Д.Дамба: Хайгуулын лиценз олголт 14 жил хаалттай байлаа

Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч асан Д.Дамбатай ярилцлаа.


-Алтны үнэ эрчимтэй өсөж, түүхэндээ анх удаа 4400 ам.долларын босгыг давлаа. Үүнийг та хэрхэн ажиглаж байна вэ?

-Алтны үнэ тэнгэрт хадаж байна л даа. Учир нь дайн дажин болоод байвал алтны ханш нэмэгдээд л байдаг. Бүр ийм жамтай. Саяхан 4200 ам.доллар хавьцаа байсан чинь АНУ-ын цэргүүд Венесуэл рүү довтлоод Мадурог баривчлахад 4500 ам.доллар болчихож байна. Бараг ганцхан хоногийн дотор 300 ам.доллараар өслөө. Гэхдээ алт үеийн үед дэлхий ертөнц, хүн төрөлхтний хүсэл мөрөөдөл болсон зүйл. “Өмнө нь алт валютын ханшид нөлөөлдөг байсан, сүүлийн үед больсон” гэж ярьж байгаа боловч үнэндээ болиогүй л байгаа. XX зуунд байсан зүйл өнөөдөр XXI зуунд мөн л байна. Яагаад гэвэл хэн их алттай байна, тухайн улсын мөнгөнийх нь ханш өндөр байдаг. Энэ нь тухайн орны эдийн засгийн чадавхыг хэлээд байгаа юм. Дайн дажин, төрийн эргэлт, бослого эхлэхээр засаг төр нь унадаг. Засаг төр нь унахаар мөнгө уначихдаг. Харин алт бол хэзээ ч унадаггүй. Ямар ч хааны үед, ямар ч Ерөнхийлөгчийн үед байсан зүйл.

Бас ямар ч парламентын засаглалтай үед байсан. Мөнгөний ханш улс орны эдийн засгийн потенциалыг харуулж байдаг зүйл. Дэлхий дээр хамгийн өндөр ханштай улс нь хэрэглээ, чадавхаараа Америк юм. Тийм учраас ам.доллар бараг дэлхийн мөнгөний нэгж болчихоод байна. Энэ нь алтныхаа хэмжээтэй шууд хамааралтай. АНУ 9000 тонн алтны нөөцтэй. Тэр утгаараа ам.долларын ханш хүчтэй хэвээрээ байгаа. Ингээд бодохоор мөнгөний ханш тодорхойлдог зүйл нь алт мөн үү гэвэл, мөн л байгаа

-Тэгвэл манай улсын алт олборлолт сүүлийн үед ямар байна вэ. Өнгөрсөн жил хэдэн тонн алт олборлосон юм бэ?

-Манай улс 2025 онд 16.4 тонн алт олборлосон байна. Манай улсын хамгийн их алт олборлосон жил нь 2008 он. Энэ үед 23, 24 тонн орчим алт олборлосон байдаг. Зэстэй хамт алт их байдаг л даа. Жишээлбэл, Оюу толгой асар их алттай. Гэвч ялгаж чаддаггүй. Ялгаж байгаа гээд зэсийн баяжмал гэсэн хар саарал юм гаргадаг. Уг нь тэр дотор зөндөө их алт байгаа. Үүнийг л ялгаж чаддаг болчихвол манай алтны нөөц нэмэгдэх бүрэн боломжтой. Алтыг хайлуулах, цэвэршүүлэх гэж хоёр том процесс байдаг. Тэр үйлдвэр нь Монголд байхгүй. Үүнийг барьчихвал алтаа ялгаад, энэ дотроос өчнөөн зүйл ялгаад авчихна. Бас манайд зэс хайлуулах үйлдвэр гэж олон жил ярилаа шүү дээ. Ер нь алт нэг хэсэг манай улсын эдийн засгийг аварсан. “Алт-1” хөтөлбөр анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуайн санаачилгаар хэрэгжсэн. 1990-ээд оны эхээр мөнгөгүй, бор давснаас өөр юмгүй байх үед эдийн засгийг ганц аварсан зүйл бол “Алт-1” хөтөлбөр юм. Ингэж алт олборлолтыг нэмэгдүүлсэн. Хувь хүмүүс хүртэл алт олборлодог болсон байсан. Үүний хүчинд манайх жаахан мөнгөтэй болж, төгрөгийн ханш ч тогтворжсон. Ер нь цаашдаа алтны үндсэн ордуудыг олборлох ёстой. Зэс гэх мэт бусад польметаллын дотор байгаа алтаа ялгаж авдаг болох хэрэгтэй. Тэгж байж бид алтныхаа хэмжээг нэмэгдүүлнэ. Одоогоор Монголд яг алтны үндсэн орд ашиглаж байгаа ганц уурхай нь "Макс групп"-ийн Говь-Алтай аймагт ажилладаг "Хан Алтай ресурс" гэдэг компани байна. Бусад нь дандаа жижиг шороон ордууд юм. Шороон ордны нөөц бараг дуусч байна. Шороон орд бол байгаль өөрөө алтыг чулуулгаас нь ялгаад, түүнийг шороон дотроос нь угаагаад авчихаж байгаа хамгийн энгийн арга юм л даа.

