Д.Дамба-Очир: Хуулийг хэрэгжүүлснээр хорт хавдар 50-60 хувь буурна

УИХ-ын гишүүн Д.ДАМБА-ОЧИРТОЙ цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Засгийн газар өнгөрсөн даваа гарагт 100 хоногт хийсэн ажлаа танилцуулсан. Та өмнөх Засгийн газрыг унагахад кноп дарж дэмжсэн хүний хувьд энэ Засгийн газрыг хэр ажилласан гэж дүгнэж байна вэ?

-Засгийн газар чадлаараа л ажиллаж байгаа. Харин хийсэн ажлаа сурталчилж, олон нийтэд таниулах талд тааруу байна. Өмнөх Засгийн газрыг унагасан хүмүүсийн нэг нь би. “Бидний гаргаж тавьсан асуудлыг шийдэхгүй байна” гэсэн үүднээс өөрчилсөн юм. Шинэ Засгийн газар гарч ирээд өнгөрсөн 100 хоногийн хугацаанд С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн материалыг ил болголоо. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд авлаа. Олон нийтийг бухимдуулаад байсан татварын асуудлыг шийдэж, Хувь хүний орлогын албан татварын тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Бидний яриад байсан эдийн засгийн хүндрэлийг сайжруулж, эдийн засаг сэргэж эхэлсэн зэрэг хийж, хэрэгжүүлж байгаа ажил олон байна. Түүнчлэн Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх талаар олон жил ярьсан. 

Харин энэ Засгийн газар дорвитой арга хэмжээ авч, хөрөнгө мөнгийг нь шийдэж чадсанаар ирэх хавраас барилгын ажлыг эхлүүлэхээр боллоо. Мөн энэ жил олон сургууль, цэцэрлэг барих хөрөнгийг улсын төсөвт суулгаж өгсөн. Ингэснээр эцэг, эхчүүд цэцэрлэгт хүүхдүүдээ оруулж чаддаггүй байдлыг цэгцэлж, ерөнхий боловсролын сургууль гурван ээлжээр хичээллэдэг, шөнө орой хүүхдүүд сургуульдаа явдаг зэрэг асуудлыг шийдэж байна гэж ойлгож байгаа. Улаанбаатарын утааны асуудлыг сүүлийн 15-20 жил ярьсан. Утаагаар улстөржөөд шийдэхгүй юм байна гэсэн яриа ч гардаг. Тэгвэл үүнийг Засгийн газар шийднэ гэж ойлгож байна. Ингэхдээ томоохон хөрөнгө, мөнгө тусгаж, гарц, шийдлээ зөв гаргаж ирэх хэрэгтэй. Түүнээс биш өмнөх шиг зуух ярьж болохгүй. Харин арга хэлбэрээ зөв сонгож, хавар, зун, намрын хугацаанд асуудлаа шийдвэрлээд явбал ирэх өвөл гэхэд утаа харьцангуй багасна. Энэ бүгдийг Засгийн газар шийдэхийг хичээж байна. Өнөөдөр эдийн засгийн байдал тийм ч сайн болчихоогүй. Гэхдээ л Засгийн газар тулгарсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд ажиллаж байна. Миний хувьд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог ахалдаг. Маш амаргүй байна. Тиймээс Засгийн газарт ажиллах боломжийг нь олгож өгөх үүднээс зарим асуудлыг Байнгын хороон дээр хэлэлцэж, тогтоол шийдвэр гаргаж өгөх байдлаар тэдэнд ажиллах боломжийг өгч байгаа. Тэгж байж дорвитой томоохон өөрчлөлтийг Засгийн газар хийж чадна. 2020 онд ард түмэнд амаа асуулгахгүйн тулд хийх ёстой.

-МАН төр, засгийн эрхийг бариад эхлүүлсэн томоохон ажлын нэг бол Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал. Энэ ажил одоо ямар шатандаа явна вэ?

-МАН-ын бүлгийн хуралдаанаар Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг хэлэлцсэн. Бид 65-уулаа байж Үндсэн хуулийг өөрчлөхгүй бол өөр хэзээ хийх юм. Боломж гарсан уу, гарсан. Тийм учраас Үндсэн хуулийн асуудлыг шийдээд явах ёстой. Бид ярьцгаадаг. “Төр муухай харагдаад байгаа нь Үндсэн хуульдаа байх шиг байна” гэж. Тиймээс л шийдэж чадахгүй байгаа, Үндсэн хуульд тулаад гацчихдаг асуудлыг засах ёстой. Тухайлбал, Намуудын хууль, Сонгуулийн хуулиа шийдэх хэрэгтэй. Цаг хугацаа бага байна.

