А.Баттүшиг: Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх нь зөв

“Страто” ХХК-ын Гүйцэтгэх захирал А.Баттүшигтэй ярилцлаа.

-Өнгөрсөн 11-р сарын 22-нд УИХ-ын чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа. Энэ нь танай компанийн үйл ажиллагаанд ямар нөлөө үзүүлэхээр байна

-Газрын доорх баялаг, Монгол Улсын нийт ашигт малтмал бол ард түмний өмч мөн гэдэгтэй би санал нэг байдаг. Үндсэн хуулиараа ч үүнийг тодорхой заагаад өгчихсөн. Үүнийг хэн нэгэн, аль нэг компани олборлож л байгаа бол рояалти буюу Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг (АМНАТ) улсад төлөх ёстой. АМНАТ төлснөөр ордоос гаргаж авсан баялаг нь тухайн компанийн өмч болдог. Ийнхүү олборлосон баялагаа тэр компани экспортлоно уу, өөрсдөө ашиглана уу, өөр компанид зарна уу бусдад хамаагүй болдог зарчимтай. “Страто” компанийн хувьд АМНАТ-аа төлчихсөн, олборлолтын зардлаа шингээсэн, ашгаа нэмсэн зах зээлийн үнээр “Эрдэнэс Таван толгой” компаниас түүхий нүүрс дуудлага худалдаагаар худалдаж аваад дотооддоо баяжуулж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргадаг. Баяжуулахдаа 400 километр тээвэрлүүлэж үйлдвэртээ авч ирдэг. Бид нэг тонн нүүрс дотоодын үйлдвэрт баяжуулаад зах зээлд гаргаж зарахад ямар зардал гарч, зам туулж байгаа процессийг зургадугаар сарын үнийн жишээгээр товч тооцоолон ярья.

Манайх “Эрдэнэс Таван толгой” компаниас нэг тонн нүүрсийг 72 ам.доллараар худалдаж аваад үйлдвэр рүүгээ тээврийн компаниудтай гэрээлэн тээвэрлүүлж авчирдаг. Яг энэ дамжлага дээр л гэхэд 500 ажлын байр шинээр бий болсон. Ингээд үйлдвэртээ угааж, баяжуулахад Говьсүмбэр аймагт 80 хүний ажлын байр шинээр бий болсон. Ингээд Эрдэнэс Таван толгойгоос нэг тонн нүүрсийг аваад баяжуулж нэмүү өртөг шингээгээд манай компани нэг тонн нүүрснээс ойролцоогоор 5 ам.долларын ашиг олж болох тооцоотой байлаа. Худалдан авч байгаа нүүрсний чанар, үйлдвэрийн угаах гарц бас тогтмол байдаггүй. Хятадын зэх зээл дэх үнийн хэлбэлзэл, эрэлт хэрэгцээ гэх мэт олон зүйлээс манай компанийн ашиг хамаардаг байсан бол шинээр баталсан хуулийн өөрчлөлтөөр АМНАТ гэх цоо шинэ төлөвлөөгүй хүчин зүйл ороод ирлээ, үүний дагуу манай компани яг одоогийн байдлаар нэг тонн нүүрс болгон дээр 2 ам.долларын алдагдал хүлээхээр болчлоо.

-Сая АМНАТ-тай холбоотой асуудал Үндсэн хуулийн Цэц дээр хэлэлцэгдээд УИХ үйлдвэрүүдээс давхар АМНАТ авахгүй байх шинэ, сайн хууль баталсан юм биш үү?

