Д.Болд-Эрдэнэ: Манайд улс төрийн хариуцлага, соёл боловсрол, ёс зүй илт үгүйлэгдэж байна
- 2017-10-02
- Улс төр
- 2

ШУА-ийн Философийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Д.БОЛД-ЭРДЭНЭТЭЙ ярилцлаа.
-Сүүлийн үед улс төрийн амьдралын халуун өдрүүд үргэлжилж байна. МАН засгийн эрх барьж байгаа үедээ анх удаа Засгийн газраа огцрууллаа. Энэ тухайд та ямар бодол дүгнэлттэй байна вэ?
-Засгийн газраа огцруулж, дахин эмхлэн байгуулах нь ардчилсан улс оронд байдаг л үзэгдэл. Гэхдээ Монгол шиг ардчилсан үйл явц хараахан төлөвшиж амжаагүй, улс төрийн намууд нь тогтвор суурьшилгүй ийм улс оронд Засгийн газар ойр ойрхон солигдоод байх нь тийм ч таатай явдал биш. Болж буй энэ үйл явцаас бид тодорхой сургамж авах нь чухал юм болов уу гэж бодож байна. Улс төрийн амьдрал тогтворгүй байгаа нь намуудын төлөвшил, дотоод ардчилал, улстөрчдийн болон олон нийтийн улс төрийн соёл, сэтгэлгээ зэрэгтэй холбоотой. Ерөнхийдөө Засгийн газар тогтвортой, хангалттай эрх мэдэлтэй, хүчтэй удирдагчтай, хариуцлагатай байх ёстой юм. Манай улсад төрийн суурь бодлого, залгамж чанар үнэхээр үгүйлэгдэж байна. Хэдийгээр энэ нь цаасан дээр бичигдсэн байх боловч засгийн эрх барьсан нам нь өөрийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэрийн дор хэт явцуу эрх ашиг нь давамгайлаад байх шиг харагддаг. Энэ бол маш буруу жишиг. Уг нь төрийн нэгдмэл бодлогыг аль ч нам гарч ирсэн үргэлжлүүлээд явдаг, үндсэн суурь нь эвдэгддэггүй л баймаар байгаа юм. Ингэж гэмээнэ эдийн засаг, ард түмний язгуур эрх ашигт нийцэж байх учиртай. Японд гэхэд нэг салбарын сайд ч юмуу Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч өөрчлөгдсөн ч ард түмэн тайван амгалан, төр, засгийн бодлого нь тогтвортой үргэлжлээд л явж байдаг. Манайд ч гэсэн ийм зөв жишиг тогтоомоор байгаа юм.
-Монгол Улсад хариуцлагын тогтолцоо алдагдчихсан юм биш үү. Бас Ерөнхий сайд өөрийн танхимыг байгуулахдаа бусдаас хараат бус байх зарчим дутагдаад байна уу гэж харагдах юм. Та энэ талаар ямар үзэл бодолтой байдаг вэ?
-Улс орны хөгжил, хувь заяаг шийдэх гүйцэтгэх засаглалын тэргүүн хүчтэй байж, өөрийн багийг бүрдүүлэх эрх мэдэлтэй байх ёстой. Тэр хэрээр хариуцлага тооцох механизм нь тодорхой байх нь чухал. Дэлхий нийтийн жишгээр бол Засгийн газар, Ерөнхий сайд болон салбарын сайдын асуулга гээд янз бүрийн арга хэлбэр байдаг. Энэ бүхэн харамсалтай нь, манайд хэрэгждэггүй. Яг үнэндээ УИХ нь Засгийн газрыг хянаж чадахаа больсон. Тийм ч учраас танхимын гишүүн, салбарын сайд нар нь концессын ч юмуу ямар нэг хууль бус зүйлд холбогдоод байгаа хэрэг. Одоо Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна, Засгийн газарт эрх мэдэл олгоё гэж яриад байна. Миний бодлоор Ерөнхий сайдыг парламентаас сонгодог, бусад сайдыг гаднаас томилдог болмоор санагддаг. Өөрөөр хэлбэл, “дан дээлтэй” байлгамаар. Тэгээд өөрийн танхимыг бүрдүүлэх, хариуцлагаа үүрэх эрхийг Ерөнхий сайдад олгох нь чухал шиг бодогддог.
