Б.Чойжилсүрэн: ОУВС-гийн техникийн баг “СТЭНД БАЙ” хөтөлбөрт хамрагдах эсэхийг шийднэ

 

        Манай улсын эдийн засаг хямралын байдалтай байгаа учраас ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах эсэх талаар сүүлийн үед албаныхан эрчимтэй судалгаа явуулж байгаа. Энэ асуудлаар санал солилцохоор Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нар АНУ-ыг зориод ирсэн юм. “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах эсэх талаар ямар яриа хэлэлцээр өрнөсөн тухай Сангийн сайд Б.ЧОЙЖИЛСҮРЭНТЭЙ ярилцлаа.

 

-Та Монголбанкны ерөнхийлөгчийн хамтаар АНУ-ыг зориод ирлээ. ОУВС-гийнхантай хийсэн уулзалтынхаа талаар мэдээлэл өгнө үү?

 

-Монгол Улс ОУВС-тай хөтөлбөр хэрэгжүүлэх талаар урьдчилсан хэлэлцээр хийж байна. Үүний хүрээнд энэ сарын 20-нд ОУВС-гийн ажлын хэсэг манай улсад ирж ажиллана. Сангийн яам, Монголбанк, холбогдох бусад санхүүгийн байгууллага дээр ирж ажиллаад, түүний дараа дүгнэлтээ танилцуулах байх. Үүний дараа л шийдвэр тодорхой болно.

 

-Манай улсын зүгээс бол “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах эсэх талаар саналаа нэгтгэсэн гэж ойлгож байгаа. Харин ОУВС-гаас ямар нөхцөл тавьсан бэ?

 

-Засгийн газраас ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдана гэсэн эцсийн шийдвэр гаргаагүй байна. Хэлэлцээр явж байгаа. Техникийн баг ирж, үнэлгээ өгнө. Түүний дараа ямар нөхцөлтэй, хэдийд яаж авах вэ гэдэг тодорхой болно. Тиймээс энэ талаар одоо хэлэх эрт байна.

 

-Олон шалгуур бий. Аль шалгуурт нь Монгол Улс хамрагдах боломжтой вэ?

 

-Бидний хувьд эхлээд ОУВС-д саналаа тавьсан. Тэдний зүгээс Монгол олон төсөвтэй байсан, ажлын хэсэг эхлээд ажиллаг, түүний дараа дүгнэлтээ гаргая гэсэн байр суурьтай байгаа.

 

-Төсвийн алдагдлыг хэдэн хувьд барих ёстой гэх мэт тодорхой шаардлага тавьж байгаа юу?

 

-Ийм нарийн зүйл ярих хэмжээнд очоогүй байна. Мэдээж хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бол тодорхой шаардлага тавьж таарна.

 

-ОУВС-гийн зүгээс хэрвээ манай улсад “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжгүй гэж үзвэл өөр хаанаас, ямар эх үүсвэрээс мөнгө босгох вэ?

 

-Энэ талаар холбогдох хэлэлцээ үргэлжилж байна. Эцсийн шийдвэр гараагүй. Ямар ч байсан Засгийн газрын зүгээс эдийн засгийн хямралыг даван туулах төлөвлөгөөг хуралдаанаар оруулж, эцэслэн баталсан. Одоо ҮАБЗ-д танилцуулсны дараа УИХ-д оруулж хэлэлцүүлэхээр байгаа.

 

-Ирэх онд манай улс гаднаас авсан зээл, бондынхоо үндсэн төлбөрийг төлж эхлэхээр байгаа. Гэтэл бондыг бонд босгож төлөхөөс аргагүй гээд байгаа. Энэ байр суурь хэвээрээ юу, өөр гарц бий юү?

 

-Дахиж бонд гаргаж санхүүжүүлэхээс өөр аргагүй. Шууд гаргаад өгөх хэмжээний эх үүсвэр бидэнд байхгүй шүү дээ. Ямартай ч өнөөдрийн байдлаар холбогдох санхүүгийн байгууллага, гаднын улс орнуудтай ярилцаж байна. Арилжааны нөхцөлтэй зээлүүд Монгол Улсыг өрийн дарамтад оруулж байгаа учраас магадгүй хөгжлийн зээлүүдийг бусад эх үүсвэрээс хайхаас аргагүй болж байгаа.

 

-Ерөнхий сайд Япон улсыг зорино. Энэ үеэр ямар нэг зээлийн асуудал яригдах уу?

 

-Японтой олон талын асуудлаар хэлэлцээ хийнэ. Энэ талаар Ерөнхий сайд өөрөө мэдээлэл хийсэн нь дээр байх. Мэдээж хамтарсан төслүүдийг хэрэгжүүлье, санхүүгийн хүндрэлтэй үед Монгол Улсад хөнгөлөлттэй зээл олгооч гэдэг асуудал яригдаж таарах байх. Ер нь экспортын зээл гэж өмнөх Засгийн газрын үед хэрэгжүүлээд эхэлчихсэн 80 гаруй төсөл бий. Үүний нэг хэсэг болох жижиг экспортын зээлийг дэмжих тухай хэлэлцээрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ.

 

-БНХАУ-аас хоёр, гурван төрлийн зээл авна гэсэн мэдээлэл байна. Тухайлбал, дөрвөн тэрбум ам.долларын зээл авч ипотекийн зээлийг санхүүжүүлнэ гэх юм. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

 

-Эцсийн шийдвэр гараагүй байна. ҮАБЗ-д хямралыг даван туулах төлөвлөгөөг хэлэлцүүлж, зөвлөмж гаргасны дараа энэ талаарх мэдээллийг олон нийтэд өгнө. Одоо ямар ч асуудал шийдэгдээгүй байгаа учраас урьдчилж ярих боломжгүй байна.