-Алтнаас гадна мөнгөний үнэ мөн өсөж байгаа. Манайд "Асгатын мөнгөний орд" гэж олон жил яригдлаа шүү дээ. Энэ нь ямар учиртай юм бол?

-Алт мөнгө хоёр бол хамт явдаг зүйл. Алтны ханш нэмэгдэхээр мөнгөний ханш нэмэгддэг. Мөнгөний орд Монголд нэлээд хэд бий. Салхитын мөнгөний орд, Хэнтийн Өмнөдэлгэрт Мөнгөн-Өндөр ч гэж орд бий. Асгатын мөнгөний орд бол полиметаллын орд байгаа юм. Аль металл нь илүү байна, түүгээр нь нэрлээд байгаа болохоос биш тэр дотор зэс, алт, цайр, тугалга гээд бүгд байгаа. Хуучин бол Асгатын мөнгөний ордыг олборлоход төвөгтэй гэдэг байсан. Өндөр ууланд, хил дээр байдаг. Улмаар Оросын нутгаар орж гарахад төвөгтэй. Уг нь Оростой хамтраад олборловол болохгүй зүйлгүй шүү дээ. Гэвч Оросын хил дээр оччихоод АНУ-тай хамтарна гэхээр оросууд юу гэж зөвшөөрөх вэ дээ. Ингээд ер нь "хад мөргөсөн" төсөл болсон. Юмныхаа учрыг олоод, хэнтэй юуг хамтрах вэ гэдгээ шийдвэл боломжгүй зүйл үгүй. Гэхдээ полиметалл орд нь аж үйлдвэр хөгжсөн оронд нэлээд ашигтай байдаг. Ялгаж чаддаг нөхцөл хэрэгтэй гэсэн үг. Харин ялгаж чадахгүй нөхцөлд баяжуулах үйлдвэрийн хэмжээнд ялгахгүй. Манайх өөрсдөө боловсруулах үйлдвэртэй болчихвол тэр болгоныг ялгана. Газрын ховор элементийг нь хүртэл ялгаад авна. Хятад улс тэр талаараа маш сайн. Бүгдийг нь ялгадаг юм билээ. Тэгэхээр манайх боловсруулах үйлдвэрийн салбараа хөгжүүлмээр байна. Засаг төр яриад байгаа ч хийж буй зүйл алга. Эрдэнэт зэс хайлуулах үйлдвэр барина гээд олон жил ярилаа, хэрэгждэггүй. Засаг төр маань зориг, бяр чадал муутай, шийдвэртээ үнэнч биш, жаахан эсэргүүцээд эхлэнгүүт больчихдог. Энэ бүгд боловсруулах үйлдвэр хөгжүүлэхэд саад болж байна. Гэхдээ мэдэхгүйн хар гай гэж нэг зүйл байна. Хэдий шинжлэх ухааны мэдлэг мэдээлэл муу байна, төдий чинээ асуудлын дайсан болдог.

-Алт олборлох тусгай зөвшөөрөл гэдэг зүйл манайд хаалттай болсон. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-2012 онд хайгуулын лиценз олгохыг хориглосон. Үүнээс хойш хайгуулын тусгай зөвшөөрөл олгодог асуудал бараг байхгүй болсон. 14 жил хайгуулын лиценз олголт хаалттай байлаа. Ингээд гацаачихаар хэдэн Оюу толгой байгааг мэдэхгүй шүү дээ. Бид хайгуул хийхгүй болохоор яаж алт олох юм, яаж мэдэх юм. Тиймээс хайгуулын лиценз олголтыг явуулмаар байна. Юу байгаагаа бид мэдэх хэрэгтэй. Монголын нутаг дэвсгэрийн 80 орчим хувьд нарийвчилсан хайгуул хийгдээгүй. Юм л болбол гайгүй газруудаа тусгай хамгаалалтад авчихдаг. Ингэхээр хэн ч оролцохгүй шүү дээ. Ингээд гацсан зүйл их бий. Өөр аж үйлдвэр хөгжөөгүй манайх шиг оронд ашигт малтмалаа олж мөнгөтэй болох, үүгээрээ бусад салбараа хөгжүүлэх хэрэгтэй. Үүний түлхүүр нь уул уурхайн бүтээгдэхүүн байгаа юм. Харамсалтай нь хориглоод, хаагаад, эсэргүүцээд байгаа нь улс орны хөгжилд саатал болж байна. Өөр бид хаанаас хайгуул хийж, мөнгө олох билээ.

 

Г.БАЛГАРМАА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)