АНУ-ын эдийн засаг дахин сэргэнэ


ЗХУ оршин тогтнохоо болиод уджээ. ОХУ ч социалист улс байхаа больсон. Гэтэл АНУ-ын цэрэг, улс төрийн бүлэглэлүүд Оросыг сулруулж, задлан бутаргах бодлого явуулж байна. АНУ-ын Пентагон, Төрийн департамент, Тагнуулын төв газраас /ТТГ/ Украинд өдөөсөн хямралын цаад зорилго үүнд оршдог. Тэгвэл энэ бүхнийг хэрэгжүүлэх болсон цаад хүчин зүйл юу вэ? 

Ерөнхийлөгч асан Ж.Бушийн үед АНУ-ын цэргүүд 2003 онд Иракт халдахад дээрхтэй ижил хүчин зүйл нөлөөлсөн юм. Пентагон, Цагаан ордонд суугаа эрхмүүд Хятадын эсрэг улс төрийн хатуу мэдэгдэл хийж буйн учир шалтгаан ч гэсэн санхүү, эдийн засгийн нарийн тооцоо, хэрэгцээн дээр тулгуурласан байдаг. Гэхдээ эдийн засгийн энэхүү хэрэгцээ нь орон гэргүй, ажилгүй юмуу моргейжийнхээ төлбөрийг төлж чадалгүй орон байраа алдсан, хоолны зардлаа хэмнэх үү, эсвэл халаалтын зардлаа танах уу хэмээн толгойгоо гашилгаж буй сая, сая энгийн иргэдэд огт хамаагүй юм. Дайн эхлүүлэх нь “Уолл Стрийт” дэх банкны эзэд, томоохон корпорациудын гүйцэтгэх захирлуудын хувьд капиталист системийн хэт үйлдвэрлэлийн улмаас эдийн засагт нь хямрал нүүрлэсэн өнөө үед хувьцааныхаа ханш, хөрөнгө оруулалтаас олох ашгаа эрс нэмэгдүүлэх ховорхон боломж олгоно. 

Дайнаас ашиг хүртэх газрын тосны акулууд

 “АНУ нь энэ онд нүүрстөрөгчийн гаралтай эрчим хүчний олборлолтоор ОХУ-ыг ардаа орхиж, дэлхийд тэргүүлнэ” хэмээн тус улсын Эрчим хүчний мэдээллийн байгууллагаас тооцоолжээ. Ингэснээр тус улс газрын тосны олборлолтоор 2015 он гэхэд Саудын Арабыг ардаа орхиж, дэлхийд тэргүүлэх байр суурь эзлэх юм. АНУ-ын хөрөнгөтнүүд сүүлийн арав гаруй жилийн хугацаанд занарын хий олборлох төслүүдэд хэдэн зуун сая ам.долларын хөрөнгө оруулсны хүчинд ийм амжилтад хүрсэн аж. Газрын гүнд химийн тусгай бодис бүхий шингэн их хэмжээгээр шахаж, чулуулаг давхаргуудыг хагалах аргаар шатдаг хий олборлодог “Fracking” хэмээх энэхүү технологид “ExxonMobil” компани 2010 онд 41 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, “XTO Energy” компанийг худалдан авсан байдаг. Үүний үр дүнд “ExxonMobil” нь шатдаг хийн олборлолтоор АНУ-д тэргүүлэх болжээ. “Chevron”, “Phillips 66”, “Valero”, “Berkshire Hathaway” болон “General Electric” зэрэг “Fortune 500” жагсаалтын эхний 10-т жагсдаг компаниуд сүүлийн үед “Fracking” технологи ашиглан занарын хий олборлох төслүүдэд олон арван тэрбум ам.доллар оруулж, түүнээсээ их хэмжээний ашиг олохыг хүсч байна. Тэднээс зарим нь энэ салбарт хөрөнгө оруулалт хийснийхээ хүчинд л энэхүү “Топ 10”-ын тоонд багтсан аж. АНУ-ын “Halliburton”, “The Koch brothers” компаниуд, “KKR” шиг томоохон даатгалын компаниуд болон банкууд ч гэсэн үүнтэй адил их хэмжээний хөрөнгө оруулалт хийжээ. Гэтэл газрын тосны үнэ сүүлийн арван жилийн хугацаанд тогтсон гурван оронтой тооноос буувал тэд бүгд алдагдал хүлээнэ. Газрын тосны үнийг ийм өндөр төвшинд барихын тулд АНУ Ойрхи Дорнод, Хойд Америк дахь газрын тос олборлодог олон оронд зэвсэгт халдлага үйлдэж, нэг хэсгийнх нь эсрэг худалдааны хориг арга хэмжээ авч үйлдвэрлэлийг нь бараг үгүй хийсэн юм. 

