Ч. Ундрал: "The Woman" киноны гол дүрийн бүсгүй яг л миний дотоод хүн байсан

“Choi Hainzan” продакшны үүсгэн байгуулагч, продюсер, жүжигчин Ч.Ундралтай ярилцлаа.


-Саяхнаас “The Woman” кино үзэгчдийн хүртээл болоод байгаа. Энэ кинонд чухам юуны тухай өгүүлдэг вэ?

-Үүнийг дан ганц эмэгтэй хүний тухай өгүүлсэн кино гэж ойлгож магад. Гэвч эх хүнээр дамжуулан дэлхий ертөнцийн хөгжлийн үнэлэмжийг илэрхийлэхийг зорьсон. Байгалиа аргадсан нүүдэлчин амьдралтай эх хүнийг дэлхийтэй адилтгах үзлийг шигтгэсэн. Энэ утгаараа“The woman” нэрийг кинондоо өгсөн. Коммершиал кино дандаа аз жаргалтай төгсгөлтэй байснаараа сэтгэл ханамжтай ч юм шиг болгодог. Арт хаус чиглэлийн зохиолчийн бүтээл учраас тодорхой хэмжээнд хүмүүст арай өөр өнцгөөс юм бодогдуулах болов уу. Түүнээс биш заавал гадаад эртэй нөхцүүлэх гээд, эсвэл хэн нэгнийг аллага хядлагатай хурц үзэгдлийг хүсээгүй. Намуухан, тайван өнгө аястай, үг болгон нь ухаарал хайрласан текстүүдтэй. Эх хэлний маань үгийн сан ямар баялаг билээ. Гэтэл яагаад дандаа хараалын үгтэй, утгагүй байх ёстой гэж.

-Монгол ёсонд эмэгтэй хүн мал муулах байтугай харахыг ч цээрлэдэг. Гэтэл энэ кинонд эмэгтэй хүн мал өвчиж буй агшинг харуулдаг. Уг үзэгдлээр чухам ямар санааг өгүүлэхийг зорьсон юм бол?

-Яг мал муулсан эсэхийг нь треилэр дээр нь харуулаагүй, зөвхөн өвчиж буй хэсгийг гаргасан. Цахим орчинд “Монголоо алдсан, ёс заншлаа гээсэн” гэсэн сэтгэгдлийг үзээд миний хувьд баярласан. Тэд Монголоо алдаагүй, энэ хэсгийг ойлгосон юм байна гэсэн утгаар хүлээн авсан. Тиймээс ч үзэгчид сайн харж, шүүжлэлтэй хандсанд дотроо баярласан. Чухамдаа өмнө нь хэн нэгэн муулсны дараа тэр эмэгтэй өвчөөд үлдэж байгааг харуулаагүй. Үүнийг үзэгчид бүтэн үзээд ойлгох байх. Мэдээж хонь өвчих хэсэг үнэхээр хэцүү байсан. Энэ зураг авалтыг ганц удаа л хийхгүй бол дахин дахин улаа үзэх сонирхол байхгүй. Миний хувьд амьдралдаа нэг ч удаа хийж үзээгүй зүйл шүү дээ.

-Жүжигчин Батаатай нэг анги гэж сонссон. Тиймдээ ч нэг кинонд дүр бүтээжээ?

-Мал чирээд ирэхээр энэ Ундрал чадахгүй дээ гэсэн харцаар харсан. Батаа дотроо ангийнхаа охиныг хотын айлгүйчүүдийн нэг гэж бодсон байх. /инээв/ Зураг авалтын дараа Батаа надад баяр хүргэсэн.

-Киноны зураг авалтыг Ховдод хийсэн гэв үү?

-Миний хувьд Улаанбаатар хотод төрсөн. Аав маань Ховдод төрж өссөн. Энэ ч утгаараа энэхүү киноны зураг авалтыг аавынхаа өлгий нутагт хийлээ.

-Эр нөхрөө алдаж хадам ээж, хоёр хүүхэдтэйгээ өнчрөн үлдсэн эмэгтэй хүний дүрийг бүтээжээ. Ерөөс эр хүний нөмөр нөөлөггүйгээр эмэгтэй хүн тэр их ачааг дангаар үүрч яваа агуулгыг гаргаад байх шиг?

