Э.Очирсүрэн: Бид хойшоо ухраагүй урагшилж явна
- 2018-03-08
- Нийгэм
- 0

Монголын цанын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Э.ОЧИРСҮРЭНТЭЙ ярилцлаа.
-“Пёнчан 2018”-д 20 хүн дагаж явлаа, бүх зардлыг улсаас даалаа” гэсэн шүүмжлэл гарсан. Үүнд тайлбар өгнө үү?
-Бүх зардлыг улсаас даасан гэдэг нь ташаа мэдээлэл. Улсаас нэг дасгалжуулагч, хоёр тамирчин, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нарын замын зардал болох 20 сая төгрөгийг гаргасан. Бусад хүний зардлыг Олон улсын олимпын хороо, тэмцээн зохион байгуулах хороо болон Олон улсын цанын холбооноос гаргасан. -Өвлийн олимпын нээлт, хаалтын ёслолд тамирчдын өмссөн хувцас бас шүүмжлэл дагуулсан. -МҮОХ олимпод оролцох тамирчдын хувцсыг хариуцан сонгох чиг үүрэгтэй байдаг. Гэтэл хорооноос энэ жил тамирчдын хувцсыг сонгож өгөөгүй. Тиймээс зуны олимпод зориулж бүх спортын төрөлд тараасан хувцас дээр Пёнчаны олимпын лого, Монгол гэсэн үгийг хадаад л оролцуулсан. Энэ хувцсыг Хятадаас авсан гэж шүүмжилж байсан. Энэ худал мэдээлэл бөгөөд хувцсыг Монголд үйлдвэрлэсэн. Уралдааны хувцасны хувьд загварыг нь би гаргаад Финландад захиалгаар хийлгэсэн. Нийтдээ 10 сет хувцас захиалгаар хийлгэсэн. Цахим орчинд “Монгол үндэсний хээ, угалзаар хийсэнгүй” гэсэн шүүмжлэл явсан. Бодит нөхцөл байдал дээр өөр шүү дээ. Үндэсний хээгээ оруулаад үйлдвэрт өгөхөөр танай хээний код компьютерт орохгүй, улс орнуудын хийдэг үндсэн хээний өнгөнөөс сонгох боломжтой гэсэн. Нэгэнт болохгүй учраас байсан кодонд нь тааруулаад Монгол Улсын төрийн далбааны өнгөтэйгөөр уралдааны хувцсыг хийлгэсэн.
-“Пёнчан-2018” олимпод оролцсон цаначдын амжилт өмнөх олимпынхоос дээшилсэн үү?
-Энэ удаагийн олимпод оролцсон хоёр тамирчны амжилтыг 2010 оны Ванкуверийн олимптой харьцуулж үзэх нь зүйтэй болов уу. Учир нь олимпын цанын тэмцээнийг техникийг нь сольж зохиодог. Тухайлбал, 2010 оных тэших техникээр болсон бол 2014 оны Сочигийн олимп сонгомол техникээр, 2018 оных тэших техникээр болсон. Сонгомол зайн уралдааныг тэших техниктэй харьцуулж болохгүй учраас 2010 онд болсон тэших техникийн уралдаантай харьцуулж байгаа юм. Үүнээс дүгнэж үзвэл 2010 онд Канадын Ванкувер хотод болсон өвлийн олимпын наадамд миний үзүүлсэн амжилтыг Ч.Отгонцэцэг долоон секундээр, Х.Хаш-Эрдэнийн амжилтыг Б.Ачбадрах нэг минутаар ахиулсан. Бид хойшоо ухраагүй урагшилж л байна. Нэг зүйлийг тодотгож хэлэхэд, өвлийн олимп зохион байгуулж буй хотуудын цанын зам өөр хоорондоо адилгүй байдаг. Энэ байдлаас шалтгаалан цанын спортод рекорд амжилт гэж байдаггүй. -Өвлийн спортыг төр засгаас хэрхэн дэмжиж байна вэ. Ялангуяа цанын спортод ямар дэмжлэг үзүүлж байна вэ? -Пёнчан-2018” өвлийн олимпын наадамд оролцох эрх авах тэмцээн уралдаануудад төр засгаас хангалттай дэмжсэн. Олимпын эрх олгох олон улсын тэмцээний зардал, цалин хөлс, хангамж хангалттай байдаг. Гэхдээ зарим тэмцээнд зардал хүрэхгүй байх тохиолдол бий. Ийм үед Монголын цанын холбооноос зардал нэмж гаргадаг. Хамгийн гол нь бидэнд бэлтгэл сургуулилтаа хангах газар байдаггүй.
