Ч.Батбилэг: Дэд бүтцийн төв байгуулснаар 20-30 мянган өрхийн амьдрах нөхцөл сайжирна
- 2018-02-14
- Нийгэм
- 0

Нийслэлчүүдийн өмнө тулгамдаж буй асуудал бол агаар, хөрсний бохирдол. Үүнийг хэрхэн бууруулах боломжтой талаар нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга Ч.БАТБИЛЭГТЭЙ ярилцлаа.
-Агаарын бохирдлыг бууруулах талаар бүх шатанд ярьж, зөв шийдэл, гарц хайж байна. Гэтэл дулааны улиралд хөрсний бохирдол дээд зэрэгтээ хүрдэг. Эдгээрийг хамтад нь цогцоор шийдвэрлэх ямар боломж шийдэл байна вэ?
-Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг дунд болон урт хугацаанд бууруулах үндсэн шийдэл бол гэр хорооллыг орон сууцжуулах, дэд бүтцээр хангах явдал юм. Иймд суурьшлын бүсэд хэсэгчилсэн инженерийн хангамжийг нэвтрүүлэхээр “Сервис центр” буюу “Дэд бүтцийн төв” төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Учир нь, гэр хорооллын иргэдийн 80 гаруй хувь нь амьдрах орчин нөхцөлөө сайжруулж, тухайн газартаа үргэлжлүүлэн амьдрах хүсэлтэйг судалгаагаар тогтоосон. Тиймээс дээрх төслийг хэрэгжүүлэхээр дэд бүтцийн төвийн техник эдийн засгийн үндэслэлийг хийгээд байна.
-Төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн VII хороонд дэд бүтцийн төв байгуулна. Ажлын явц ямар байна вэ?
-Улаанбаатар хотын гэр хорооллын суурьшлын бүсийн агаар, хөрсний бохирдол хамгийн их хэсгийн нэг болох Чингэлтэй дүүргийн VII хороо буюу Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн хил хязгаар Хөтөлийн доод хэсэгт эхний ээлжид дэд бүтцийн төв байгуулах шийдвэр гаргасан. Шаардлагатай төсөв хөрөнгийг энэ оны төсөвд суулгасан. Тиймээс төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Тухайн хороонд оршин суугаа иргэдтэй уулзаж, төслийн талаар танилцуулахад дийлэнх нь зөвшөөрсөн учир ирэх дөрөвдүгээр сард барилгын ажлаа эхлүүлж, арваннэгдүгээр сард хүлээлгэж өгөх шахуу төлөвлөгөөтэй ажиллаж байна.
-Дэд бүтцийн төвийн хүчин чадал ямар байх бол. Хэчнээн айл өрхийг хамруулах боломжтой вэ?
-Төвийн инженерийн шугам сүлжээнд холбогдох боломжгүй 200-300 айл өрхийн цэвэр, бохир ус, дулааны асуудлыг шийднэ. Ингэснээр дунд болон урт хугацаанд агаар, хөрсний бохирдол тодорхой хэмжээнд бодитоор буурна. Дэд бүтцийн төвийг гурван давхар барихаар төлөвлөөд байна. Зоорины давхарт усан хангамж, ариутгах татуурга, дулаан хангамж, цахилгаан, холбоо дохиолол хангамжийн тоног төхөөрөмжийг байрлуулна. Харин 1-2 давхарт ашиглалтын захиргаа байрлаж, иргэдийн инженерийн шугам сүлжээний тооцоо хураамж, засвар үйлчилгээг хариуцан ажиллах юм.
-Технологийн шийдэл нь ямар байх вэ. Тухайлбал, дулааныг хэрхэн шийдэх үү?
-Технологийн шийдлийг нэлээд судалсан. Дулаан хангамжийн эх үүсвэр нь төвийн шугам сүлжээнд холбох, хатуу болон хийн түлшний зуух, цахилгаан зуух, газрын гүний дулаан гэсэн сонголттой байж болно. Харин ариутгах татуурга, цахилгаан болон усан хангамжийн эх үүсвэр нь төвийн шугам сүлжээнд холбох эсвэл бие даасан байдлаар шийднэ. Эдгээр шийдлээс аль нь тухайн газар нутгийн байршил, газар зүйн онцлогт илүү тохиромжтой, ашиглалтын зардал багатайг харгалзан үзэж сонгох юм.
-Цаашид аль байршилд хэчнээн төв байгуулахаар төлөвлөж байна. Ер нь дэд бүтийн төвийг олноор байгуулснаар агаарын бохирдол хэдэн хувиар буурах боломжтой гэж тооцсон бэ?
