“Эхиймаа” - Тайтгарал

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын дараа манай улсад олон нийтийг хамруулсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглож, үзвэр үйлчилгээний газрууд түр хугацаанд үүдээ хаасан билээ. Хэдийгээр иргэдийг нэг дор олноор цуглуулж болохгүй ч тэдний оюуны цангааг тайлах, дэлгэцийн бүтээлүүдийг үргэлжлүүлэн хүргэх ажилд шинийг эрэлхийлэгч, бүтээгчид гар хумхин суугаагүй. Технологийн хөгжил, цахим орчныг ашиглан үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. Олон түмэн нам жим байсан хэдэн сар уран бүтээлчдэд ганцаараа тунгаан бодох цаг хугацаа өгч, тэдний бясалгал, эрэл хайгуулын дүнд шинэ бүтээл хийх санаа сэдэл төрсөн үеийг бид өнгөрүүллээ. Тухайн үеийн санаанууд өдгөө бүтээл болон амилж, үзэгчдийн мэлмийг баясгаж эхлээд байна. Тэдгээрийн нэг нь “Эхиймаа” уран сайхны кино юм. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт албан ёсны нээлтээ хийсэн энэхүү киноны гол дүрд жүжигчин Ц.Алдармаа тогложээ. “Эхиймаа” нэрнээсээ хүмүүсийн сонирхлыг татсан уран сайхны киноны дүрүүдэд Гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг, “Маск” продакшны жүжигчин Г.Чулуунцэцэг, Соёлын тэргүүний ажилтан А.Цэгмэд нарын мэргэжлийн жүжигчин оролцон тоглож, киног тодотгох чимгүүд нь болсон байв. Кино нээлтээ хийхээс өмнөх сурталчилгаа болсон мессэжүүд олон нийтийн анхаарлыг татаж эхний өдрөөсөө театр үзэгчдийн хөлд дарагдсан. “Эхиймаа” уран сайхны кино олны сонирхлыг татаж байгааг үүнээс харж болохоор байв. Харин үнэн хэрэгтээ киноны дүр сонголт, агуулга хэр оновчтой байсан бол. Үүнийг тунгааснаа хоёр янзаар тайлбарлахыг оролдлоо. Энэ цагт хэн ч ямар бүтээл хийх эрх нь нээлттэй. Харин ямар сэдвийг хөндөж, үзэгчид юу үлдэж хоцрох нь уран бүтээлчдээс ихээхэн шалтгаалах билээ.

 

Зоосны нэг талыг л харуулжээ

 

Одоогоос зургаан жилийн өмнө олны танил жүжигчин бүсгүйчүүд маргалдан халуун ус цацалцаж нэгийгээ хүнд гэмтээсэн хэрэг гарч байсан. Тэр дуулианы эзэд бол хошин урлагийн “Шинэ үе” продакшны жүжигчин Д.Оюунтуул, Ц.Алдармаа нар юм. Энэхүү маргаан эцэстээ хуулийн байгууллагад шилжиж, жүжигчин Ц.Алдармаа шүүхийн тогтоол сонссон байдаг. Шүүхийн шийдвэрийн дагуу Ц.Алдармаа гурван сар гаруй хугацаанд хоригдож эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гарсан. Энэ үйл явдлын тайллыг “Эхиймаа” кино гэсэн хүлээлт үзэгчдийн дунд байсан юм. Тухайн үед чухам юу болсон, жүжигчдийн маргаан юунаас үүссэнийг үзнэ гэж бодсон. Үзэгчдийн хүлээлт ч ийм л байсан байх. Гэхдээ “Эхиймаа” кино хүлээлтээс доогуур байлаа. Зүйрлэн хэлбэл, зоосны нэг талыг харуулснаас биш нөгөө хэсгийг үзүүлсэнгүй. Зөрчилдөөн зөвхөн Алдармаагийн тоглолтын хэсэгт өрнөсөөр байгаад өндөрлөв. Мэдээж сайн зүйл олон байсан. Гэхдээ киногоо илүү баяжуулсан бол өргөн агуулгаар нь харах боломжийг үзэгчдэд олгох байлаа. Киноны үйл явдал эхлэхээс өмнө нэг хэсэг нь дутуу мэт санагдсан. Хэрвээ хэдэн жилийн өмнө болсон үйл явдлыг мэддэггүй байсан бол гол дүр яагаад шоронгийн хаалга татах болсныг ойлгох боломжгүй юм. Нэгэнт “Эхиймаа” уран сайхны кино учраас нөгөө талын дүр, хэсгийг оруулсан бол бүтээлээ бүтэн болгох бололцоотой байжээ.