-Сүүлийн үед засаг солигдонгуут төрийн албыг бужигнуулдаг, тэнд ажиллагсад нэг л айдас хүйдэстэй байдаг болж. Бусад улс оронд төрийн алба нь өндөр шалгууртай, түүнийг давсан хүн тогтвор суурьшилтай ажилладаг шиг байгаа юм. Манайд ийм л жишиг дутагдаад байна уу даа гэж боддог. Та ямар бодолтой байна вэ?
-Харж байхад ер нь тийм л байна. Энэ нь төрийн ажилд, цаашлаад ард олон, улс орны эрх ашигт ч хохиролтой. Мэргэжлийн Засгийн газар гээд л гарч ирсэн. Үнэндээ салбарын сайд нь тэр чиглэлийн хүн байх эсэх нь гол биш. Түүний дор ажиллаж байгаа төрийн дээд, дунд, анхан шатны ажилтнууд нь мэргэжлийн байж, ажил үүргээ сайтар биелүүлдэг байх нь чухал. Ийм байж гэмээнэ жинхэнэ мэргэжлийн Засгийн газар үүрэг хариуцлагаа ухамсарлаж, салбараа өөд нь татаж авч явах учиртай юм. Одоо Ерөнхий сайд болох У.Хүрэлсүхийг танхимаа бүрдүүлэхдээ улс төрийн өнцгөөс хол байж, салбараа сайн мэддэг, мэдлэг чадвар, боловсрол туршлагаараа олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн байх тийм шалгуурыг нэн түрүүнд чухалчлаасай гэж бодож байна. Тухайн салбарыг мэргэжлийн гүйцэтгэх ажилтнууд, сайн менежер сайд л авч явдаг юм билээ.
-Одоо үүрэг гүйцэтгэгч сайд нартай Ж.Эрдэнэбатын Засгийн газарт ийм сайд хэр олон байгаа бол?
-Миний бодлоор ХХААХҮ- ийн сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэн, БСШУС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар нарыг тун сайн менежер гэж харж байгаа. Г.Чулуунбаатарын хувьд ажлаа аваад удаагүй, хэн болохоо таниулж амжаагүй боловч шинжлэх ухаан, боловсролын салбарын бүхий л үе шатанд ажиллаж байсан, онол практикийг хослуулсан хүн гэж үнэлж байна. Дээр нь “дан дээлтэй” гээд шалгуурт тэнцэх үндэслэл цөөнгүй байгаа юм.
-Улс төр судлаачийн хувьд та Ж.Эрдэнэбатын Засгийн газар хэр ажилласан гэж дүгнэж байгаа вэ. Огцруулах үндэслэлийг хэр бодитой гэж харж байна вэ?
-Улс орны эдийн засаг маш хүнд үед Ж.Эрдэнэбатын Засгийн газар ажиллаж эхэлсэн. Чадах ядахаараа юм хийж, хасах байсан эдийн засгийг 5.3 хувийн өсөлттэй болгосон нь энэ Засгийн газрын гавьяа мөн. Гэхдээ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хамтын удирдлагын зарчмыг барьж чадаагүй. Салбарын сайд болгон нь өөрийн тоглолтыг хийж, Шадар сайдтайгаа хэл амаа ололцож чадаагүй гээд удирдлагын арга барил дутсан. Нөгөө талаар том, цөөн хэдэн олигарх компанийн эрх ашгийг эн тэргүүнд тавьснаар элдэв шуугиан ярианд орооцолдож, ард түмний итгэлийг алдсан зэрэг доголдол дутагдал гаргажээ. Мөн эргэж буцсан шийдвэр гаргаж байсан зэрэг нь нөлөөлсөн гэж бодож байна.
-Түүнээс гадна улс төрийн элдэв бүлэглэл, нас үеэр талцах байдал нь Засгийн газрыг татаж унагахад тодорхой үүрэг гүйцэтгэв үү дээ гэж харж байна. Та энэ талаар ямар үзэл бодолтой байна вэ. Засгийн газрыг огцруулах санал санаачлагыг Х.Нямбаатар, Д.Оюун- Эрдэнэ зэрэг УИХ-ын залуу гишүүд санаачилж, идэвхтэй ажилласнаас ийм бодол төрөөд байгаа юм л даа?