-Мэдээж арга билиг хосолж амьдрал бүтэн оршино. "The Woman" кинонд солонгос эмэгтэй жүжигчний дүр ч томоохон үүргийг гүйцэтгэж байгаа. Тэр дүр кинонд харьцуулагдаж орж буй юм. Хэдийгээр гол дүрийн бүсгүй нөхрөө алдсан ч хадам ээжийгээ асраад хоёр хүүхдээ өсгөөд амьдарч явж болж байна. Гэтэл хөгжингүй хотожсон орны зарим эмэгтэй карьер, эд хөрөнгө, ажил мэргэжлээ эхэнд тавьдаг. Тиймээс ч гэр бүлийн үнэ цэнэтэй, ариун нандин чанарыг орхигдуулж байгааг харьцуулан гаргахыг зорьсон.

-Солонгосын алдарт жүжигчин Ан Жи Мүн “Зоригт эрийн түүх” киноны дүрээр олонд танигдсан. Энэ уран бүтээлчийг урьж, хамтран ажилласан нь сонирхолтой?

-Жүжигчин Ан Жи Мүний хувьд урьд нь монгол кинонд тоглож байсан туршлагагүй ч маш гайхалтай жүжиглэлт үзүүлсэн. Тэрээр урьд нь Монголд хэд хэдэн удаа ирж үзсэн юм билээ.“Зоригт эрийн түүх” кинонд тоглож байхдаа нэг ирсэн. Тэрний дараа хоёр удаа айлчилж ирсэн юм билээ.Монголчуудын сэтгэл зүрхэнд хоногшсон жүжигчнийг урьж авчирсан. Мэдээж гадны жүжигчидтэй холбоо тогтоож гэрээ байгуулах асуудал хагас жил үргэлжилсэн.

- Таны хувьд хамтран тоглоход ямар санагдсан бэ?

-Үнэхээр тулгатай, түшигтэй санагдсан. Угаас хоёр жүжигчин өгөө аваатай гэж байдаг. Миний үзүүлэх санааг ойлгохгүй өөдөөс өөр тоглолт гаргаад байвал хэцүү шүү дээ. Яг нэг уур амьсгалд орж тоглолтоо гаргадаг үнэхээр гайхалтай чадварлаг мэргэжлийн жүжигчин байсан. Мэдээж “The Woman” киноны зохиолыг солонгос хэл дээр гаргаж өгч байгаа юм. Ингэж зохиолоо уншиж судалсан учраас жүжиглэлт, кино тал дээр ойлголцлын зөрүү гараагүй, айхавтар төвөг учраагүй. Хэдий завандаа тэр олон текстийг цээжилсэн, монголоор ярьдаг ганц хоёр хэсгийн дуудлагыг байн байн асуугаад л хичээл зүтгэлтэй. Жүжигчин хүн зохиолоо уншиж судалсан болохоор харц, тоглолт, биеийн илэрхийлэмжээрээ мэдэрч ойлголцож байгаа. Мэдээж дандаа давхар орчуулга шаардлагатай учраас шууд харилцаа байгаагүй.

- Та “Би чамд хайртай 2” киногоор үзэгчдэд танил болсон. Энэхүү киноны эхний ангийг үзэхэд ямар мэдрэмж төрж байсан бэ?

-Угаас “Би чамд хайртай 1” бол хүн болгоны сэтгэлд хүрсэн үнэхээр гайхалтай бүтээл. Тухайн үедээ тэр сайхан уран бүтээлд тоглож байхдаа ойлгоогүй. Монголын бүх ард түмний сэтгэл зүрхэнд хүрсэн киноны хоёрдугаар ангид нээрээ би тоглосон юм байна гэж бодсон /инээв/. Яг түүн шиг багаасаа “Зоригт эрийн түүх” киноны Ким Ду Ханыг үзэж байлаа. Тухайн үед ямар мундаг жүжигчин, гоё ах вэ гэж шимтэн үзэж байснаас тэр хүнтэй мөр зэрэгцээд хамт кинонд тоглоно гэж төсөөлөөгүй. Тэгэхээр дэлхий ертөнц уудам, юу ч тохиолдож болно.

-Таны хувьд гэр бүлийн үнэ цэнийг хэрхэн тодорхойлдог вэ?

