Улаан кхмерийн удирдагчид гэм буруутай
- 2014-08-08
- Дэлхий
- 0
НҮБ-ын хүн төрөлхтөний эсрэг гэмт
хэргийн шүүх Улаан Кхмерийн хоёр
удирдагчийг гэм буруутай болохыг баталж
бүх насаар шоронд хорих шийдвэр
гаргалаа. Ингэснээр 1975-1979 онд
Камбож улсыг тэр чигт нь дарангуйлахдаа
хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн
аймшигт яргалал үйлдсэн Улаан Кхмер
бүлгийн удирдагчдаас ердөө гурав нь л
шийтгэлээ амслаа. Атомын бөмбөгөөс
илүү зовлон, тамлал 1970-аад оны дунд
үеэс сүүл үе хүртэл үргэлжлэхдээ урьд,
хожид байгаагүй их буюу хоёр сая гаруй
хүнийг хөнөөсөн. Зарим эх сурвалжид
гурван сая гэх нь ч бий. Ямартай ч, хоёр
сая гаруй гэдэг тоо бол баталгаатай
юм. 1975-1979 оны хоорондох дөрөвхөн
жилийн дотор хоёр сая гаруй хүн амиа
алдсан нь өдөрт дунджаар 1400 орчим хүн
амь үрэгддэг байсан гэсэн үг. Гэхдээ Улаан
Кхмерүүд тэдгээр хоёр сая гаруй хүнийг
дан ганц эрүүдэн тамлаж, хөнөөгөөгүй
юм. Ангигүй нийгэм байгуулахаар зорьсон
Улаан Кхмерүүд нийслэл хот болон
бусад томоохон хот, суурингийн оршин
суугчдыг эд хөрөнгийг хүчээр булаан авч,
хөдөө орон нутагт авчирч хүнд хөдөлмөр
хийлгэдэг байв. Цаг наргүй хөдөлмөрийн
мөлжлөгт автсан хүмүүс үй олноороо
үхэхийн зэрэгцээ томоохон хэмжээний
өлсгөлөн нүүрлэж олон зуун мянган хүний
амь насыг авч оджээ. Тэгвэл энэ аймшигт
цус асгаруулсан дөрвөн жилийн хугацаанд
ямар ч эзэнт гүрний хаанаас илүү эрх дарх
эдэлж, бах таваа хангаж байсан хүмүүсээс
өчигдөр хоёр нь шүүгдэж бүх насаараа
хоригдох ял сонсов. Хэдий тийм ч тэдний
нас хэдийнэ өндөрт гарч, “хөгшин хонины
насгүй” болсон хүмүүс. Тэд бол Улаан
Кхмерүүдийн дээд удирдагч, өөрийгөө Пол
Пот хэмээн нэрлэсэн Салот Сарын орлогч
Нуон Чеа болон Улаан Кхмерийн Маоист
/Хятадын удирдагч Мао Зедуны үүсгэсэн
дэглэм/ дэглэмийн төрийн тэргүүн Кхиеу
Самфан нар юм. Нуон Чеа өдгөө 88 настай
бол Кхиеу Самфан 83 настай. Харин
үүнээс өмнө “Дач” хэмээх нэрээрээ 1970-
аад оны сүүл үед Камбожийн жирийн
иргэдийн дунд “эрлэгийн элч” хэмээн
яригдаж байсан Улаан Кхмерийн цуст
шоронгийн дарга Канг Кек Иеуг шийтгүүлж
шоронд хоригдсон юм. Түүнд олон зуун
мянган хүнийг тарчлааж, хүчирхийлж
хөнөөсөн хэргээр 2012 оны хоёрдугаар
сард 30 жилийн хорих ял оноосон ч НҮБ-
ын дэмжлэгтэй Камбожийн шүүхийн Улаан
Кхмерийн хэргийн тусгай танхимаас энэ
шийдвэрээ сунгаж бүх насаар хорих ял
болгосон юм. Канг Кек Иеу өдгөө 71 настай.