-УИХ-ын чуулган завсарлахад цөөн хоног үлдлээ. Намрын чуулганы хугацаанд УИХ хэрхэн ажиллав. Хэлэлцэх ёстой хуулиудаа хэр нимгэлсэн бэ?

-УИХ-ын намрын чуулганы хугацаанд нэлээд хууль баталлаа. Ялангуяа нийгмийн халамжийн асуудлаар олон хууль баталсан. Засгийн газраас оруулж ирсэн яаралтай горимын хуулиудыг дор дор нь батлаад өгч байна. Донорын хууль, Мал эмнэлгийн хуулиас эхлээд амаргүй байсан ч цөөнгүй хуулийг баталж чадлаа. Ялангуяа Эдийн засгийн байнгын хороогоор Банкны тухай хууль болон банкны суурь хуулиудыг баталж цэгцэлж байна. Ингэхгүй бол манай улсын санхүү, эдийн засгийн 95 хувь нь банкны салбарт төвлөрсөн. Тиймээс эхлээд банк, санхүүгийн салбараа цэгцэлж байж дараа нь үнэт цаас, даатгал, үл хөдлөх хөрөнгө зэрэг бусад салбар руу орох ёстой. Харин одоо хадгаламж, даатгалын хуулийг цэгцэлнэ. Энэ намрын чуулганаар шийдэж чадсан хамгийн том зүйл бол бид төсвийг найман хувийн алдагдалтай баталсан явдал юм. Өмнө нь хоёр оронтой тоогоор баталдаг байлаа. Ирэх жил найман хувиас доош оруулж буулгах болно. Тэр хэмжээгээр эдийн засаг өсөөд явна.

-УИХ-ын гишүүн Н.Учрал Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл орууллаа. Энэ хуулийг өөрчлөх шаардлага бий юү. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Н.Учрал гишүүний өргөн барьсан хуулийн төслөөр төсвийг бүхэлд нь өөрчилж байгаа гэж бодохгүй байна. Түүнд ганц хоёр үг, өгүүлбэр нэмж хассанаас биш зарчмын өөрчлөлт орохгүй гэж ойлгох хэрэгтэй. Буруу ойлгогдсон үг өгүүлбэрийн алдаатай зүйлийг засч байгаа нь зөв.

-УИХ-аар таны санаачлан боловсруулсан Эрүүл мэндийн тухай болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн. Энэ хуулийн гол ач холбогдол нь юу вэ?

-Эрүүл мэндийн тухай хууль бол 50-аас дээш насны хүмүүсийг урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд оруулж байх зорилготой. Өөрөөр хэлбэл, урьдчилан сэргийлэх эмнэлгийн тогтолцоог бий болгож байгаа юм. Манай улс элэг, ходоод, уушги, умайн хүзүүн хавдраар дэлхийд дээгүүрт ордог. Ялангуяа элэгний болон ходоодны хавдраар дэлхийд нэгдүгээрт орж байна. Жилдээ 4000 гаруй хүн хорт хавдраар нас барж байна гэсэн судалгаа бий. Тиймээс нийт хүн амын нас баралтын 70-80 хувийг эзэлж байгаа хорт хавдрын асуудлыг цэгцлэхээр хуулийн төслийг боловсруулсан. Дээр дурдсан эрхтнүүдийг монголчууд дүлий эрхтэн гэж нэрлэдэг. Өвчилсөн нь мэдэгдэхгүй явсаар байгаад хамгийн сүүлд хүндрээд ирэхээр мэдэгддэг. Ингээд үзүүлэхэд аль хэдийнэ хот хавдрын сүүлийн шат руу орчихсон байдаг. Энэ үед иргэд эдийн засгийн маш хүнд асуудалд ордог. Мөн улс орны хувьд ч эдийн засгийн ачаалалтай байдаг. Энэ бүгдээс салахын тулд урьдчилан сэргийлэх үзлэгт орох ёстой юм байна лээ. Эхний үедээ иргэдийн амьдрал хүнд байгааг харгалзан үзлэг, шинжилгээний төлбөрийг төрөөс 100 хувь даана. Хууль хэрэгжээд эхэлбэл 4-5 жилийн дараа хорт хавдрын асуудал 50-60 хувь буурна юм. Хэн ямар өвчинтэй байгаагаа урьдчилан мэдэж авах л хэрэгтэй. Тэгж байж иргэн өөрийнхөө хоол, хүнс, амьдрах хэв маягаа зохицуулна. Энэ хуулийг Япон, Солонгос, Герман улсад хэрэглэдэг. Япончуудын урт наслаад байгаагийн нэг нууц нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт ордогт байгаа юм. Түүнчлэн хуульд урьдчилан сэргийлэх үзлэгт ороогүй хүмүүсийг эрүүл мэндийн даатгалд хамруулахгүй. Мөн эрхтэн шилжүүлэх эмчилгээнд оруулахгүй байхаар зохицуулсан. Харин урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол орж, эмчийн хяналтад байсан хүмүүсийг эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд хамруулах боломжтой болно. Ингэснээр хүн өөртөө хариуцлагатай хандаж таарна.