-Өнгөрсөн жил нийслэлийн Засаг дарга захирамж гаргаснаар одоогоор таван байршилд ажлын зургийг нь хийж байна. Энэ онд гурав, ирэх жил 47, 2020 онд 50 гээд нийтдээ 100 байршилд дэд бүтцийн төв барьж байгуулснаар 20000-30000 айл өрхийн амьдрах нөхцөл сайжирна. Ийм тооны айл өрх утаа гаргахгүй болсноор агаарын бохирдол 20 хүртэл хувиар буурна гэж үзсэн. Энэ онд ашиглалтад оруулах гурван төвийн нэгийг БОАЖЯ, нөгөөхийг нь Барилга хот байгуулалтын яам хариуцаж Сүхбаатар дүүргийн XVIII хороонд байгуулахаар болсон.
-Техник эдийн засгийн үзүүлэлтээс нь харахад нэг төв байгуулахад хэчнээн төгрөг шаардлагатай бол. Мөн ирэх жилүүдэд барих дэд бүтцийн төвийн барилгын санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэсэн бэ?
-Төсөлд шаардлагатай санхүүжилт нь хамрагдаж буй айлын тоо, сонгосон газар нутгийн онцлог, төвийн инженерийн шугам сүлжээ очсон эсэхээс хамаарч урьдчилсан тооцоогоор 5-10 тэрбум төгрөг болно. Барилгын компаниудад нээлттэй. Засгийн газрын өнгөрсөн оны 179 дүгээр тогтоолоор Улаанбаатар хотод дэд бүтцийн төв байгуулах эхний 50 байршлыг баталсан. БНХАУ-аас буцалтгүй тусламжаар олгох хоёр тэрбум юаниар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд барилгын ажлыг нь багтаасан. Хамгийн гол нь гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах төсөлтэй уялдуулан иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн, тогтмол орлоготой иргэдэд зориулж, төлбөрийн чадварт нийцсэн амины орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа.
-Энэхүү төсөлд ямар шаардлага, шалгуур хангасан айл өрх хамрагдах уу. Хамрагдсан айлууд ямар хариуцлага хүлээх вэ?
-Төр, иргэн, хувийн хэвшлийн хамтын ажиллагаан дээр энэхүү төслийг хэрэгжүүлнэ. Гэр хорооллын дэд бүтцийн газрынхан айл өрх бүрээс судалгаа авч газар дээр нь ажилласан. Тухайн айл хэдэн ам метр байшинтай, ам бүл, өрхийн орлого хэд гэдгийг нарийвчлан судалж байж техникийн хүчин чадал тодорхой болох юм. Төсөлд хамрагдсан айл өрх Хот суурин газрыг дахин хөгжүүүлэх тухай хуулийн дагуу тодорхой хэмжээний хариуцлага хүлээнэ. Тухайлбал, дэд бүтцийн төвд холбогдох айл өрх гэр, байшингаа дулаалах эсвэл шинээр барих нь хамгийн гол шаардлага. Мөн өөрсдийн өмчлөлийн газар, нутаг дэвсгэрийг хэрхэн хөгжүүлэх, зохион байгуулах, төлөвлөх зэрэгт идэвхтэй оролцох ёстой. Дулаан алдагдал ихтэй газар руу дэд бүтцийн шугам оруулах боломжгүй.
-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд газраа байраар солих асуудал иргэдийн зүгээс нэлээд эсэргүүцэлтэй тулгарч байсан. Энэ удаад ямар нэгэн асуудал үүсэхвий гэсэн болгоомжлол байна?
-Иргэн бүр өөрсдийн эзэмшлийн талбайдаа инженерийн бүрэн шийдэлтэй байх боломжийг олгож буйгаар энэ төсөл онцлогтой. Өнгөрсөн хугацаанд иргэдэд төслийг сурталчлан таниулах ажлыг удаа дараа зохион байгуулж, судалгаа хийсэн. Төслийн талаар мэдээлэл авсан нийт 6000 орчим иргэний 80 орчим хувь нь дэмжсэн. Ер нь төсөл дээр Үндэсний бүтээн байгуулалтын корпораци, нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын дэргэдэх албан бус мэргэжлийн зөвлөл, Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газар, Захирагчийн ажлын алба, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар болон Зураг төслийн хүрээлэн зэрэг олон газар, төрийн бус байгууллага, мэргэжлийн хүмүүс ажилласан. Тиймээс хөрсөн дээрээ буух боломжтой, амьдралд ойрхон төсөл гэж үзэж байна.
С.ЮМСҮРЭН

Сэтгэгдэл (0)