“Эхиймаа” киноны зургийн талаас илүү, тоонд хөрвүүлбэл 80 хувийг нэг газар авчээ. Энэ нь нэг талаараа дутагдал болсон. Голдуу олон ангит кинонд ийм дүрслэл илүүтэй байдгийг үзэгчийн хувьд тунгаан бодлоо. Хэрвээ зургийг баяжуулъя гэсэн бол эмнэлгээс авхуулаад тохирох байгууламж цөөнгүй байсан болов уу.

 

Жүжигчин Ц.Алдармаа киноны нээлтээ хийхийн өмнө “Би аавыгаа зовоосон өөдгүй охин. Аав ээжийнхээ харцанд нь гунигийн сүүдэр суулгаж таныхаа туулж үзээгүй хэцүү нэртийн хаалгыг татаж зүрхийг нь өвтгөж нүдийг нь нулимсаар бүрхүүлсэн, би муу охин...

Ээжийгээ зовоосон би муу охин. Бүтэн нойрыг нь мартуулж дэр нойтон хонуулсан тэдгээр өдөрт зүрхнийхээ эмэнд л найдаж охиныхоо төлөө “Би босох ёстой” гэж шүд зуусан амьд бурхан минь та шүү дээ…

 

Би хүүгийнхээ зүрхийг бэтгэрүүлсэн муу ээж. Өвөөгийнхөө үгэнд орж хоолоо сайн идээд, эмээгийнхээ үгэнд орж эрт унтсан ч өглөө нь ирээгүй л байсан ижий нь. Өөдөсхөн хоёр гараараа алга хавсран залбирч “Ээжийг минь л миний дэргэд авч ирвэл өөр юу ч хүсэхгүй” гэж ухаанаа усалсан жаахан зүрх минь. Хүү минь чи наддаа амьд явах итгэл найдварыг өгсөн үнэт эрдэнэ минь шүү. Ээж нь чинийхээ төлөө л боссон бас тэмцсэн.Үхье гэж бодоход үр минь даанч харам юм байна лээ...

Залуу байхад дэлхий бага, би том байж гэдэг шиг амьдралын олон өнгийг би гадарлаагүй явжээ. Тийм ээ, би заримдаа боддог. Хүнд чинь уулзаж болохгүй хүн, учирч болохгүй амраг, итгэж болохгүй найз гэж үнэхээр байдаг юм байна лээ. Инээсэн бүхэн нөхөр биш, уурласан бүхэн дайсан биш гэдгийг ойлгосоор л явна даа, би” хэмээн цахим хуудастаа бичсэн. Тэрбээр нэгэн ярилцлагадаа “Эх хүн, эцэг эхийн хайр ямар агуу байдгийг “Эхиймаа” киногоор үзүүлэхийг зорьсон” гэж ярьсан. Үнэхээр түүний хэлсэнчлэн киногоор дамжуулан олон нийтэд хэлэх гэсэн мессэж нь энэ бололтой. Харин жүжигчин бүсгүйчүүд яагаад нэг нэгнийгээ хорлож бие, сэтгэлдээ шархтай болсон нь хаалттай хэвээр үлдэж байна.

 

Үлгэр үргэлж жаргаж төгсдөг шиг...

