Н.Дорж: Засгийн газар, харьяа аям, агентлагуудыг нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүй

Монголын барилгын зураг, төсөл зохиогчдын холбооноос санаачлан “Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулж, тулгарч буй хүндрэлээс гарах арга замууд” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн үеэр МБЗТЗХ-ны ерөнхийлөгч, дулаан хангамжийн зөвлөх инженер Н.ДОРЖТОЙ ярилцлаа.

-Нийслэлийн хэмжээнд тулгамдаж буй олон асуудал байна. Тэдгээрийн нэг нь хот төлөвлөлт гэж ойлгодог. Энэ талаар та санал бодлоо хуваалцана уу?

-Бид хотын гол асуудал нь агаарын бохирдол гэж үзэж, олон жилийн турш ярьж, бас багагүй хэмжээний хөрөнгө зарцуулсан ч дорвитой ахиц гарсангүй. 2008-2016 оны хооронд агаарын бохирдлыг багасгахаар 147.3 тэрбум төгрөг, гадаадын хандивлагч болон олон улсын байгууллагууд 60 сая ам.долларын төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн байдаг. Үүнээс гадна хөрс, усны бохирдол дээд цэгтээ хүрч одоо нийслэлийн экологийн тэнцвэр алдагдаж, ачааллаа даахаа больж байна. Тиймээс уул даваад явчихсан гэр хороолол цаашлаад нийслэлийн засаг захиргаа, Засгийн газрыг шилжүүлэн байршуулахаас өөр зам алга.

-Нийслэлээ шилжүүлэн суурьшуулсан олон орны туршлага байдаг.Хамгийн гол нь, бидэнд төсөв мөнгө, санхүүгийн хүндрэл гэж том бэрхшээл гарах байх?

-Дэлхийн 50-иад улс орон нийслэл хотоо шилжүүлэх замаар төвлөрлийг сааруулсан байдаг. Ойрын жишээ гэвэл, Казахстаны Астана хот байна. Гэхдээ энэ нь манайд тохиромжтой хувилбар биш юм. Хамгийн сүүлд БНСУ нийслэл Сөүлээс 120 км зайтай Сежон / Sejong/ хот руу засаг захиргаагаа шилжүүлэн суурьшуулсан жишээ байна. Манайд ч гэсэн Засгийн газар улсын төсвийг захиран зарцуулах дээд байгууллагын хувьд улс төр, эдийн засгийн зоригтой томоохон шийдвэр гаргах шаардлагатай болжээ. Өнөөдөр ийм өөрчлөлтийг хийж байж л төвлөрлийг сааруулж, хүн ам, экологийн тэнцвэрт байдлыг хадгалж, агаарын бохирдлыг бууруулах боломжтой болно. Бид энэ хүрээнд л ярилцаж байна.

-Үүнийг дагуул хот, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд хэрэгжүүлэх боломж байна уу?

-УИХ-аас Ногоон хөгжлийн үзэл баримтлалаа баталчихсан. Ерөнхийлөгчийн санал болгож буй “Майдар хот” гээд эко төсөл байна. Үүнээс гадна Төв аймгийн Зуунмод, Хөшигийн хөндий, Налайх, Багануур дүүрэг зэрэг дагуул хот байх бололцоотой газар орон цөөнгүй. Аль нь илүү зохистойг бүх талаас судалж, тооцоолж үзэх нь чухал. Түүнээс биш аль нэг Засгийн газар, хэн нэг Ерөнхий сайд шийдчих асуудал биш. Олон нийт болон мэргэжлийн ТББ-уудыг ч сонсох хэрэгтэй гэдэг үүднээс дуу хоолойгоо хүргэх гэж энэ хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа юм.

-Та бүхний санал болгож буй хувилбар нь засаг захиргааны байгууллагыг сонгосон дагуул хотдоо төвлөрүүлэх гэж ойлгож байна. Зөв үү?