-Үгүй ээ. Сангийн яамны тайлбараар сэтгүүлч та бүхний авсан ойлголт батлагдсан хуулиасаа яг эсрэгээрээ байгаа. Нэг ёсондоо нийгэмд өгч байгаа ойлголт батлагдсан хууль хоёр нэг юмны хоёр тал шиг ч биш бүр хол зөрүүтэй байна. Улаан өнгөтэй зүйлийг хар өнгөтэй гэж тайлбарлаад байгаа хэрэг. Үүнийг нь нээрээ хар өнгөтэй байна гээд хүлээн зөвшөөрч болохгүй биз дээ. Цэц бол Үндсэн хуульд бусад хуулийг нийцүүлэх ажлыг л хийдэг шүү дээ. УИХ-ын баталсан хууль Үндсэн хуулийг зөрчсөн байвал засч сайжруулаад Үндсэн хуульд нийцүүлэх үүргийг өгдөг. Энгийн жишээ авахад аль нэг компани бусдаар байшин бариулж байна гэж үзвэл захиалагч нь Цэц, тоосго өрөгч нь УИХ. Гэтэл тоосго өрөгч ханаа далий өрсөн байж. Үүнийгээ зас гэдэг шаардлагыг захиалагч компани буюу Цэц шийдээд тэр ханыг нураасантай ижил үйл явдал болсон. Гэтэл далий хана өрсөн өрөгч буюу УИХ маань “Үгүй ээ. Энэ хана тэгшхэн байна” гээд яг хуучнаар нь буцаагаад далий өрчихлөө.

Хууль тогтоогчдын энэ буруу шийдвэрээс болж манай компанитай нийлээд 39 үйлдвэр хаалгаа барих хэмжээнд хүрлээ. Яагаад гэвэл Цэцийн хүчингүй болгосон заалтуудын зөвхөн хэлбэрийг нь өөрчилж Үндсэн хууль зөрчсөн хүчингүй болсон зүйл заалтуудыг нь агуулгаар нь бүр тодруулж өгөөд УИХ баталчихлаа. Энэ хуулиар баяжуулсан нүүрсийг борлуулах үнээс 5 хувийн төлбөр төлөхөөр зүйлчлэгдсэн байна.

Ашигт матмалын хуулийн 47 дугаар зүйлд АМНАТ-ыг нэгдүгээрт хэн төлөх вэ, хоёрдугаарт ямар суурь үнээс бодож төлөх вэ, тэр суурь үнээс хэд хэдэн хувиар бодож авах вэ гэдэг үндсэн гурван асуудлыг зохицуулж байдаг. Гуравдугаар сарын 26-наас өмнө зөвхөн ашигт малтмалын ашиглалтын буюу А лицензтэй хүмүүс АМНАТөлбөрийг төлдөг байсан. Өнгөрсөн хавар энэ хуулийг өөрчлөхдөө хамрах хүрээг нь нэмээд ашиглаж байгаа этгээд шат дамжлаг бүртээ давхардуулан АМНАТ төлөхөөр болгосон юм. Цэцийн шийдвэрийн гол агуулга нь АМНАТ-ыг зөвхөн А лицензтэй хүмүүс төлөх нь зөв байна харин ашигласан, дамжуулан худалдсан хүмүүс шат дамжлаг бүртээ АМНАТ төлөхөөр зохицуулсан нь Үндсэн хуулийн заалтыг зөрчиж дотоодын үйлдвэрлэл хөгжих боломжийг хаасан бөгөөд энэ нь Үндэсний эдийн засгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх нөхцөлийг үүсгэсэн байна гэж үзсэн.

