Баяр наадмын үеэр аадар бороо орж, сэрүүснэ

 

        Цаг уур, орчны шинжилгээний газраас үндэсний их баяр наадам болон АСЕМийн үеэр цаг агаар ямар байх талаар танилцууллаа. Ирэх долоо хоногт Үндэсний их баяр наадам болох ба энэ үеэр ихэнх нутгаар хэт халж, бүгчим халуун өдрүүд үргэлжлэх аж. Баяр наадмын үеэр дуу цахилгаантай аадар бороо орох ба борооны дараа аянга, цахилгаан буух, уруйн үер зэрэг аюулт үзэгдэл болж болзошгүйг цаг уурын байгууллагаас сэрэмжлүүллээ. Энэ сарын 2-ноос баруун аймгуудын нутгаар 30 хэм давж халж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд нийт нутгаар 25-40 хэм, газар тариалангийн бүс нутаг буюу Сэлэнгэ, Булган, Төв, Хэнтий, Дорнод аймгийн нутгаар 32-39 хэм хүрч халжээ. Цаашдаа энэ үзэгдэл говь талын нутгаар үргэлжилж хурайшилт нэмэгдэх төлөвтэй байгаа аж. Тиймээс их халсан газрын гадарга дээр хурьцангуй хүйтэн агаар орж ирэхэд усархаг аадар бороо, мөндөр, аянга, нөөлөг салхи ажиглагдах нөхцөл бүрддэг тул үер усны аюулаас сэрэмжлэхийг цаг уурын байгууллагаас анхаарууллаа. Цаг уур, орчны шинжилгээний газраас Д.ЦогтОчир “Бидний хүсч байсан зун болж байна. Учир нь, өнгөрсөн жилүүдэд их халж байсан. Ургац алдсан. Тиймээс энэ жил эртнээс ажлаа төлөвлөж, цаг агаарт зориудаар нөлөөлөх ажлыг эрт эхлүүлсэн. Үүний үр дүнд нийт нутгийн 90 хувьд зуншлагатай байна. Харин Хэнтий аймгийн зүүн хойд, Дорнод аймгийн хойд хэсгээр бороо хур бага орсон тул хур тунадас нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна” гэв.

 

АСЕМ-ИЙН ҮЕЭР БОРОО ОРНО

 

Өнөөдөр баруун аймгийн нутгийн зүүн, маргааш нутгийн баруун болон төвийн нутгаар энэ сарын 10-нд зүүн аймгийн нутгаар агаарын температур 10-15 хэмээр сэрүүсч, дуу цахилгаантай усархаг аадар бороо орно. Баяр наадмаар буюу энэ сарын 11, 12, 13-нд Улаанбаатар хотод түр зуурын бороо орж, салхи баруун хойноос секундэд 5-10 метр, 10-нд секундэд 12-14 метр хүрч түр зуур ширүүснэ. Мөн энэ өдрүүдэд өмнөх өдрүүдээс сэрүүсч өдөртөө 20-25, шөнөдөө 12-17 хэм дулаан байна. АСЕМ-ийн үеэр буюу энэ сарын 14, 15-нд бороотой байна.

 

ХОВД ГОЛ ҮЕРИЙН АЮУЛТАЙ ТӨВШИНД ХҮРЧЭЭ

 

Энэ сарын 7-ны байдлаар Алтай нуруунаас эх авах Ховд гол Мянгад сум орчмоор үерийн аюултай түвшинг 40 см даван үерлэж байна. Түүнчлэн Алтай нуруунаас эх авах Буянт гол Ховд хот орчмоор, Хангай нурууны Завхан гол Тайшир сум, Байдраг гол Баянбүрд орчимд үерийн түвшинг 15-30 см тус тус давж үерлэсэн талаар Ус цаг уур орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Ус судлалын секторын дарга Г.Даваа мэдээллээ. Тэрбээр “Бид үерийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдээг тухайн аймгийн иргэдэд хүргэсэн. Наадмын өдрүүдэд хур бороо их орох төлөвтэй байгаа тул үерийн түвшинд хүрсэн Завхан гол, Буянт гол, үерийн аюултай түвшинд хүрсэн Ховд голын сав газарт байгаа иргэдийг үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулах шаардлагатай байна. Мөн түр зуур орох аадар борооноос болж гол мөрөн үерлэж болзошгүй. Иймд голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид тариаланчид, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Наадмын өдрүүдэд шаардлагатай үед нь үерийн аюулаас сэрэмжлүүлэх, анхааруулах мэдээг сайтаараа болон хэвлэл мэдээллээр дамжуулан бид хүргэх болно” гэв.

 

ОН ГАРСААР 39 ХҮН УСАНД ОСОЛДОЖ, АМИА АЛДЖЭЭ

 

Үндэсний их баяр наадмын үеэр хэт халуун бүгчим өдрүүд үргэлжлэх төлөвтэй байгаа тул Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлэг мэдээлэл хийлээ. Баяр, наадмын үеэр олон хоногийн амралт үргэлжилнэ. Тиймээс иргэд гол ус бараадах, халуунд сэрүүцэх зорилгоор голын эрэг дагуу амарч, зугаалах нь нэмэгддэг. Иргэд санамсар болгоомжгүйгээс гол усанд осолдож, амь насаа алдах эрсдэлтэй байгаа тул ОБЕГ-аас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Он гарсаар бага насны хүүхэд, өндөр настан, залуучууд голд осолдож амь насаа алдсан тохиолдол 32 удаа гарч 39 хүн /хүүхэд 13/ амь насаа алджээ. Хамгийн сүүлд энэ сарын 6-нд нийслэлийн Баянзүрх дүүрэг, Архангай, Завхан аймагт иргэдийн санамсар болгоомжгүйн улмаас гурван хүн голд осолдож амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Иймд амралт, аялал зугаалгаар хөдөө, орон нутгийг зорих бол цаг агаарын болон зам, давааны нөхцөл байдлын мэдээллийг тогтмол авах шаардлагатай бөгөөд Орхон, Ерөө, Тэрхийн гол үертэй байгаа тул орон нутгийн замд зорчихдоо баталгаат зам, гүүрээр гарахыг зөвлөв.

 

ОН ГАРСААР ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРИЙН 99 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭЭД БАЙНА

 

Улсын хэмжээнд энэ оны эхний долоон сарын байдлаар нийт 13 аймгийн 51 суманд 99 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч, урьдчилсан байдлаар 535.036 га талбай түймэрт өртжээ. Түймэрт гурван хүн нас барж, дөрвөн хүн түлэгдэж, 19 айлын гэр, арван хашаа саравч шатаж, 160 мал, нэг автомашин, 120 ширхэг хилийн шон шатсан байна. Түүнчлэн ойрын үед хэт халалт үргэлжилж байгаагийн улмаас ой хээрийн түймрийн гаралт нэмэгдэх төлөвтэй байгааг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, онцгой байдлын хурандаа С.Залуухүү мэдээлэв. Тэрбээр “Энэ сарын 7-ны байдлаар Дорнод, Сүхбаатар аймгийн нутагт найман түймэртэй байгаа. Эдгээрээс Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан түймрийг цурманд оруулаад байна” гэв.

 

М.Энхцэцэг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Сэрвэн. (202.9.40.44)

    2016-07-09

    Наадам өндөрлөж,намар айсуу.Амьдрал үргэлжлэнэ Сайн үйлс дэлгэрч,төр засаг тогтворжоосой.