Энэ сард ихэнх нутгаар шороон шуургатай

 

        Ус, цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Урьдчилан мэдээлэх секторын инженер Ч.САРАНТУЯАГААС энэ сарын цаг агаарын төлөв байдлын талаар тодрууллаа.

 

-Ойрын өдрүүдэд нийт нутгаар цаг агаарын төлөв ямар байх вэ? -Өнөөдөр нутгийн төв болон зүүн хагас, 13-нд баруун болон төвийн нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орно. Салхи маргааш болон нөгөөдөр ихэнх нутгаар, 14-нд говь талын нутгаар секундэд 18-20 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурна. Нөгөөдөр нутгийн баруун хагаст сэрүүснэ. 12-нд ихэнх нутгаар, 14-нд баруун зүгийн нутгаар дулаахан байна.

 

-Ойрын өдрүүдэд цаг агаарын байдал тогтворгүй байх нь. Ер нь энэ сарын ерөнхий төлөв ямар байна вэ?

 

-Хаврын саруудад Монго-лын нутгаар салхи шуурганы давтамж өндөртэй, өдөр шөнийн температурын хэл-бэлзэл их байдаг. Энэ сарын хувьд цаг агаар маш их хэлбэлзэлтэй байх бөгөөд хэд хэдэн удаагийн хүчтэй салхи, шуургатай байна. Өчигдрөөс хойд зүгийн нутгаар бороо, хур тунадас, нойтон цас холилдон орлоо. Цаашлаад ихэнх нутгаар сэрүүсч, хүчтэй салхилж, шороогоор шуурна. Завсар хооронд нь цаг агаар нэг, хоёр хоногоор тогтуун байна. Тухайлбал, 12-нд тогтуун, 14-16-нд нутгийн баруун хагаст өдөртөө дулаарч, салхи шуурга бага байна. Энэ сарын 20-ноос цаг агаар дахин тогтворгүй болох төлөвтэй байна.

 

-Газар тариалангийн үе эхэллээ. Тариалангийн бүс нутгаар цаг агаар ямар байх бол?

 

-Газар тариалангийн бүс нутагт ялангуяа Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутгийн хойд хэсгээр чийг харьцангүй сайн байгаа. Учир нь, дөрөвдүгээр сард хур тунадас, цас ахиу орсон. Бас энэ сарын эхээр бороо, нойтон цас холилдон орж байна. Харин тариалалт хийс нээс хойш бороо, нойтон цас орж болзошгүй.

 

-Энэ зун халууны хэм олон жилийн дунджаас ямар байх вэ?

 

-Тав, зургадугаар сарын урьдчилсан төлөв гарсан. Энэ сарын төлөвийг өмнөх жилүүдтэй харьцуулахад халалт хэвийн байна. Тунадас хойд зүгийн нутгаар дундаж хэмжээнээс ахиу, урд бүс нутгаар багавтар орно. Харин зургадугаар сард Монголын баруун, төв, говийн бүс нутгаар уур амьсгалын дунджаас бага зэрэг дулаарна.

 

М.Энхцэцэг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)