Ямар суурь үнээс, хэдэн хувиар бодож АМНАТ авах вэ гэдэг асуудлаа хуулиараа тусгайлан зохицуулах нь зөв, авах ч ёстой. Ганцхан хэнээс авах вэ гэдэг нь л чухал. Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж буй баяжуулах боловсруулах үйлдвэрүүд нэгдээд хуульч Цэцэд гомдол гаргасан. Одоо энэ хуулиар Таван толгой түлш ХХК, цахилгаан станциуд, алт мөнгөний дархан, үнэт чулуугаар хөөрөг хийдэг хүмүүс хүртэл АМНАТ төлөхөөр болчихож байгаа юм. Яаж тэр уран дархануудаас АМНАТ-ын төлбөрөө авах юм. Бүх алт мөнгөний дарханаас энэ АМНАТ-аа авч чадах юм уу. Сайжруулсан түлшийг зарж, борлуулж байгаа хүмүүсээс АМНАТ авч чадах юм уу. Ингээд сууриараа бүх зүйлд сөргөөр нөлөөлөхөөр болгосон. Эндээс харахад энэ хууль бүх шатанд хүндрэл бий болгохоор байна. Татварынхан болон Сангийн яамныхан маань давхардаагүй гээд байдаг. Гэтэл гурван удаа авч байгаа. Эхнийх нүүрс худалдан авахад 2.5 хувийн АМНАТ. Үүнийг худалдан авах үнэдээ шингээн бид төлдөг. Дараа нь баяжуулаад бусдад худалдахадаа борлуулалтын үнээс 5 хувийн АМНАТ-ыг төлж байгаа. Ингэхдээ түүхий нүүрс худалдан авах үеийн 2.5 хувийн АМНАТ-ыг хасаж тооцно гэсэн. Түүхийгээр нь авах болон боловсруулаад зарахын хооронд үнийн асар их зөрүү бий. Дээрээс нь өсөн нэмэгдэх АМНАТ гэж бий. Тэрийг бас авч байгаа.

Бүр ойлгомжтойгоор ярихад улаан буудайг авахад нэг дэх, гурил болгоход хоёр дахь тэгээд талх үйлдвэрлэхэд гурав дахь татвараа тус бүр борлуулалтын үнээс авч байгаагаас ялгаагүй зохицуулалт. Будаанаас нь, гурилаас нь, талхнаас нь тус бүр авч байгаагаа буудайнаас, гурилнаас бид хоёр татвар аваагүй, талхнаас ч хоёр удаа татвар аваагүй гэж тайлбарлаад байгаа. Нэг бүтээгдэхүүнээс ингэж гурван удаа АМНАТ авч байгааг давхардсан гэж үзэхээс өөр юу гэх юм бэ. Давхардуулаагүй гэж тэдний ярьж байгаа нь нэг бүтээгдэхүүнийг дамжуулж боловсруулсан гурван өөр субъектээс тус бүр дээр нь АМНАТ тавьчихаар нэг байгууллага дээр давхар оногдоогүй гэж тайлбарлаад байгаа юм. Гэвч ашигт малтмалд ордог нүүрс гэх нэг бүтээгдэхүүнээс бол яалт ч байхгүй гурван удаа АМНАТ авч байгаа.

Энэ хуулийн гороор өөрийн уурхайгүй олон арван үйлдвэрүүд хаалгаа барьж, ажилчдаа цомхотгож, үйл ажиллагаагаа зогсоож байна. Энэ хууль үнэхээр Үндэсний боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг боомилсон, тэдний эсрэг хууль болсон. Тухайлбал, манай компани энэ хуулиас болж дараагийн төлөвлөгөөгөө бүрэн зогсоолоо. Монгол Улсыг коксын үйлдвэртэй болгох төлөвлөгөө байсан юм шүү дээ. Одоо явуулж байгаа нүүрс баяжуулах үйлдвэрлэлээ ч зогсоож, нийт 104 ажилчнаас 76 хүнийг ажлаас чөлөөлөх мэдэгдэл хүргүүлээд байна. Эрдэнэс Таван толгойгоос үйлдвэр рүү хүргэх нүүрс тээвэрлэлтээ зогсоож үүнийг дагаад 500 орчим хүн ажлын байргүй боллоо. Ингэж олон мянган хүнийг ажилгүй болгож, олон арван үйлдвэрүүдийн хаалгыг барьж байгаа хууль сайн хууль мөн үү. Хууль тогтоогчдоос ийм л асуулт асуумаар байна.

-Танай кампани сүүлийн үед ихээхэн хэл ам дагуулаад байгаа. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой нийлж АМНАТ-ыг Цэцээр хүчингүй болгуулсан юм уу?