Иракийн дайн газрын тосны акулуудад “алтаар бороо оруулсан” 

АНУ Иракт халдан довтолсноор энэ орны хөгжлийг хэдэн арван жилээр ухраасан. Энэ түрэмгийллийн улмаас АНУ-ын ажилчид болон байнгын дарамтад байдаг иргэд нэлээд улам хүнд байдалд орсон аж. Тэгвэл газрын тосны магнатууд болон “Уолл Стрийт”-ийн эрхмүүдийн хувьд энэ бол дундаршгүй баялгийн ундарга болжээ. АНУ-ын цэрэг Иракт халдаж, газрын тос олборлодог төрийн мэдлийнх нь дэд бүтцийг үгүй хийхээс өмнөхөн 2002 онд баруун Техасаас шууд нийлүүлэх нэг баррель түүхий газрын тосны үнэ, түүнээс олох ашиг 20 орчим ам.доллараар нэмэгдсэн аж. Тэгвэл 2003 оны дөрөвдүгээр сар гэхэд АНУ- ын танкууд Багдад хот руу довтолж байхад WTI маркийн түүхий газрын тосны үнэ 40 гаруй ам.доллараар нэмэгджээ. Үүний ачаар АНУ-ын газрын тосны томоохон компаниуд болох “ExxonMobil” болон “Chev- ron” хоёрын ашиг 300 хувиар өссөн байна. Харин 2008 оны дунд үед Ираны эсрэг хориг арга хэмжээ авч халдан довтолно хэмээн тасралтгүй дарамталж, Ирак, Афганистанд дайн хийсний хүчинд нэг баррель газрын тосны үнийг 147 ам.доллар хүргэжээ. Энэ бол “ExxonMobil”-ын хувьд хамгийн их ашиг орлоготой жил байж. Ойрхи Дорнодод хийсэн дайны ачаар үнэ өссөн нь Канадад занар агуулсан элснээс газрын тос олборлох төсөл ашигтай ажиллах боломж бүрдэж, Апалачийн нуруу дамнуулан хоолой барих төсөл хэрэгжүүлэхээр болсон. Үүнээс гадна Англи, Америкийн хөрөнгө оруулалтаар Азербайжанаас Турк хүртэл “Баку-Тбилиси-Сэйхан”-ы шинэ хийн хоолой барьж, Африкт эрчим хүч олборлох зорилгоор их хэмжээний хөрөнгө оруулах боломж олгосон аж. Гэвч капиталистуудын сурсан занг сураар боож болох биш. Ашиг орлого, үнэ нэмэгдсээр байхад тэд зах зээлд хэрэглэж болохоос илүү ихийг улам ихээр үйлдвэрлэхийг зорьдог. 2008 оны гуравдугаар улиралд капиталист эдийн засаг хямралтай тулгарч, газрын тосны үнэ аажмаар буурч эхэлсэн. Тиймээс Иран, Суданы эсрэг хориг арга хэмжээ авч, 2011 онд Ливийг бөмбөгдөж, улмаар ТТГ Сирийн эсрэг нууц дайн өдөөсөн юм. Сирид дайн өдөөсөн нь Иранаас Газрын дундад тэнгис хүртэл хийн хоолой тавих боломжийг хааж, эдийн засгийн уналтыг бага ч гэсэн сааруулсан ч бүрэн сэргээж чадаагүй. Шинжээчдийн нэг хэсэг нь 2015 онд газрын тосны үнэ 50 орчим ам.доллар хүртлээ буурна гэж таамаглажээ. Газрын тос болон шатдаг хийн үнэ хамтдаа хөдөлдөг тул газрын тосны үнэ 60-80 ам.долларт хэлбэлзсэн тохиолдолд занарын хийн төслүүдийн нэлээд хэсэг нь ашиггүй болно. Тэгсэн тохиолдолд одоогийн үнээр тооцоход 26 их наяд ам.доллар хүрэхүйц занарын хийн нөөц ордууд хэнд ч хэрэггүй болох юм. Оросоос Европт эрчим хүч нийлүүлэх үйл явц ямар нэг байдлаар тасалдвал байдал тэс ондоо болно. Тухайлбал, “Украины хямрал улам хурцадвал газрын тосны үнэ 108 ам.долларт хүрнэ” гэж CNBC сувгаар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-нд мэдээлсэн байна.