-Шинжилгээний төлбөрийг эхний ээлжид төрөөс даах юм байна. Гэхдээ энэ нь төсөвт дарамт болох юм биш үү?

-Хүн 50-аас дээш наснаас эхлэн өвчлөмтгий болдог. Жишээ нь, бүдүүн гэдэсний асуудал 50- аас дээш насанд дурандуулж гарч ирдэг. Гэхдээ сүүлийн үед бидний хэрэглэж буй хүнстэй холбоотой ходоодны хавдар залуужиж байна. Элэг гэхэд 50-аас дээш насныхан гээд заачихсан. Гэтэл 45-аас дээш насныхныг оруулахгүй бол болохгүй болсон байна. Үүнд төр яаралтай арга хэмжээгээ авах ёстой. Эхний удаад элэг, уушги, ходоод, умайн хүзүү гэсэн дөрвөн төрлийн шинжилгээний өртөг хамгийн өндөр байдаг учир үнэгүй байхаар тусгасан. Цаашдаа иргэд хариуцлагатай болоод санхүүгийн байдал сайжрахаар 20, 30 хувийг иргэд өөрсдөө гаргадаг байх нь зүйтэй гэж үзэж байна. Гэхдээ уг ажлыг эхлүүлэхийн тулд дээрх дөрвөн төрөлд л ярихгүй бол нийгмийн даатгал, төсөв нь даахгүй, авч явахад хэцүү болно. Жил бүр иргэд урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамрагдаж байх нь зөвхөн миний асуудал бус, эрүүл мэндийн яамны бодлогоор шийдвэрлэж явуулах асуудал. Ингэж байж монголчуудын хорд хавдраар нас бардаг асуудлыг шийднэ. Гэхдээ эрүүл мэндийн салбар болон Даатгалын хуульд зөрчилдөж байгаа зүйл байхыг үгүйсгэхгүй. Энэ бүгдийг хэлэлцэх явцад засч залруулаад өнөөдрийн хэрэгжүүлж буй хуулийн хүрээнд шийдээд батлах боломж бий гэж бодож байна.

-Манай эмнэлгүүдэд шинжилгээний аппарат дутагдалтай байгаагаас ачаалал нэмэгдэх байх. Үүнийг шийдэхээр дахиад л төсөвт хүндрэл үүсэх болов уу?

-Мэдээж эхний жилдээ төсөвт ачаалал очно. Учир нь, аймаг, сум, дүүргийн эмнэлэгт шинжилгээ хийдэг болгох хэрэгтэй. Наад зах нь ЭХО аппарат зэрэг тоног төхөөрөмжөөр хангах хэрэгтэй болно. Мөн тоног төхөөрөмжөөс гадна боловсон хүчнээр хангаж, сургалтад хамруулах нь чухал. Сууриа бүрдүүлсний дараа харьцангуй бага зардал гарна. Саяхан 40 тэрбум төгрөгийг өвөлжилт хүндэрсэн аймгуудад өгөхөөр боллоо. Гэтэл яагаад Монголын ард түмний эрүүл мэндийн төлөө 30, 40 тэрбумыг төсөвт суулгаж болохгүй гэж. Ингэсний дараа иргэд эрүүлжээд ирэхээр цаашдаа төсөв, эдийн засагт ирэх дарамт нь багасна.

 

М.Энхцэцэг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)