Зогсолтгүй урагшлах эрч хүчийг тэднээс мэдэр

Олон арван цагийг гэртээ өнгөрүүлж байгаа энэ үед дуу хөгжим, дүрслэх урлаг хүмүүсийн оюуны ядаргаа, стрессээ тайлах хамгийн үр дүнтэй арга юм. Тиймээс дараах мэдээллийг сонирхуулахаар бэлтгэлээ. Цар тахал дэгдэхээс өмнө хүннү рокийг олон улсад сурталчлан таниулж байсан “The Hu” хамтлагийнхан хорио цээрийн үед ч фэнүүдээ уйдаасангүй. Дэлхийн алдартай бүтээлийг өөрийн өнгө аясаар амилуулж, хөг аялгуугаа монголчууд төдийгүй олон улсын сонсогчдодоо хүргэлээ. Үүнээс гадна орон зайгаа Монголын хөгжмийн ертөнцөд бий болгож чадсан залуус олон улсад нэрээ гаргаж эхэллээ. Бас л гайхалтай. Хорио цээрийн үед ч зогсолтгүй урагшилж буй тэдний талаарх мэдээллийг хүргэхэд таатай байна.

 

НЭГ ХОНОГИЙН ДОТОР ХАГАС САЯ ХАНДАЛТЫГ ТЭД Л АВЧ ЧАДНА

 

“The Hu” хамтлагийнхны шинэ дууг нэг хоногийн дотор хагас сая хүн сонсчээ. Тэд энэ удаад алдарт “Металлика” хамтлагийн “Sad but True” дууг өөрсдийн өвөрмөц өнгө төрхийг шингээн сонсогчдынхоо хүртээл болголоо. Уг дуунд “Металлика”-гийн “Sad but True” дууны үндсэн аялгуу, хэмнэл эгшиглэх ч монгол үндэсний хөгжмийн зэмсэг төдийгүй “The Hu” хамтлагийн өнгө төрх тод сонсогдоно.

 

Хамгийн гол нь “The Hu” хамтлаг уг дууг эх хэлээрээ амилуулснаараа онцлогтой. Шинэ дууны талаар тус хамтлагийнхан “Дэлхийн өнцөг булан бүрд байгаа шүтэн бишрэгч, сонсогч, хөгжимчдийн хувьд “Металлика” хамтлаг асар том нөлөөлөл мөн урам зориг билээ. Бид тэдний 40 жилийн турш тасралтгүй аялан тоглолт хийж, тэдний бүтээсэн мөнхөд орших, хөгжмийн ертөнцийн онцгой уран бүтээлүүдийг биширсээр ирсэн. Бидний хувьд “Sad but True” дууг эх хэлээрээ, өөрийн хэв маягаар дуулан “Металлика” хамтлагт хүндэтгэл агаад талархлаа илэрхийлж буй нь нэр төрийн хэрэг” гэжээ.

 

“МОХАНИК”-ИЙН Ц.ДАВААЖАРГАЛЫГ ДАХИН ОНЦОЛЪЁ

 

 

Бөөлөг хэмнэлтэй, уламжлалт чанараа хадгалсан, онцгой…Энэ бол “Моханик” хамтлагийн дуучин Ц.Даваажаргалыг дэлхийн нэртэй хөгжмийн сэтгүүлүүдэд тодотгосон үнэлэлт. Энэ дүгнэлт ч үнэндээ оносон гэмээр. Түүнийг дахин онцлох болсон нь ч учиртай. “Моханик” хамтлагийн дуучин, контемпорари уран бүтээлч Ц.Даваажаргалын экспериментал дуу авиан бүтээл олон улсын хөгжмийн төсөлд багтжээ. АНУ-д төвтэй “577 RECS” лэйблээс дэлхий даяар экспериментал хөгжимчдийн “Walk My Way” төслийг хэрэгжүүлсэн байна. Уг төсөлд зургаан тивийн 32 үндэстний 49 уран бүтээлч багтаж, цуврал таван альбом гаргах аж. Ц.Даваажаргалын хувьд түүний “Ахин оршихуй” цомогт багтсан “”Empty, but it doesn’t mean nothing…” дуу авиан бүтээл 2021 оны нэгдүгээр сарын 2-нд нээлтээ хийх эхний цомогт багтжээ.Түүний “Ахин оршихуй” дижитал цомгийг Лондонд төвтэй “Chinabot” хөгжмийн платформ энэ оны гуравдугаар сард өөрийн сайтдаа байршуулж байсан. Уг цомогт түүний сүүлийн 4-5 жилийн дотор бүтээсэн дуу авиан ажлуудаас түүвэрлэн оруулсан аж.

 

MRS M ПРОДЮССЕР ХАРРИ ФРАУДТАЙ ХАМТАРЛАА

 

“Unicorn” амьд хөгжмийн хамтлагт бөмбөр тоглож хөгжмийн салбарт гараагаа эхлүүлсэн Mrs M –ийн талаар сонирхолтой мэдээ дуулгая. Тэрбээр продюссер Харри Фраудтай хамтран “Sugar daddy” дууны ремикс хувилбар дээр ажиллаж үзэгч, сонсогчдынхоо хүртээл болголоо. Харри Фрауд нь Фрэнч Монтана, Виз Калифа, Бэнни дэ Батчер нарын продюссероор ажиллаж байсан юм. 2016 оноос уран бүтээлээ хийж эхэлсэн Mrs M өнгөрсөн жил англиар уран бүтээлээ туурвих болсон нь Фраудын анхааралд өртсөн байна. Улмаар “Sugar Daddy” дууг нь монгол, англи хэлээр хослуулан дуулжээ.Тэд “Wave Cave” студид дахин гурван уран бүтээл хийж эхлээд байгаа бөгөөд 2021 оны хоёрдугаар сард нийтэд хүргэхээр төлөвлөжээ.

 

 

Б.Сийлэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)