-Бүхнээс илүү гэр бүл чухал. Ажил мэргэжил, амжилт бүтээл, нэр төр хажууд нь юу ч биш. Энэ үнэ цэнийг мэдрэлгүй алдагдуулсан нөхцөлд амьдралын тэнцвэр алдагдана. Гэр бүлийнхээ ханыг нураахгүйгээр нуруун дээрээ авч явж, бусад асуудлыг энэ хананаас гадуур хаяснаар тэр ариун харилцаагаа хадгалж, гол нуруугаа аваад явдаг эрэгтэй зөв харагддаг. Эхнэр хүний хувьд ажил амьдралдаа тэнцвэртэй хандвал төгс харагдаад байгаа юм. Гэр бүл, үр хүүхэд гэж өөрийгөө нийгмээс тусгаарлахгүй, эсвэл карьер ажил гэж орхигдуулахгүй тэнцвэрээ барих чадамж эмэгтэй хүнд чухал. Тиймээс тэнцвэртэй байдлыг хадгалж чаддаг гэр бүл бат бэх харагдаад байна. Би хоёр хүүхэдтэй. Эх хүний хувьд хамгаас түрүүнд хүүхдүүдийнхээ хүмүүжил, боловсролд анхаардаг. Үр хүүхдэдээ юу үлдээх ёстой юм гэвэл боловсрол, хамгийн гол нь гэр бүлийн хүмүүжлийг олгох ёстой. Энэ бол эмэгтэй хүний нэн түрүүнд хариуцах, өөрийнхөө нуруун дээр авч явах зүйл юм.

-“The Woman” кино Гадаадын кино фестивальд оролцож байгаагаараа онцлогтой. Нүүдэлчдийн үнэт өв соёлыг шингээж шигтгэж өгснөөрөө гадаадын үзэгчдэд шинэ ертөнцийг нээх болов уу?

-Нүүдэлчин ахуйгаа л үзүүлэхгүй юм бол өөр юугаа дэлхийд харуулах билээ. Энэ соёл уламжлал, ахуйгаас өөр гайхуулах зүйл байхгүй шүү дээ. Бид гаднаас юу ч хайгаад нэмэргүй.

-Киноны дүрслэлээс эмэгтэй хүн багана түшээд зогсох дүр зургийг харахад их эвгүй санагдсан?

-Ингэж дуугарч байж л энэ нийгэмд хариу дохио өгч, харуулна шүү дээ. Бид үзэгчдийг хүчээр уйлуулъя гэж хүсээгүй, угаас уянгын халилыг айхавтар хийгээгүй. Гэвч хүмүүс уйлаад байна гэсэн сурагтай. Тэгэхээр илүү амьдралд ойрхон байсан юм болов уу. Ямар нэгэн хэтрүүлэггүй энгийн амьдралын өгүүлэмжтэй болохоор хувь хүн өөр дээрээ тусгаж, сэтгэлийг нь хөдөлгөдөг байж магадгүй.

-Аливаа уран бүтээлийг өлгийдөн авахдаа сайн, муу хоёр талаас нь хардаг. Тэгвэл "The Woman" кинонд "Зовлон, зовлон бас дахин зовлонг л харуулж байна. Энэ дунд чинь амьдралын сайхан гэгээлэг дүр зураг бага ч атугай байж болоогүй юм уу" гэдэг шүүмж гарсан байна лээ ?

-Би ерөөсөө ч зовлонтой эмэгтэйн дүрд тоглоогүй. Энэ гаслант амьдралдаа түүртсэн, ядарсан эмэгтэйн дүр биш. Харин ч Дагийна бол маш хүчирхэг бүсгүй. Мэдээж үзэгчдийн сэтгэгдлийг хүндэлнэ. Аливааг ямар өнцгөөр харахыг хүсэх нь хувь хүний асуудал байх. Халуун дулаан байшинд бичиг цаастай ноцолдоод, доктор профессор хийх бол нэг өөр ойлголт. Харин байгалийн өвөрмөц тогтоцтой, эрс тэс уур амьсгалтай нутагт түших тулах хань ижилээ алдаад амьдралынхаа төлөө зүтгэж байгаа эмэгтэй бол хамгийн супер эмэгтэй. Эх дэлхий байгалиа аргадаад, таван хошуу малаа хариулаад хадам ээжийгээ асарч буй ийм хүчирхэг бүсгүй юм. Хэдий бэлэвсрээд үлдсэн. Ялархах зүйлгүйгээр амьдарч байгаа "wonder woman" байгаа биз./инээв/ Урлагийн шүүмжлэгч нар тун ховор шүү дээ. Шүүмжлэгч нарт тоогдоод шүүмжлэгдэж байвал арай дөнгүүр юм болсон гэж харж байгаа. Хурц тод өнгө шийдэл, ар араас хөвөрсөн үйл явдалтай эмоци төрүүлэх бүтээл биш.