-Олон асуудал ярьж байна. Нэг бүрчлэн няцаалт өгөхгүй бол болохгүй бололтой. Дуугуй байх тусам худал цуурхал нь үнэн мэтээр олон нийтэд ойлгогдоод байх шиг. Нэгдүгээрт манай компанийг З.Энхболдынх гэж гүтгэх нь хэрээс хэтэрлээ. Манай компанийн 50 хувь нь гадны хөрөнгө оруулалттай. Монголын талаас гурван хувьцаа эзэмшигчтэй. Би өөрөө 37 хувийг нь эзэмшдэг. Ийм олон тал, ийм олон бизнесмэнүүд хөрөнгө оруулж, хоёр жил гаруйн хугацаанд үйлдвэрээ барьж босгосон. Манайхан амжилттай яваа бизнесүүдийг татаж унагахдаа, улстөржүүлж харлуулахдаа үнэхээр гаргууд юм. Энэ үйлдвэрийн ард нуугдаж байгаа үнэн гэвэл би Германы хөрөнгө оруулалтын сангаас хөрөнгө босгож, Хятадын талаас мөнгө зээлсэн. Страто компани хэнийх вэ гэдэг асуултын хариулт ийм л байна.

Мөн манай компанийг Үндсэн хуулийн Цэцийг лоббидсон, шийдвэрт нь нөлөөлсөн гэх мэтээр гүтгэж байна. АМНАТ-ыг Үндсэн хуулийн Цэц хэлэлцсэн тухайд гэвэл үйлдвэрлэгч нарын эрх ашгийг хамгаалж хуульч Цэцэд гомдол гаргасан нь үнэн. Яагаад гэвэл өнгөрсөн гуравдугаар сард батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлтөөр орд эзэмшдэггүй, уул уурхайн олборлолт явуулдаггүй боловсруулах үйлдвэрүүд энэ хуулийн дор оршин тогтнох боломжгүй болсон тул бидний эрх ашиг шууд сөргөөр хөндөгдөж эхэлсэн. Үүнийг л буруу байна гэж Цэцэд гомдол гаргасан юм. Энэ асуудал дан ганц манай компанийн асуудал биш өөрийн гэсэн ордгүй түүхий эдээ худалдаж авдаг бүх үйлдвэрүүдийн асуудал.

Ингээд гүтгэлэг зогсоогүй. Зарим хүмүүс манай компаний танилцуулгыг барьчихаад гадуур нууц төлөвлөгөө олсон мэт сенсацилаад байхыг ойлгохгүй байна. Тэр танилцуулга бол Монгол, Англи, Хятад хэл дээр гурван мянган хувь хэвлэгдэн тараагдсан байдаг. Бид угаасан нүүрсээ дахин боловсруулаад гангийн үйлдвэрт гол түүхий эдийн нэг болдог кокс үйлдвэрлэнэ, дээрээс нь гарч байгаа уураас цахилгаан үйлдвэрлэнэ гэсэн давхар амбиц тээж байсан. Энэ төлөвлөгөө маань ерөөсөө нууц биш. Бас Бороо гоулдынх шиг тогтвортой байдлын гэрээг нууцаар хийсэн гэж хэсэг шуугисан. Үндэсний хөгжлийн газар манай үйлдвэрийн нээлтэд ирж Тогтворжуулах гэрчилгээ олгосон нь үнэн. Энэ үйл явдал 300 гаруй хүний нүдэн дээр, 20 орчим хэвлэлийн камерийн өмнө болсон явдал. Уг тогтворжуулах нөхцөлөөр дөрвөн төрлийн татвар, төлбөр тогтворжсон болохоос Бороо гоулдынх шиг чөлөөлөгдсөн, хөнгөлөгдсөн асуудал нэг ч байхгүй. Гурван жилийн хугацаанд 42 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх нөхцөлтэйгөөр энэ гэрчилгээ олгогдсон. Дараа жил энэ нөхцөл нь биелэгдэхгүй бол уг Тогтворжуулах гэрчилгээ хураагдана гэсэн үг.

-Танайд зориулж төмөр зам барьж байгаа гэдэг мэдээлэл ч гадуур байна?

-Би дахин хэлье. Манайх шиг жилдээ нэг сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай үйлдвэрт зориулж төр олон зуун тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ гэж байхгүй. Төр хаана хөрөнгө оруулах нь улсын бодлогын асуудал. Цаашид Монгол Улсад үр өгөөжтэй учраас энэ бүтээн байгуулалтыг хийж байгаа байх.