Тэгвэл үүний дараа эрчимтэй явагдаж
ирсэн Улаан Кхмерийн дөрвөн удирдагчийг
шүүх хурал эхэлсэн цагаасаа хойш 17
жилийн дараа сая нэг юм дуусч, хоёр нь
ял авлаа. Улаан Кхмерийн дэглэмийн
үеийн буруутнуудыг шүүх танхим НҮБ-
ын дэмждэгтэйгээр Камбожид 1997 онд
байгуулагдаж, тухайн оныхоо долдугаар
сараас Нуон Чеа, Кхиеу Самфан болон өөр
хоёр удирдагчийг шүүж эхэлсэн юм. Гэсэн
ч шүүх хурал олон жил үргэлжилж энэ
хооронд Нуон Чеа, Кхиеу Самфантай хамт
шүүгдэж байсан Улаан Кхмерийн төрийн
Шадар сайд болон Гадаад хэргийн сайд
Иенг Сари өнгөрөгч 2013 оны гуравдугаар сард 87 насандаа зүрхний дутагдлын
улмаас насан эцэслэсэн бол түүний эхнэр,
Улаан Кхмерийн “тэргүүн хатагтай” гэгддэг
Нийгмийн хэргийн сайд Иенг Тиритийг
2012 оны арванхоёрдугаар сараас мартах
өвчний улмаас шүүх хурлаас чөлөөлсөн.
Түүний сэтгэцэд өөрчлөлт орсон хэмээн
шүүгчид нэг жил орчмын өмнө шоронгоос
суллах шийдвэр гаргасан бөгөөд өдгөө
Иенг Тирит 82 настай энх тунх гэртээ
амарч байна. Харин тэднээс үлдсэн Нуон
Чеа, Кхиеу Самфан нар өдийг хүртэл
өөрсдийгөө гэм буруугүй хэмээн гүрийсээр
байв. Гэсэн ч тэднийг гэм буруутай болохыг
баримтаар нотолж, хийсэн хэрэгтээ
хариуцлагаа хүлээж буй Улаан Кхмерийн
дэглэмийн анхны дээд удирдагчид болгов.
Улаан Кхмерийн дэглэм Камбожийн
хамгийн аймшигт түүхэн үе бөгөөд хөдөө
аж ахуйн нийгэм байгуулахаар зорьсон
тэдний дарангуйллын үед тус улсын бараг
бүх сэхээтэн, дээд төвшнийхөн, тэр ч бүү
хэл хүүхэд эмэгтэйчүүд олноороо амиа
алджээ. Улаан Кхмер хэмээх улс төрийн
хөдөлгөөн харийн дарангуйлагчдаас илүү
элэгт нэгтнүүдээ зовоож, өчүүхэн төдий
зүйлээс төрийн дайсан хэмээн цаазалдаг
байв. Хэрвээ Улаан Кхмерүүдийн давралыг хөрш Вьетнамын Засгийн газар
сонсч, цэргээ илгээгээгүй бол өдийд бас
нэгэн тусгаарлагдмал улс бий болж, олон
улсын аюулгүй байдалд заналхийлсээр
байх байв. Улаан Кхмерүүд хөдөө аж
ахуйн нийгэм байгуулахаар хэтэрхий
улайрч хотын иргэдийг хөдөө рүү цөлж
хотуудыг хоосолсноор Камбожийн эдийн
засаг уналтад орж хоол хүнсний арвин
их нөөцтэй болох бус харин ч эсрэгээрээ
аймшигт өлсгөлөнд нэрвэгдэж олон
улсад нэг талыг барьсан нийгэм ашиггүй
гэдгийг нотолсон. Улаан Кхмерүүдийн
хядлагад сэхээтнүүд, дээд төвшнийхөн
дотор оюуны чадамж өндөртэй хүмүүс,
үндэсний цөөнх, хуучин төрийн албан