-Тантай санал нэг байна. Нам доторх хүчний харьцаа, бүлэглэлийн эрх ашгийн зөрчилдөөн ийм байдалд хүргэснийг үгүйсгэх аргагүй. АН бол дотоод ардчилал сайтай учраас тийм фракц, жигүүрт тэр энэ байдаг гээд ил тод зарладаг. Гэтэл МАН гадаад талдаа эв нэгдэлтэй, бат цул гэж хэлдэг боловч үнэндээ дотоодын фракц, бүлэглэлийн зөрчилдөөн ил гарч эхэлсэн нь Засгийн газраа огцруулахад хүргэсэн гэж бодож байна. Ер нь МАН-ын удирдлага намын шинэчлэлт гэж олон жил ярьж байгаа боловч бодит байдал дээр өөрчлөлт шинэчлэл хийж чадахгүй байна. Уг нь намын суурь, хэсэгчилэн, реформ гээд шинэчлэлийн олон арга механизм байдаг. Энэ бүхнийг ашиглаж чадахгүй байгаа нь улстөрчдийн хүсэл зориг, сонирхолтой л холбоотой. Намын тухай, төрийн албаны тухай, парламентын гишүүдийн ёс зүйн хариуцлагын тухай гээд олон хуулийн төсөл хэлцэгдэхгүй өдий хүрсэн нь үүний нотолгоо гэж хэлж болно.
-Энэ бүхнээс үүдээд улс төрийн намын тухайд та ямар үнэлэлт дүгнэлт өгөхөөр байна вэ. Зөвхөн МАН биш Монголын улс төрийн хүчнүүдийн тухайд шүү дээ?
-Засгийн эрхийг ээлжлэн барьж байгаа МАН, АН-ын тухайд олигархижсан гэдэгтэй би санал нэг байдаг. Тиймээс төрийн албыг чадварлаг, боловсролтой боловсон хүчнээр бэхжүүлэх, тэднийг тогтвор суурьшилтай ажиллуулах шаардлагатай байна. Аливаа намын шалгуураар албан тушаалд томилдог явдлыг зогсоох хэрэгтэй. Нөгөө талаар улс төрийн намууд үзэл бодол, зохион байгуулалт, санхүүгийн талаар бат суурьтай, төлөвшилтэй, ил тод болох шаардлагатай байна. Сонгуулийн кампанит ажлын үеэр хэдий хэрийн санхүүжилт авч, хэрхэн яаж зарцуулснаа тайлагнадаг нам нэг ч алга. Миний бодоход намуудыг парламентад авсан суудлынх нь хэмжээгээр төрөөс санхүүжүүлдэг болмоор байгаа юм. Төрийн санхүүжилт авсан нам хариуцлагатай болдог олон улсын жишиг, туршлага байна. Тухайн нам мөрийн хөтөлбөр, бодлогоо хэрэгжүүлж чадахгүй бол эргээд хариуцлага тооцдог механизм нь тодорхой байдаг. Төрөөс олгодог санхүүжилтийг зогсоох, сонгуульд оролцох эрхийг нь хязгаарлах гэх мэтчилэн. Бас гишүүнчлэлийн асуудал яригдаж байна. Заавал хатуу гишүүнчлэлтэй байх юм уу эсвэл Америк маягийн нам байх уу гээд олон хувилбар байж болох. Гагцхүү Монголд аль нь илүү зүй зохистойг олж харах шаардлага байгаа юм. Гол нь хариуцлага тооцох механизм нь ил тод, хатуу чанд л байх учиртай.
-Цаашдаа төр, засгийг тогтвортой байлгах, хариуцлагатай болгохын тулд яах ёстой юм бэ. Өнөөдөр өрнөж буй үйл явдлаас бид ямар сургамж авах, юуг санаж сэтгэх ёстой юм бол?