-Танайх Цэцэд гомдол гаргаснаар Страто компани биш Монгол Улс орлогоороо хохироод байгаа юм биш үү. Гадуур Төсвийн орлого тасалдаж 100 тэрбум төгрөг сох дутахаар болчихоод байгаа гэдэг яриа байна.

-Ингэж ярьж байгаа хүмүүсийн зорилго нь тодорхой. Мундаг эдийн засагч, улстөрч хүмүүс ийм тайлбар хийгээд байгаа. Хууль дүрмийг нь харвал маш ойлгомжтой. Аравдугаар сарын АМНАТ-ын тайланг арваннэгдүгээр сарын 20-ны өдрөөр тайлан өгдөг. Тайлан дээр тусгагдсан хэмжээгээрээ төлбөрөө төлөөд явдаг. Тэгэхээр Цэц аравдугаар сарын 30-нд шийдвэрээ гаргаж ажлын 15 хоногийн дотор янзал гэсэн үүргийг УИХ-д өгсөн. Энэ хугацандаа УИХ хуулийг өөрчөлсөн байх. Асуудал үүсэхээргүй. Яагаад гэвэл асуудал үүссэн гэх арваннэгдүгээр сарын АМНАТ-ын тайланг одоо буюу энэ сарын 20-ны өдөр явуулна. Явуулсан тайлангаараа АМНАТ-аа төлнө шүү дээ. Үнэхээр энэ асуудлыг ойлгоё гэсэн бол Цэцийн шийдвэр, УИХурлын Дэгийн тухай хууль, АМНАТ-ын заалт, Ашигт матмалын хуулийн өөрчлөлтийг дагаж гарсан журмыг олоод харчихад бүх зүйл ойлгомжтой байгаа.

Мөн манай компани экспортлож байгаа нүүрсээ төмөр замаар Хятад руу гаргаж байгаа. Хэдэн тонн нүүрс, хэдэн сард, ямар үнээр гаргасан нь нууц биш. Хууль үйлчлэхгүй хугацаанд АМНАТ-аас ашиг олж сонгуулийн санхүүжилт босгож байгаа гэж манай компанийг гүтгэх нь бүүр ойлгомжгүй байна. Ийм зүйлийг албаар гуйвуулж тайлбарлаж байгаа хүмүүс бол өөрийн нэр хүнд, эзэмшсэн мэргэжлээ улс төрийн зорилгоор ашиглаж байгаа хэлбэр. Ийм ойлгомжтой зүйлийг ялгаж харж чаддаггүй эдийн засагчид, хуульчид байна гэдэгт би хувьдаа итгэхгүй байна.

-Татварын Ерөнхий газар, Сангийн яамнаас Страто компани 3.2 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаалт авах нь гэдэг шуугиан бас гарсан?

-Энэ асуудлыг НӨАТ-ын тухай хуулиар зохицуулдаг. АМНАТ-тай хольж хутгах нь өрөөсгөл. Бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортолж байгаа бүх компаниуд НӨАТ-ын буцаан олголт авдаг. Зарим компаниуд хэдэн арван тэрбум төгрөгийн буцаан авалт хийдэг. Төсвөөс татаас аваад байгаа юм огт биш НӨАТатвар гэж нэмж төлсөн мөнгөө л төлсөн мөнгөө л буцааж авч байгаа асуудал. Энэ нь муу гэсэн үг биш харин ч сайн зүйл. Яагаад гэвэл тэр хэмжээгээрээ улсын сан хөмрөг, төсөвт орлого оруулсан байна гэсэн үг юм.

-Тэгвэл та нар яагаад ийм эрсдэл ихтэй, ашиг багатай бизнест хөрөнгө оруулалт хийсэн юм бэ?

