"Зэрлэгүүдийг хүлээхүй" кинонд Монголын жүжигчид ур чадвараа харууллаа

Жүжигчин Жони Депп, Роберт Патенсон нарын тоглосон “Зэрлэгүүдийг хүлээхүй” кино Монголын кино театруудад гарч эхэллээ. Тус киног онцлох болсон шалтгаан нь эмэгтэй гол дүр болон туслах дүрүүдэд Монголын авьяаслаг уран бүтээлч хамтран оролцсон юм. Киноны гол дүрд загвар өмсөгч, жүжигчин Б.Ганчимэг тогложээ.

Өмнөд Африкийн зохиолч Жон Максвелл Кутзийн Нобелийн шагналт “Зэрлэгүүдийг хүлээхүй” романаас сэдэвлэсэн энэхүү кинонд Монгол Улсын Ардын жүжигчин П.Цэрэндагва, Гавьяат жүжигчин Д.Гүрсэд, залуу жүжигчин Г.Дөлгөөн-Эрдэнэ болон Монголын хэд хэдэн уран бүтээлч туслах дүрд ажилласан байна. 

 

Энэхүү киноны албан ёсны эрхийг “Black Stallion” продакшн авч Монголчууддаа Холливудын бүтээлийг толилуулж байгаа юм. Тус продакшныг үүсгэн байгуулсан жүжигчин Б.Ганчимэг, түүний ах продюсер Б.Гантулга, найруулагч Б.Гарамханд нар энэхүү киног бүтээгчдэд Монгол хэлийг санал болгож батлуулснаар манай жүжигчид эх хэлээрээ, харин Оскарын шагналт жүжигчин Монголоор ярихыг сонсох боломж тохиожээ. Оскарын шагналт жүжигчин Марк Райланст Б.Ганчимэг Монгол хэл заажээ. Тэр Монгол хэлийг ямар түвшинд сурсныг “Зэрлэгүүдийг хүлээхүй” киног үзсэнээр мэдэх боломжтой.

Африкийн Марокко улсад зураг авалтыг нь хийсэн уг бүтээлийн үйл явдал нэгэн эзэнт гүрний хил орчимд орших хотод болж буй үйл явдлаар эхэлдэг. Элдэв гэмт хэрэг гардаггүй амар тайван энэ хотод хурандаа Жолл болон түүний цэрэг шалгалт хийхээр ирнэ. Хил орчимд амьдардаг нутгийн уугуул нүүдэлчдийг “Зэрлэгүүд” хэмээн нэрлэх ба тэднийг тун удахгүй хот руу довтлох гэж байгаа тухай яриа дэгдсэнээр хурандаа иржээ. Хотын захирагч хурандаад ямар нэг бослого болохгүй гэдгийг хэлдэг ч Жолл урьдчилсан арга хэмжээ авах нэрийдлээр нүүдэлчдийг хотод авчирч тамлан зовооно. Амгалан амьдралыг үймүүлсэн хурандаа болон түүний цэрэг зэрлэг үү, эсвэл “зэрлэгүүд” нэр авсан уугуул нүүдэлчид зэрлэг үү гэсэн асуултыг зохиогч үзэгч танд үлдээсэн байлаа.

 

 

Г.Сүрэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)