-Төрийн үйл ажиллагаа гурван зүйл дээр тогтдог юм. Нэгдүгээрт, эрх ашиг. Улс төрд тодорхой хүн, нам, эвсэл байгаа юм чинь тэдний эрх ашиг байх нь мэдээж. Хоёрдугаарт, эрх мэдэл гэж бий. Тэр нь хангалттай боловч бас өөрийн хэм хэмжээтэй байх учиртай. Гуравдугаарт, ажил хэрэгч чанар. Эртний Грекийн агуу сэтгэгч Аристотель “Улс төр гэдэг нь төр, улсын ажил хэрэг юм” гэж хэлсэн байдаг. Өнөөдөр манайд энэ гурван хэмжүүрийн эхний хоёр нь хангалттай байна. Харин хамгийн чухал буюу ажил хэрэг байхгүй болчихсон, аливаа ажлын үр дүн нь харагдахгүй, хариуцлага тооцож байгаа юм алга. Тиймээс энэ ажил хэрэгч чанарыг л дээшлүүлмээр байна. Ард түмний амьдралд нөлөөлөхүйц, улс орны эдийн засаг, санхүүг өөд нь татахуйц тийм ажил хэрэг, тийм үр дүн л чухал болжээ. Дараагийн нэг асуудал нь эргэх хариуцлага гэж юм байна. Энэ бол төрийн ажлын бүх төвшинд байх ёстой зүйл. Өнөөдөр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн эхний жагсаалтад УИХ-ын гишүүнтэй хариуцлага тооцох, эргүүлэн татах асуудал багтаж байна. Олон нийтийн санал бодол ч үүнд чиглэсэн байгаа. Хариуцлагагүй улс төр хариуцлагагүй хүмүүсээс гарч, улс орны нийгэм, эдийн засагт сөргөөр нөлөөлж, эцэст нь ард түмний эрх ашгийг хохироож байдаг. Нөгөө нэг асуудал нь улс төрийн соёл, ёс зүй гэж байна. Сонгогч олон өөрийн сонгосон улстөрчөө худлаа хэлдэггүй, амласан ярьснаа биелүүлдэг байгаасай гэж хүсдэг. Гэтэл манай улстөрчид энэ хэм хэмжээнд хүрч, сонгогч олныхоо итгэл сэтгэлийг дааж чадахгүй талдаа л байгаад байна. Бас манай ард түмэн, сонгогчид улс төрийн мэдлэг, боловсролтой баймаар, хэн нь бодит байдалд нийцсэн үнэн юм ярьж, хэн нь үл гүйцэлдэх худал амлалт өгч байгааг үнэлж цэгнэж, дүгнэж чаддаг болмоор байгаа юм. “Ямар ард түмэн байна, тийм л төр байдаг” гэж нэг айхавтар үг байдаг. Тиймээс улс төрийн наад захын ойлголт, боловсролтой болох хэрэгтэй байгаа юм. Өөрсдөө сонгож гаргачихаад тун удалгүй хойноос нь харааж зүхээд “76 тэнэг, галзуу, ямаа, тэмээ” гээд байхгүйн тулд тийм боловсрол зайлшгүй чухал болж байна. Эцэст нь, өнөөдрийн улс төрийг зөв голдиролоор нь явуулъя гэвэл төрийн алба тогтвортой, улстөрчид, улс төрийн нам нь төлөвшилтэй, ёс зүй, хариуцлагатай байх шаардлагатай байгаа юм. Ийм л байж чадвал улс орон хөгжинө, ард иргэдийн амьдрал дээшилж сайжирна гэсэн өөдрөг бодолтой явна даа.
Д.МӨНХЖАРГАЛ

Сэтгэгдэл (2)
(127.0.0.1)
мундаг хүн шүү ! олон шавь нартай мэдлэгээ түгээсэндээ !
Улс тор судлаач. (66.181.179.142)
У.Хурэлсух нь Шадар сайдын ажлыг хийж, Засгийн газрын танхимын нэг гишуун нь болж "Хариуцлагыг хамтран хулээж байснаа" гэв гэнэтхэн "Бидны ажил болохгуй байна" гээд багийнхаа тэргуунийг огцруулж, улмаар оорийнхоо засгийн газрыг огцруулж "СЭЛЭМ ТОГМОД шиг ШУДАРГА ЦАРИАЛЖ байснаа одоо ООРОО ЕРОНХИЙ САЙД БОЛОХ гээд байгаа нь хир зэрэг шударга явдал вэ? УХАА СОЛИОТОЙ ХУНД ЭРХ МЭДЭЛ ОГОХ НЬ АЮУЛТАЙ. Унэхээр ХУДАЛ, УНЭН хоер солигдож, МАН нь "Булэглэл"-ийн гарт орчихсон юм уу? ЖУРМЫН НОХОД ОО. ШУДАРГА БАЙЦГААЯ !!!!!!!