 Хүйтэн дайн баруун Европыг АНУ-тай “холбов” 

ЗХУ 1970-аад онд эрчим газрын тос, шатдаг хийн олборлолтоороо дэлхийд тэргүүлж байв. Үүнээс нэлээд хэсгийг нь дотооддоо хэрэглэж, социалист бусад оронд бартериар худалддаг байсан. Харин баруун Европын орнууд Арабын орнууд болон Иранд үйл ажиллагааа явуулдаг АНУ, Их Британийн монополиудаас газрын тос, шатдаг хийг худалдан авч байж. Тэгвэл 1980- аад оны эхээр Герман, Францын банкууд хамтран Сибириэс шатдаг хийг баруун Европт дамжуулах “Уренгой-6” нэртэй томоохон төслийг санхүүжүүлжээ. Харин Рейганы засаг захиргаа нэн даруй энэ төслийг зогсоох, саатуулах элдэв арга чарга хэрэглэж эхэлсэн байна. Энэ нь өөрийн өрсөлдөгч ЗХУ-д хохирол учруулах зорилготой байсан. Гэвч төсөл амжилттай хэрэгжиж, Зөвлөлтийн нутагт олборлосон хий Европ руу урсаж эхэлсэн аж. Нэгэнт зах зээлд шилжсэн Орос 1998 онд Ж.Сорос шиг валютын панзчидын дайралтад хариу барьж рублийнхээ ханшийг унагасан. Улмаар баррель газрын тосны үнэ 11 ам.доллараас буурч, барууны орнуудын газрын тосны хөрөнгөтнүүдийг сандрахад хүргэсэн. Энэ байдлаас гарахын тулд АНУ тэр даруй пуужин, бөмбөг ашиглаж эхэлсэн. Гэхдээ бай нь ОХУ биш Ирак байв. АНУ-ын хориг арга хэмжээнд өртөж, аль хэдийнэ ихээхэн хохирол амссан Иракийг бөмбөгдсөнөөсөө гурван сарын дараа Б.Клинтоны засаг захиргаа нэг юм ямар шалтгаар бөмбөгдсөнөө тайлбарласан аж. Харин үүнээс хоёр жилийн өмнө АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Олбрайт эдийн засгийн хориг арга хэмжээний улмаас Иракийн 567 мянган хүүхэд амь насаа алдсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэхдээ тэрбээр “Энэ бол төлөх ёстой үнэ” хэмээн хэлсэн аж. Иракт бөмбөг бороо мэт асгарч байхад АНУ-ын Эрчим хүчний сайд У.Ричардсон газрын тосны томоохон компаниудыг гуйж гувшин байж хуучин ЗХУ-ын Төв Азийн бүс нутгаас хийн хоолой татаж, АНУ- ын нөлөөг тус бүс нутагт бэхжүүлж чадсан байна. Харин тэдгээр компанийн эзэд түүнд нэг баррель газрын тосны үнэ 40 ам.доллараас дээш байна гэдгийг баталгаажуулж чадахгүй бол энэ төсөл ашиггүй болно гэдгийг хэлсэн аж. Үүний тулд 2003 онд Иракт халдан довтолсон юм. Эрчим хүч гэдэг дэлхийд хамгийн их ашиг олдог түүхий эд. Гэвч энэ эрх ашгийг байнга хамгаалж байх ёстой байдаг. Тийм ч учраас Пентагоны зардлыг генералууд улам л нэмж, НАТО-г дорно зүгт тэлэх сонирхолтой байдаг. Энэ бүхний цөмд “Уолл Стрийт” оршино. Банкны эзэд болон улстөрчид ямар нэг хямрал бий болоход капитал АНУ руу урсч тус улсын төсвийн алдагдлыг нөхөж байдгийг мэднэ. Тиймээс зөвхөн ОХУ-аас энэ онд “зугтах” хөрөнгө 150 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос хоёр дахин нэмэгдэхийг тэсэн ядан хүлээж сууна. ЗХУ нуран унасан ч хүйтэн дайн дуусаагүй. Учир нь социалист системийн эсрэг өдөөсөн тэмцэл нь капитализмын дотоод зөрчлөөс үүдэлтэй юм.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)