-Монголын цанын холбоо санхүүжилтээ хаанаас олдог вэ?
-Олон улсын цанын холбооны бүрэн эрхт гишүүн учраас жилд 300 сая төгрөгийн санхүүжилт авдаг. Бид үүгээрээ Монголд зохиож буй цанын спортын бүх тэмцээнийг санхүүжүүлж, шигшээ багийн тамирчдын хувцас хэрэглэлд тодорхой хэмжээг нь зарцуулдаг юм.
-Цанын спортынхон хаана бэлтгэл, сургуулилтаа базааж байна?
-Сүүлийн найман жил “айл” хэсээд л явж байна. Манай холбоо 2010 он хүртэл Хандгайтад “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн барьсан цанын баазад бэлтгэл, сургуулилтаа хангадаг байлаа. Гэтэл 2010 онд энэ бааз шатсан. Удалгүй “Sky Resort” цанын бааз бидэнтэй хамтран ажиллаж, бэлтгэл сургуулилтаа хангах боломж олгосон ч гүйлтийн цанын бэлтгэл хийхэд тохиромжгүй газар л даа. Сүүлдээ биднээс үнэ хөлс нэхээд, бэлтгэл хийлгэхгүй байсан тул хамтран ажиллахаа зогсоосон.
-Монголын цанын холбоо 2014 оноос хойш Хандгайтад цанын бааз барихаар хөөцөлдсөн. Газрын асуудлыг шийдсэн үү?
-Газрын асуудлыг шийдэх амаргүй юм. Манай холбоо 2.5 км эзэмшил газартаа олон улсын стандартын гүйлтийн цанын зам, снөүбордын талбай бариад, үйл ажиллагаагаа эхлүүлэх бүрэн боломжтой. Гаднын шинжээчид энэ газрыг олон улсын стандартад нийцсэн цогцолбор болох боломжтой гэж дүгнэсэн. Их зүйл бүтээе гэсэн тэмүүлэлтэйгээр 2014 оны намар газраа тэгшлэх гээд талбайгаа янзалж байтал Хандгайтын харуул нь цагдаа дуудаад манай холбооныхон бүтэн шөнөжин цагдаагийн газар саатуулагдаж байлаа. Уг нь бид Хандгайтын шатсан ойн хэсэгт нь зургаан метрийн өргөнтэй замыг тэгшлэх гэж байсан юм. Гэтэл яг тэр газарт Нийслэлийн ногоон хөгжлийн газар 11 сая төгрөгийн суулгац суулгасан байж. Яг үнэндээ газраа хөөцөлдөөд явж байхад ийм зүйлсийг нэг ч хэлж ярьж, сануулж байгаагүй. Өчнөөн бичиг цаас, зөвшөөрөл хөөцөлдөж байхад одоо ийм зүйл хий гэж төрийн байгууллагуудаас нэг ч зөвлөгөө өгдөггүй. Одоо болтол эзэмшил газартаа бүтээн байгуулалт хийгээгүй хоосон хэвээрээ л байна. Гэтэл саяхан газар эзэмших боломжгүй ерөнхий төлөвлөгөөнд оруулах ёстой гэсэн шаардлага ирүүлнэ.
-Цанын спортод нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай ямар зүйл байна?
-Улсын шигшээ багт цанын төрөлд хоёр тамирчныг л авч цалинжуулдаг. Хэрвээ бид олуулаа олон улсын тэмцээн уралдаанд оролцож олимпын эрх авах юм бол амжилт гаргана. Санаснаар болдог бол гүйлтийн цанын төрлөөр залуус болон насанд хүрэгчид нийлсэн 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй цанын багийг гурван дасгалжуулагч багштай байгуулах юмсан. Жүдо бөхийнхөн 50- 60 тамирчин, олон багштай болоод байхад цанын спортынхон яагаад тэдэн шиг байж болохгүй гэж.
Б.МӨНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл (0)