-Хүний хамгийн нандин чанарыг өөрийнхөөрөө тодорхойлбол?

-Ямар ч үед унаган зангаа л алдаж болохгүй. Арван жил, их сургуульд сурч, ажил хөдөлмөр эрхэлнэ, гэр бүл үр хүүхэдтэй болох энэ амьдралын явцад хүн олон зүйлийг үзнэ. Магадгүй зарим нь хэт биеэ тоож болно, эсвэл унаган зангаа алдаад дорд болсон нь ч байдаг. Яг өөрийнхөө унаган занг ямар ч цаг үед алдахгүй байх нь чухал. Үүнийгээ алдахад л тэс өөр нэгэн болдог. Багадаа ямар хүүхэд байсан тэр зангаа гээж болохгүй гэж өөртөө үргэлж сануулдаг. Эцэг эхээс олгогдсон гэр бүлийн хүмүүжил, зан чанараа хаяхгүй хадгалах учиртай. Миний хувьд сахилгагүй л хүүхэд байлаа /инээв/ Дугуй унаад л эрэгтэй хүүхэд шиг спортод их дуртай.

-Цахим ертөнцөд ээждээ захидал бичих уралдааныг зарласан байна. Эдгээр түүх, сэтгэгдлийг уншиж үзэхэд ямар мэдрэмж төрсөн бэ?

-Монголчууд эцэг эхээ дээдэлж хайрладаг ард түмэн шүү дээ. Ямар сайндаа "Ээжийн бор аяга" гэдэг дуу хүртэл гарахав дээ./инээв/ Захидлуудыг уншихад хүн болгоны дахин давтагдашгүй нандин түүхээр аялж байгаа юм. Ээжийгээ эх дэлхийтэй зүйрлэж хайрлаж чадаж байгааг нь түрүүлүүлнэ. Байгалиас заяасан гадаад өнгө үзэмж энд огтхон ч хамаагүй. Эмэгтэй хүн тэсвэр тэвчээртэй, нинжин сэтгэлтэй, ямар ч шалгуур сорилтыг дийлээд гарах чадамжтай чадвартай байдаг нь хамгийн гоё.

-Таны зүгээс ээждээ илгээх сэтгэлийн үг?

-Эцэг эх, эхнэр нөхөр, үр хүүхдэдээ хайртай бол хариу нэхдэггүй. Хариу нэхэхгүйгээр зориулалт гаргахыг хайр гэж хардаг. Би ээжийнхээ талаар нэг их юм яримааргүй байна. Зүгээр миний сэтгэлд л нандин хэвээрээ байвал сайхан. Миний ээж гавьяатаас ч илүү алтан гартай эмч, улсдаа цөөхөнд тооцогдох үе мөчний тариа хийж олон хүнийг хөл дээр нь босгосон алтан гартай хүн. Дөрвөн хүүхдээ төрүүлж, өдий зэрэгтээ өсгөсөн ачтан. Ээж маань барагтай юманд дуугараад байдаггүй. Ер нь бол ээжийн маань дүр энэ кинонд байна л даа. Юунд ч ялархахгүйгээр бүх юмыг даагаад гарчихдаг. Үр хүүхэд биднийхээ хувьд ээж болгон тийм сайхан байх даа.

-“The Woman” киног хэзээ хийсэн бэ. Энэ жилийн хувьд цар тахлаас үүдэн олон арга хэмжээ цуцлагдсан шүү дээ?

