Сарын сүүлчээр уулархаг нутгаар цочир хүйтэрнэ
- 2017-08-24
- Цаг агаар
- 0

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн цаг уурч Б.ДААРИЙМААГААС дараах зүйлсийг тодрууллаа.
-Ойрын өдрүүдэд үргэлжилсэн бороо орж байна. Цаашдаа нийт нутгаар цаг агаар ямар байх төлөвтэй байна вэ?
-Энэ сарын 24-27-ныг хүртэл төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Салхины хурд секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 25, 26-ны өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарах төлөвтэй байна. Харин 27-нд төв болон зүүн зүгийн хойд хэсгээр 28-нд зүүн аймгуудын нутаг төвийн бүсийн зүүн хэсгээр сэрүүснэ. Сарын сүүлчээр Хангай Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар сэрүүсч, цочир хүйтэрнэ. Өдөртөө 0-13 хэм говийн бүс нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм өдөртөө 11-18 хэм дулаан байх төлөвтэй байна.
-Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд цас орсон гэсэн. Цаашдаа цас орох уу?
-Уржигдар өглөө 08.00 цагаас Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд 11.00 цаг хүртэл нойтон цас орж байна гэсэн мэдээлэл ирсэн. 0-1 хэм дулаантай байх үед нойтон цас ажиглагдсан. Гэхдээ 11.00 цагаас бороо орж эхэлсэн гэсэн мэдээлэл ирсэн. Ихэнх нутгаар цаг агаар сэрүүссэн байгаа учраас цас орсон нь бороотой холбоотой. 25, 26-нд уулархаг нутгаар нойтон цас ажиглагдаж байна. Бусад нутгаар цас орох төлөв ажиглагдаагүй. Ойрын өдрүүдэд цас орж, хүйтрэх нөхцөл бүрдээгүй байна.
Д.Мөнх

Сэтгэгдэл (0)