“Өргөн тал минь би асууя

Жаргал хаа байна, нартад байна уу

Хаа нэгтээ хийсэж байна уу

Өндөр уулс минь би асууя

Зовлон хаана байна, замбуулинд уу

Зоосны нүхний дотор байна уу...”

 

Энэ бол “Эхиймаа” киноны дууны шүлгийн нэг хэсэг нь. Кинонд ч гэсэн нэг талаараа эдгээр асуулт хөвөрнө. Амьдрал дээр ч гэсэн. Эрх чөлөөтэй наранд алхаж байсан тэр хэсэгхэн хугацаа өнгөрөхөд төсөөлж ч байгаагүй газарт ирснээ ухаарна. Зүрх шимширч, сэтгэл урагдана. Үлдээгээд ирсэн хүмүүсээ бодохоор цаг хугацааг ухрааж болдог бол гэсэн бодол төрнө. Нэгэнт алдсан бол засахад хэцүү. Үйлээ эдэлнэ, яалтай. Гэхдээ үхтэл үр харам гэдэг. Үр хүүхдээ үгүйлэх эхийн сэтгэл ямар хүчтэй гэдгийг “Эхиймаа” киноноос үзэж болно. Гол дүрийн жүжигчин Ц.Алдармаа ч үүнийг гарамгай үзүүлжээ. Ер нь энэ кино бүхэлдээ эх хүний энэрэл хайрыг агуулсан байна. Үүнийг киноны бусад дүрээс харж болно. Өмнө нь дурдсанчлан кинонд онцолмоор зүйл цөөнгүй бий. Түүний нэг нь гол дүрийн аавын дүрийг бүтээсэн Гавьяат жүжигчин Ц.Төмөрхуягийн тоглолт. Эмэгтэй хүн сэтгэлд байгаа бүхнээ уудлан гаргаж чаддаг. Харин эрэгтэй хүн дотроо шаналж, бэтгэрдгийг жүжигчин Ц.Төмөрхуяг үггүй, үйл хөдлөлөөрөө гаргаж чадсан байв. “Эхиймаа” кинонд ямар нэгэн шалтгаанаар эрх чөлөөгөө хасуулсан эмэгтэйчүүдийн тухай гардаг. Ийм нэгэн дүрийг жүжигчин А.Цэгмэд бүтээжээ. Орчноо мэдэрч, өөрийгөө бүрэн өөрчилж чадсан түүний бүтээсэн эмэгтэйн дүр үзэгчдэд олон зүйлийг бодогдуулна. Хүлээх хүнгүй, энэ орчлонгоос хүсэх зүйлгүй ч сүсэглэн залбирдаг нь сэтгэлийн цагааныг илтгэх ажээ. Сүүлийн үед жингээ хассанаараа олны анхааралд байгаа “Маск” продакшны жүжигчин Г.Чулуунцэцэг “Эхиймаа” кинонд өөрийгөө эвдсэн гэвэл хилсдэхгүй болов уу.

 

Үзэгчдэд инээд бэлэглэж, баяр хөөр нэмдэг түүний бүтээсэн дүр мөн л эрх чөлөөгүй болсон эмэгтэй. Бусдаас ялгарах зүйл гэвэл түүнд итгэж найдах юм гэж үгүй. Харин бусдыг өөр шигээ битгий алдаарай гэсэн мессэжийг харц, үйл хөдлөлөөрөө үзүүлж чаджээ.

 

Чука үргэлж инээдэг байсан бол энэ удаад нүдэнд нь нулимс цийлэгнэж байлаа. Алдаа, оноотой амьдралын нэг өнгийг “Эхиймаа” үзүүлжээ. Үлгэр үргэлж жаргаж төгсдөг шиг киноны үйл явдал сайхнаар өндөрлөхийг үзэгчид өөрсдөө сонирхож, эргэцүүлэн тунгаах биз ээ.

 

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)