-Тийм. Засгийн газар түүний харьяа яам, агентлагуудыг нүүлгэн шилжүүлэхийг санал болгож байгаа юм. Э.Бат-Үүл хотын дарга байхдаа нийслэлд дэд төвүүд байгуулах талаар ярьж байсан. Гэхдээ ажил хэрэг болгож чадаагүй. Энэ их зөв санаа байлаа. “Оюутны хотхон” хөтөлбөрийг ярьж байна. Хамгийн гол нь үүнийг хэрэгжүүлэх хүсэл зориг байна уу, үгүй юу гэдэг асуудлыг тавина. Уг нь Засгийн газар шийдвэрээ гаргаад дэд бүтэц, барилга байшингаа зарж борлуулах, түрээслэх, гэрээгээр ашиглуулах замаар хөрөнгө босгох боломж байна.

-Таны хэлсэнчлэн үүнийг хийх хүсэл зориг байгаа эсэх нь эргэлзээтэй. Тухайлбал, АШУҮИС-ийнхан хотоос гарах санаачлага гаргасан ч тодорхой төвшинд очоод гацчихаад байна?

-Уг нь тун зөв санал санаачлага юм. Хотын өмнөх дарга нар нийслэлийн захиргааг хотын зах руу гаргах гэж оролдож, барилгын зураг төслөө ч хийлгэж байсан явдал бий. Бидний бага байхаас л “Улаанбаатар хот бол Монгол Улсын төр, засаг, нийгэм, боловсрол, соёл шинжлэх ухааны төв мөн” гэж сурталдаж байсан нь одоо ийм байдалд хүргэчихлээ. Үүнээс гарах арга замыг бодитоор хайж олж, зоригтой шийдвэр гаргана уу гэхээс биш хэдэн зуун мянган айлд хэмнэлттэй зуух, утаагүй түлш, дулаалгын материал өгснөөр үр дүн гарахгүй нь тодорхой болчихлоо. Үүнийг эргэж буцахгүй бодлогоор зохицуулахаас бус хаа дуртай газраа гэрээ барьж, ханаа дугуйлаад бай гэж урсгалаар нь орхиж болохгүй л дээ. Ер нь зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш Монголд хот төлөвлөлт гээч юм алдагдсан. Өчнөөн арван мянган орон сууц босгочихоод ямар ч ашиглалтгүй байж л байна. Тэр шинэ дагуул хотоо барьж байгуулах ажлыг ухаалаг бодлогоор залж, чиглүүлж чадвал хувийн хэвшлийн компаниуд бие даагаад явах асар их боломжтой гэж боддог. Тэгтэл ашиглаж чадахгүй, заавал гадаадын компанийг концессоор ажиллуулах гэж ярьсаар хотын захиргааг Сонгинохайрхан дүүрэгт аваачих ажил унтарсан. Санаа нь зөв ч явцгүй төлөвлөлт болж дууслаа.

 

Д.Мөнх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • Зочин (103.10.21.85)

    2017-11-12

    Өнөөдөр Монгол улс, УБ хот яагаад ингэж хөл, толгойгоо алдсан бэ гэвэл мэддэггүй баагийнууд мэддэг болсны гай шүү дээ. Мэддэгээ л мэд

  • Bat (98.210.177.131)

    2017-11-12

    Harhorin bol Tov Tseg

  • Hun (98.210.177.131)

    2017-11-12

    Harhoriniig niislel Bolgo

  • ЗОЧИН (124.158.95.14)

    2017-11-11

    ХАМГИЙН ЭХЛЭЭД НААД ИХ ДЭЭД СУРГУУЛИУДАА БҮГДИЙГ НЬ ХОТООС ГАРГА.ДАРАА НЬ ҮЛДСЭНИЙГ НЬ НҮҮЛГЭ.

    Bat (124.158.95.14)

    2017-11-11

    Harhorin bol Tov Tseg

    Hun (124.158.95.14)

    2017-11-11

    Harhoriniig niislel Bolgo