-Цар тахлаас өмнө амжаад кино зураг авалт бүх зүйлээ хийсэн байсан. Уг нь гуравдугаар сарын 1-нд нээе гэж төлөвлөсөн боловч вирус гарсан учраас хадгалсаар кино театруудынхаа хүсэлтээр нээсэн. Хүүхэд насанд "Говийн ганц айл" нэвтрүүлгийг шимтэн үздэг байлаа. Тэгэхэд л энэ киног хийх хүсэл төрж, хийх бүтээх үр суусан гэсэн үг. Яг зохиолоос авахуулаад бэлтгэл ажлыг гурав, дөрвөн жил нухсан. Кино бол хамтын бүтээл гэдэг утгаараа энтертаймент ертөнцөд хамгийн сайн байгууллага, баг хамт олонтой хамтарч ажиллахыг зорьсон. Мөн олон улсын жүжигчин авчирч, дэлхийн зах зээл рүү гаргах эрмэлзэлтэй байсан. Тиймээс ч техник, тоног төхөөрөмжийн шалгуурт багтах сайн камер хэрэглэх шаардлага нэн түрүүнд үүссэн. Манай кинонд 70 гаруй хүн ажилласан, олон хүний хүч хөдөлмөрөөр боссон гэсэн үг.

-Сар гаруй хугацаанд гурван мянган метрийн өндөртэй ууланд гарч зураг авалт хийсэн гэв үү?

-Бид гурван мянган метрийн өндөртэй уул биш юм аа гэхэд Зайсан толгой руу өдөр болгон гарахад ямар байхав. Баатарван уулын Босготын даваа гэдэг газар өглөө болгон гараад, орой болгон бууж сарын хугацаанд зураг авч, гайхалтай хөдөлмөрч ажилласан. Тэр дунд шантрах үе ч гарна, даваад гарч чадна гэсэн зориг ч орно.

-Жүжигчид сэтгэл хөдлөл өндөртэй байдаг. Таны хувьд дүрээ бүтээхдээ сэтгэл зүрхний угаас уйлж байсан тохиолдлууд бий юү?

-Дүр бүтээсэн кино болгон дээрээ хэрвээ уйлж харагдаж байгаа бол энийг чин сэтгэлээсээ хийж байгаа гэсэн үг. Түүнээс биш зүгээр уйлаад үзүүлэхийг ямар ч жүжигчин хүсэхгүй, мэргэжлийнхэн хэзээ ч тэгэхгүй. Жүжигчин хүний хувьд хамгийн том хүсэл мөрөөдөл бол аливаа тоглосон уран бүтээлдээ дүр бүтээхийг л хүсдэг. Яахав тэрийг жинхэнэ дүр болж уу гэдгийг ард түмэн дүгнэдэг. Насаараа жүжиглээд дүр бүтээгээгүй нэгэн байхад ганцхан кинонд тоглоод дүр бүтээсэн хүн ч бий. Тиймээс энэ бол бүх жүжигчдийн хүсэл мөрөөдөл юм. Өөрөөсөө өөр дүр бүтээнэ гэдэг өөрөө маш том зүйл.

-“The Woman” киноны дүр танаас өөр дүр байв уу, эсвэл таны амьдарлын дүр байсан уу?

-Надаас шал өөр хүн хэдий ч, гол улаан шугам нь яг л миний дотоод хүн байсан.

-Та одоо Л.Баатартай холбоотой байдаг уу?

-Мэдээж бид чинь дундаасаа Хабул гээд сайхан хүүтэй. Хүү маань аавтайгаа долоо хоног болгон уулздаг, бид ч хүүхдийнхээ асуудлаар ярилцах үе гарна шүү дээ. Түүнээс биш сонин сэтгүүлд гардаг шиг тийм айхавтар сенсацилаад байх юмгүй. Хааныг харцууд бүтээнэ гэдэг шиг шар хэвлэлийнхэн л зохиомлоор үүсгэдэг болохоос нэг их сүйдтэй биш. Угаас дундаа үр хүүхэдтэй хүмүүс хоёр талаасаа хариуцлагатай хандах нь ойлгомжтой. Энэ зөвхөн чиний хүүхэд шүү гээд хаяад явдаг хүн бол адгуус биз дээ.

-Шар хэвлэлээр П.Анужинтай холбож шуугьдаг л даа?

-Өнгөрсөн зүйлийг дахиж сөхөөд ярианы сэдэв болгох албагүй, шаардлагагүй. Миний хувьд тийм байдлаар ил байх дуртай биш. Яг хийсэн бүтээсэн уран бүтээлээр л гэхээс хов жив хөөж сенсацитай, сонирхогчийн өнцгөөр амьдармааргүй байна. Аливаад хэт туйлшрахгүй, гол нь тэнцвэртэй байхыг эрмэлздэг.

П.САЙНЖАРГАЛ

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)