 

-Ипотекийн зээлийг ямар эх үүсвэрээр санхүүжүүлэхээр байгаа вэ. Үргэлжлүүлнэ л гээд байгаа болохоос санхүүжилт нь тодорхойгүй байгаа шүү дээ?

 

-Засгийн газар ипотекийн зээлийг үргэлжлүүлэх шийдвэр гаргасан. Монголбанк үүнийг баталгаажуулаад ипотекийн зээлийг үргэлжлүүлэхээр болсон. Ипотекийн зээлийн санхүүжилтийг он дуустал Монголбанк хариуцаад явж байгаа. Оны дараагаас Засгийн газар, Монголбанк хамтраад дараагийн санхүүжилтийн эх үүсвэрийг олох шаардлага бий.

 

-Ипотекийн зээлд зориулаад юанийн своп хийх гэж байгаа гэсэн үнэн үү?

 

-Юанийн своп хийж байгаа. Яг ипотекийн зээлд зориулж юанийн споп хийнэ гэж байхгүй.

 

-Монголбанк эх үүсвэр олохын тулд дахин мөнгө хэвлэнэ гэсэн мэдээлэл байна. Хэчнээн хэмжээний мөнгө хэвлэхээр байгаа бол?

 

-Би Монголбанкны өмнөөс мэдээлэл өгөх боломжгүй. Хоёрдугаарт өмнө нь гаргачихсан ипотекийн зээлүүдийн эргэн төлөлт гэж байгаа. Үүгээрээ тодорхой хэмжээнд санхүүжүүлэх боломж байгаа. Мөнгө хэвлэхгүйгээр шүү дээ.

 

-Гаднын банк оруулж ирэх талаар ойрын өдрүүдэд их ярьж байна. Гэтэл нөгөө талдаа энэ нь эргээд үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө гэх хүн ч байна. Та энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

 

-Одоохондоо энэ талаар Засгийн газрын байр суурь бүрэн гараагүй байна.

 

-Чуулганы завсарлагааны хугацаанд 2017 оны төсвийн төслийн талаар иргэдийн саналыг сонсоно гэж байна. Нэгдүгээр хэлэлцүүлгийг нь хийчихсэн төсөв иргэдэд таалагдахгүй бол буцаана гэсэн үг үү?

 

-Энэ бол УИХ-ын бүрэн эрхийн асуудал.

 

-Ирэх онд том төслүүдээ хөдөлгөнө гэж байгаа. Та тодорхой хугацаа хэлэх боломжтой юу. Энд тэндээс зээл тусламж хүсэхээс урьтаж хийх ёстой ажил юм биш үү?

 

-Том төслүүдээ хөдөлгөхөөс өөр аргагүй. Тухайлбал, 2017 оны төсвийн төсөлд “Тавантолгой”, “Гацуурт” төслийг хөдөлгөж, “Оюутолгой” төслийг эрчимжүүлнэ гэж тусгасан. Манай улсад улирлын онцлогоос шалтгаалж ажил өрнөдөг шүү дээ. Тиймээс өвлийн улиралд бэлтгэл ажил хийгдэнэ гэсэн үг. Ингээд ирэх хавраас ажлаа эхлүүлнэ гэж тооцож байна.

 

-“Оюутолгой”-н гэрээнд өөрчлөлт оруулж, татваруудаа өөрсдөдөө төвлөрүүлбэл зээл авахгүйгээр эдийн засгийн хүндрэлээс гарч чадна гэж зарим улстөрч ярьж байсан. Ийм боломж бий юү?

 

-2009 оны Оюутолгойн гэрээ сайн болж чадаагүй нь үнэн. Олон нийт ч шүүмжилдэг. Харин тухайн үеийн Засгийн газрын байгуулсан гэрээнд залгамж чанараараа өөрчлөлт оруулах талаар хөндвөл хүндрэл бэрхшээл үүсч мэднэ.

 

-“Оюутолгой”-н хоёр дахь бүтээн байгуулалтаар хэчнээн хэмжээний хөрөнгө оруулалт татах тооцоолол хийсэн бэ?

 

-Нийтдээ зургаан тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ гэж тооцож байгаа. 2017 оноос эхний хөрөнгө оруулалт жилдээ дунджаар нэг тэрбум төгрөг байна гэж харж байгаа.

 

-Тэгвэл “Тавантолгой”-д гадаадын хөрөнгө оруулагчдыг оруулж ирэх үү?

 

-Дотоод, гадаадын консорциум байгуулна. Гадаад зах зээлд борлуулах чадвартай, сүлжээтэй консорциумыг оруулж ирэх нь зүйтэй гэж үзэж байгаа.

 

М.Өнөржаргал

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • irgen (89.217.200.133)

    2016-10-12

    Olon ulsiin shahaltand oroh geed guigeed baihiin orond duugai naad omnoo tulgarsan ajluudaa hiigeechee,,,Tertee tergui ta nar ard tymniig demjij baigaa bish, yaj iigeed dotood nooz bololzoogoo ashiglaj, idej uugaad bailgui aajmaar ediin zasgaa bosgoh ajlaa hiimeer um daa…!!!!!!!!!!!!!!!!!!!