-Бид энэ бизнесийг 2017 оны намар эхлүүлэх шийдвэрийг гаргаж хөрөнгө оруулалт хийсэн. Тухайн үед манай хамтрагчид үйлдвэрээ хилийн цаана баръя гэхэд нь “Үгүй ээ Монголд ажлын байр, хөрөнгө оруулалт хэрэгтэй” гэсээр байгаад дотооддоо эхлүүлтэл ийм зүйл болчихлоо. Манай хөрөнгө оруулагчдын зөв байжээ. Монголын бодлого тодорхой бус тогтворгүй гэхэд нь зөрөөд хийсэн нь буруу боллоо. Үйлдвэрээ босгож, ашиглалтад оруулахаас нэг сарын өмнө буюу 2019 оны гуравдугаар сарын сүүлээр энэ Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж батлагдсан. Нэгэнт ийм асуудал үүссэн учраас гомдол гаргаж Цэцэд хандсан юм. Энэ бизнесийг эхлэхэд ийм хууль байсан бол хэзээ ч Монголд хөрөнгө оруулахгүй байсан.

-Одоо уул уурхайн үндэсний үйлдвэрлэгчид яах вэ?

-Цаашид уул уурхайн бүтээгдэхүүнээ дотооддоо боловсруулж, ажлын байр шинээр бий болгох, нэмэгдсэн өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүх зам хаагдлаа. Галуу дуурайж хэрээ хөлөө хөлдөөнө гэдэг шиг нэгэнт хүчирхэгжиж, хөгжиж, солонгорсон эдийн засагтай Австралийн жишээг дуурайж монголчууд үндэсний үйлдвэрлэлээ сөхрүүллээ. Жишээлбэл, Австрали улс дэлхийн төмрийн хүдрийн худалдааны 53 хувь, гангийн экспортын 0.4 хувь, нүүрсний экспортын 32 хувь, коксын үйлдвэрлэлийн 0.4 хувийг эзэлдэг. Эндээс юу харагдаж байна вэ гэвэл Моргентаугийн төлөвлөгөө шиг хэсэг бүлэг хүмүүсийн нарийн зохион байгуулалттайгаар Монгол Улсыг аж үйлдвэржүйлэхгүй, түүхий эдийн бааз хэвээр байлгах сонирхол байна гэж хардахаас өөр арга алга. Энэ их улстөржилт, хэсэг бүлэг хүмүүсийн дайралтаас болж манай руу орж ирэх хөрөнгө оруулалт, мөнгөний урсгал ч зогслоо. Нэг л жишээг өгүүлэхэд бидний босгох коксын үйлдвэрт хөрөнгө оруулж, хамтарч ажиллах байсан хоёр ч хөрөнгө оруулагч маань татгалзсан хариу сүүлийн хэдэн хоногт өглөө. Асуудал үүгээр дуусахгүй. Надад итгэж Монголд хөрөнгө оруулсан түншүүдтэйгээ цаашид хэвийн харилцаж, хамтран ажиллахад ч бэрх болж байна.

Эцэст нь хэлэхэд АМНАТ авах нь зөв, ард түмний өмчийн байгалийн баялгийг ухаж гаргаж ирсэн хуулийн этгээдүүд л төлөх ёстой. Өөрөө ашигт малтмал олборлоод гаргаж байгаа хүмүүст өөрчлөгдсөн хуулиар шинээр ямар ч дарамт ирэхгүй. Олборлосныг нь худалдаж аваад бүтээгдэхүүн болгодог компаниудад л ихээхэн хүнд цохилт болсон. Монгол Улсад цаашдаа А лицензгүй л бол үйлдвэрлэл эрхлэх ёсгүй. Уул уурхайн бизнест оролцохыг хүсвэл түүхийгээр нь аваад гадагш нь гарга гэдэг ийм л логиктой хууль хийчихлээ. Үндсэн хуулийн Цэц ийм ялгаварлан гадуурхсан байдлыг буруу гэж үзсэн. Одоо Цэц өөрөө энэ асуудлыг дахин хэлэлцэж шийдэх хуулийн зохицуулалттай юм билээ. Энэ ажлаа хийх байх гэж найдаж байгаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)