тушаалтнууд болон тэдгээрийн гэр бүлүүд
өртөж, үндсээрээ хүйс тэмтрэгдсэн түүх
бий. Нөгөөтэйгүүр Улаан Кхмерүүд хилийн
хамгаалалтаа бэхжүүлж, иргэдийг гадагш гарахыг бүрмөсөн хориглож, нэг ёсондоо
хаалттай гүрэн болж хувирсан юм. Үүнээс
гадна тухайн цаг үед Камбожид нэвтэрсэн
нэг ч гаднын жирийн хүн байхгүй аж. Улаан
Кхмерүүдийн даврал туйлдаа хүрч, хөрш
орнуудынхаа хил дээр зэвсэгт мөргөлдөөн
үүсгэж, энэ үйлдэл нь олон дахин
давтагдсаны эцэст Улаан Кхмерүүдийн
үндэсний яргаллыг үл тоож байсан
Вьетнам улс цэргүүдээ илгээж, тэднийг
дарснаар Камбожийн ард түмэнд итгэлийн
нар бэлгэлэсэн. Вьетнамын цэргүүдийн
дайралтад өртсөн Улаан Кхмерүүдийн
удирдагчид баруун өмнө зүгийн ширэнгэн
ой уруу зугтаж тэндээ бүгсэн. Уг бүс
нутгаар дамжин зөвхөн далайд гарах
боломжтой агаад Улаан Кхмерүүдийн
удирдагчид ширэнгэд нуугдаж боломжтой
цагийг хүлээсээр байв. Гэсэн ч энд ирснээс
жил гаруйн дараа Улаан Кхмерүүдийн
дээд удирдагч Пол Пот зүрхний дутагдлын
улмаас амьсгал хураажээ. Үүний дараа
Улаан Кхмерүүдийн “хоёрдугаар ах”,
“гуравдугаар ах” Нуан Чеа болон Кхиеу
Самфан тэргүүтэй гэмтнүүд нийслэл
Пномпеньд ирж, өөрсдийгөө ч бас зовсон
хэмээн улс төрийн бусад хүчинтэй хамтарч
засаг барьсаар байсан ажээ.Э.Төгсжаргал

Сэтгэгдэл (2)
давидын зөв (202.70.38.94)
үнэн2
Давид (166.137.208.22)
Миний сонсноор бүх эрдэмтэн оюутан дотроос ганцхан хүн амьд үлдэж. Нэг ч урлаг соёлын зүтгэлтэн амьд үлдээгүй.Нүдний шил зүүдэг бол нийгмийн дайсанд тооцдог. Дунд боловролоос дээш бүх хүнийг устгасан. Гудамжаар мөнгө бол зүгээр цаас шиг хийсч байсан. Бүх ард түмнээрээ хуаран шоронд өдөржингөө тариалан дээр ажиллаад орой нийтийн байранд унтдаг. Гэр бүл энэ тэр байхгүй. Ямар ч анги давхрага байхгүй зөвхөн бүгд тариачин эсвэл цэрэг тэгээд л боллоо. Нэг ч сургууль.эмнэлэг байхгүй. Бүгдийг нь шорон болгосон. Сум хэмнээд хүмүүсийг зүгээр хүрз юм уу жоотуугаар тархи уруу нь цохиод алчихдаг. Гар нь цагаан цэврүүтээгүй бол дайсанд тооцдог. Өвчтэй юм уу өндөр настай болоод ажил хийж чадахгүй бол цаазалдаг.5 сая иргэнийхээ 3 саяыг нь 4 жилийн дотор устгасан. Дэглэм унасны дараа энэ улс нэг ч эмч, багш, сэхээтэн,мэргэжилтэй боловсон хүчин үлдээгүй ба ямар ч бааз суурь үлдээгүй бүгд устгагдсан байсан.