Хөрөнгийнхөө эх үүсвэрийг тайлбарлаж чадаагүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв

Авлигатай тэмцэх газар (АТГ) төлөвлөгөөт хяналт шалгалтаар хөрөнгө, орлогын эх үүсвэрээ бодитой, үнэн зөв тайлбарлаагүй албан тушаалтнуудыг үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэн нарийвчлан шалгуулахаар холбогдох хэлтэст шилжүүлжээ.

АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс 2026 оны аравдугаар сарын 26-30-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 371 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгасан байна. Үүнээс 268 мэдүүлгийг хянан шийдвэрлэж, 103 нэр дэвшигчийн мэдүүлгийг үргэлжлүүлэн хянаж байгаа аж.

Мөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 124 гомдол, мэдээлэл хүлээн авч, 31-ийг нь хянан шийдвэрлэжээ. Эдгээрээс есөн гомдол, мэдээлэлд дурдсан үйлдэлтэй холбоотой зөрчил тогтоогдсон тул хуульд заасан хариуцлага тооцуулахаар шилжүүлсэн байна.

Тухайлбал, Дорнод аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн албан тушаалтан Б, эрчим хүчний салбарын төрийн өмчит компанийн удирдах албан тушаалтан Д, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нэр бүхий албан тушаалтнууд, Увс аймгийн нэгэн сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Б, Баян-Өлгий аймгийн сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал М, Хот байгуулалт, хотын стандартын газар болон “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудын үйлдэлд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж байж болзошгүй гэж үзжээ. Иймд харьяаллын дагуу шалгуулахаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн байна.

Түүнчлэн төлөвлөгөөт хяналтаар 35 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгажээ. Энэ үеэр мэдүүлэг гаргагчийн хамаарал бүхий этгээдийн нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгийн эх үүсвэр тодорхойгүй, өөрийн болон гэр бүлийн гишүүдийн дансны орлого, зарлага, хөрөнгө, орлогын эх үүсвэрийг бодитой, үнэн зөв тайлбарлаагүй зэрэг нөхцөл байдал илэрсэн байна.

АТГ-аас эдгээр албан тушаалтны үйлдэлд Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлд заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн шинж байж болзошгүй гэж үзэн нарийвчлан шалгуулахаар холбогдох хэлтэст шилжүүлжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)