оролцож медаль хүртэж байсан гэсэн. Ер нь спортын олон төрлөөр хичээллэжээ? -2007 онд 17 настайдаа тэр тэмцээнд оролцож 54 кг-ын жинд хүрэл медаль авч байсан. Тэр үед Ж.Нарантунгалаг багш биднийг кикбоксоор хичээллүүлдэг байсан юм. Холимог тулааны спортоор 2011 оны сүүлчээс л хичээллэсэн юм байна. Тэр үеэс багш биднийг тулааны спортоор шаргуу хичээллүүлсэн. Холимог тулаанд хүн хийж чадах бүх зүйлээ ашиглан ялах боломжтой байдаг. Тийм болохоор дэвжээн дээр тамирчид бүрэн эрх чөлөөтэй байдаг юм. Би жирийн үед хүссэн зүйлээ хийж чаддаггүй ч дэвжээн дээр гараад өөрийнхөө эрх чөлөөг мэдэрдэг. Дэвжээн дээр байгаа тамирчид гарын үсгээ зурчихсан байдаг. Энэ утгаараа тамирчинд ирэх эрсдэл өндөр. Гэхдээ нэг нэгийгээ гэмтээлээ ч эргээд муу санадаггүй спорт бол холимог тулааны спорт юм. Хэдийгээр бид нэг нэгнээ гэмтээдэг ч тулааны төгсгөлд эргээд эвлэрч, сайн найз болж чаддаг. Харин дэвжээн дээр бол мөнхийн өрсөлдөгч шүү дээ. 
 

-Хамгийн сүүлийн тулааны өрсөлдөгчөө таньдаг байсан уу? 
 

-О.Ууганбаяр гээд хуучин нэг газар хичээллэж байсан залуутай тулалдсан. Миний сайн найз. Түүнтэй би урьд нь кикбоксоор гурван удаа тулалдаж оноогоор ялж байсан. О.Ууганбаяр 54 кг-д тулалдаж байгаад жин өсч орж ирсэн. Би 61 кг-аас жин хасч энэ жинд тулалдсан. Ерөнхийдөө нэг нэгийнхээ тулааныг сайн ойлгодог учраас хүчтэй өрсөлдөгч байлаа Тулааны үед би хүнд цохилтод орсон ч ялж чадсан. Ер нь О.Ууганбаяр их сайн бэлтгэл хийдэг. Тиймээс л аль болох үзэгчдийн хөөрөлд авталгүйгээр биеэ барьж тулалдаж цэвэр ялсан. -Тулааны үед бараг хамгаалалтгүй тулалдаг байх аа? -Эмзэг эрхтэн болон шүдний хамгаалалттай тулалддаг. Мөн нимгэн бээлий өмсдөг. 
 

-Холимог тулааны үед хүнд цохилтод орохоор шүүгч тоолдог уу? 
 

-Бусад спортын төрөлд байдаг шиг дэвжээний шүүгч тоолно гэсэн зүйл байдаггүй. Тамирчин хүнд цохилтод ороод цаашид тулалдах боломжгүй болсон нөхцөлд дэвжээний шүүгчийн шийдвэрээр тэмцээн өндөрлөнө. Тийм учраас дэвжээний шүүгчид тулаанчдыг сайн ажиглаж хүнд цохилт орсон тохиолдолд дуусгах үүрэгтэй. Энэ утгаараа тамирчны эрүүл мэнд шүүгчээс хамаардаг гэж ойлгож болно. Ер нь холимог тулааны тамирчид таван минутаар гурван раунд тоглодог. Гэхдээ хүний дагз руу цохихыг хориглодог. Учир нь дагзанд хүний гол мэдрэлийн судсууд, харааны төв байдаг. Хуруунуудыг хөшиж, хугалахыг хориглодог. Мөн газарт уначихсан байгаа хүнийг босоогоос толгой руу нь цохихыг хориглодог. Гэхдээ үүнийг зарим холимог тулааны холбоо зөвшөөрдөг юм билээ.
 

 -Тэгвэл их эрсдэлтэй юм байна шүү дээ? 
 

-Гэхдээ муу зүйл тохиолддоггүй юм аа. 
 

-Дэвжээн дээр гарахын өмнө эмээж байсан тохиолдол бий юү?
 

 -Анхны тулааны үед л тийм зүйл ажиглагддаг. Хэд хэдэн тулаанд орчихоор сандрах нь аяндаа арилдаг. Одоо надад тулааны өмнө сандрах ч юмуу айх зүйл байдаггүй. Хэн ч ялагдана гэж тулалддаггүй болохоор аль болох зоригоо чангалж дэвжээн дээр гардаг. Би дэвжээн дээр гараад тайван амгалан болчихдог. Харин ч бэлтгэлийн үеэр хийсэн зүйлүүдээ хурдан хийхийг хүсдэг. 
 

-Гэхдээ бараг хамгаалалтгүй тулалдаж байгаа болохоор бэртэл авна шүү дээ. Одоо ч гэсэн таны нүүр зарим хэсэгтээ хөхөрчихсөн байна?
 

 -Хэдэн удаа нэлээн хүчтэй цохиулсан учраас нүүрний зарим хэсэгт хөхөрчихсөн. Эрсдэлгүй зүйл гэж байхгүй шүү дээ. Би бэлтгэлээ илүү сайн хийгээд тулалдвал бэртэл авахгүй байх боломжтой. Тиймээс бүх зүйл надаас шалтгаална. 
 

-Гадаадын тамирчид таныг тулаанд дуудаж байв уу? 
 

-Дэлхийн холимог тулааны гурван том холбоо байдаг. Түүний нэг болох “ONE FC” холбооноос тулааны санал ирж байсан ч би хүлээж аваагүй. Тухайн үед Дамланпүрэв ахтай тулалдаад ялагдчихсан байсан учраас бэлтгэлээ илүү хийх хэрэгтэй гээд яваагүй юм. Харин одоо олон улсын тэмцээнүүдэд саналаа явуулъя гэж бодож байгаа. Мөн гадаадаас тулааны санал ирвэл хүлээн авахад бэлэн байна. Ер нь олон улсад дээд зиндаанд нь хүртэл тоглохыг зорьж байгаа. 
 

-Та цалинтай юу? 
 

-Мэргэжлийн тамирчид цалин авдаггүй. Өөрийнхөө хүсэл сонирхлоор бүх зүйлээ зохицуулаад явдаг. Тулаанаар хичээллэхийн зэрэгцээ ажил хийнэ. Олсон мөнгөө бэлтгэл, амьдрал гээд бүх зүйлдээ зарцуулдаг. 
 

-Сүүлийн тулаан тань бооцоотой байсан биз дээ? 
 

-Сая төгрөгийн бооцоотой байсан. Гэхдээ бооцооныхоо шагналыг хараахан авч амжаагүй л байна. 
 

-Өмнөх жил болсон тулааныг нэг их олон хүн үзээгүй. Харин энэ жил ирсэн үзэгчдийн тоог харахад холимог тулааныг хүмүүс сонирхдог болсон юм шиг ажиглагдлаа? 
 

-Тэгсэн. Би ялчихаад энэ ордон үзэгчдээр дүүрээд хүмүүс тулааныг босоогоороо зогсч үздэг болтол нь тулаан сонирхогчид олон болоосой гэж хүсч байгаагаа хэлсэн. Тэгж чадвал манай тулааны спорт илүү хөгжинө. Тамирчид ч гэсэн үзэгчдийн эерэг энергээр цэнэглэгддэг болохоор илүү олон хүн тулааны спортоор хичээллэнэ. 
 

-Та одоо ямар ажил эрхэлдэг вэ? 
 

-“Нарантуул” захад лангуу ажиллуулдаг. Багаасаа л хар бор амьдрал үзсэн болохоор амжилтад хүрэхийг хүсч байна. Ийм амьдрал туулсан болохоор сайхан, муухай зүйлийг мэддэг болсондоо амьдралд талархдаг. 
 

-Спортоор хичээллэсэн нь таны амьдралд өөрчлөлт авчирсан уу?
 

 -Спортоор хичээллэх боломж олдсонд үнэхээр баярладаг. Мөн Ж.Нарантунгалаг багшийн шавь болсноороо өөрийгөө азтай гэж боддог. Тулааны спорт хүний оюун болоод хүч чадлыг хөгжүүлдэг.

 

Б.Сэлэнгэ

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)