Лиссабонд амьдрах нь зөв сонголт болсон

Дэлхий даяар цомгоо 300 сая хувь борлуулж, бүх цаг үеийн эмэгтэй дуучдаас хамгийн өндөр амжилтад хүрч, Гиннесийн номонд бичигдсэн попын хатан Мадонна энэ сарын 16-нд 60 нас хүрлээ. Түүний 60 насны ойг тохиолдуулан Италийн “Vogue” сэтгүүл наймдугаар сарынхаа дугаарт онцлон дэлгэрэнгүй ярилцлага өрнүүлсэн байна.

Тэрбээр 60 насныхаа ойн баярыг угтан “Raise Malawi in Honor of Madonnas” хэмээх хандивын арга хэмжээг фэйсбүүк хуудаснаа үүсгэн өнгөрсөн долоодугаар сарын 30-наас энэ сарын 31-нийг хүртэл ажиллуулж буй. Дуучин Мадонна 10 гаруй жилийн өмнө Африкийн ядуу буурай орны хүүхдүүдэд зориулж “Малавийн хөгжлийн сан”-г байгуулсан юм. Уг сангийн мөнгийг голдуу асрамжийн газрын хүүхдүүдэд болон ДОХ-той өвчтөнүүдэд зориулдаг аж. Түүнчлэн алдарт дуучин Малави улсаас дөрвөн хүүхэд өргөж авсан бөгөөд охидын сургууль, хүүхдийн эмнэлгийг ч тус улсад байгуулаад амжжээ. Тэрбээр өнгөрсөн онд хүүхдүүдтэйгээ хамт Португалийн Лиссабон хотноо нүүж, шинэ амьдралаа эхлүүлсэн юм. Түүний “Vogue” сэтгүүлд өгсөн шинэхэн ярилцлагыг товчлон хүргэж байна.

-Яагаад Нью-Йоркийг орхих болов?

-Миний хүү Дэвид мэргэжлийн хөлбөмбөгчин болохыг мөрөөддөг. Тэр удахгүй 13 нас хүрнэ. Мэдээж би түүнийг сайн дасгалжуулагчийн удирдлага дор бэлтгэлээ хангаасай гэж хүссэн. Гэтэл Америкийн хөлбөмбөгийн түвшин дэлхийн зарим оронтой харьцуулахад их муу байсан. Хүү минь үүнээс болж бухимдаж байсан. Тиймээс би амьдралаа өөрчлөх шаардлагатай болж бид АНУ-аас явсан юм. Үүнээс гадна өнөөдөр улс эх орон маань хэцүү цаг үеийг туулж байна.

-Таны Лиссабон дахь амьдрал хэрхэн өнгөрч байна вэ?

- Өөр соёл, заншилтай газарт амьдарч үзэх нь чухал гэж би боддог. Тэгээд Португалийн хаана нь амьдарвал хүүхдүүдэд болон надад тохиромжтой байх талаар судалсан. Энэ улсад хөлбөмбөгийн гурван академи байна. Турин, Барселон, Лиссабон хотын аль нь амьдрахад бид бүгдэд илүү тохиромжтой талаар очиж үзэж, өөрийгөө тэнд амьдарч байгаагаар төсөөлсөн. Барселон бол тун хөгжилтэй хот юм. Турин бол сэхээтний хот. Гэхдээ Турин хүүхдүүдэд зориулсан хот биш. Тэнд гайхамшигтай музей, үзэсгэлэнт орон сууц их байна. Би дан ганц Дэвидийг биш бусад хүүхдээ ч тохитой байх талаас нь бодож шийдвэрээ гаргасан. Ингээд бид Лиссабонд амьдрахаар болсон. Энэ нь хамгийн сайн сонголт юм шиг санагдсан. Миний хамгийн түрүүнд очихыг хүссэн газар бол ид шидийн ой болох Синтра байсан. Энд олон гайхамшигт эрчим хүч бий.

-Лиссабоны тухай таны бодол?

-Португал бол Европ дахь хамгийн эртний орон гэдэгт би итгэдэг. Энэ бол боолчлолын төрсөн нутаг. Энэ орны архитектур нь гайхалтай сайхан санагддаг. Мөн Ангол, Кабо-Верде, Испаниас гаралтай хөгжмийн нөлөө байдаг. Би морь унах их дуртай. Энд би хүссэн үедээ морь унаж байгаа нь гайхалтай.

-Та хотод эсвэл хөдөө орон нутагт амьдарч байна уу?

-Би Лиссабоны Лапад амьдардаг. Харин морь унах үед би Comporta руу явдаг. Хүү минь ням гаригт хөл бөмбөгийн тэмцээнд оролцохгүй бол бид тэр өдрийг адал явдал дүүрэн өнгөрүүлдэг. Бид найзуудтайгаа уулзаж, морь унадаг.

-Та өөрийгөө сорих дуртай гэлээ. 1979 онд Мичиганаас Нью-Йоркт ирээд та 35 ам.долларын цалин авдаг байсан. Энэ удаад өрх толгойлсон ганц бие ээж дөрвөн хүүхэдтэйгээ гаднын оронд амьдрахад ямар бэрхшээл сорилт байна вэ?

- Энэ бол өөр төрлийн сорилт юм. Намайг Нью-Йорк руу нүүх үед зөвхөн би гэсэн хувь хүний тухай л ярьж байсан. Одоо бол нөхцөл байдал өөр байна.Би бага насны дөрвөн хүүхдээ бодож, боловсрол эзэмшүүлж, тэднийг харж, аз жаргалтай байлгахыг хүсч байна.

-Лиссабоныг өмнө нь амьдарч байсан Нью-Йорк, Лондонтой харьцуулбал хэр өөр вэ?

-Энд өдөр бүр бүх зүйлс өөрчлөгдөж байдаг. Ямар нэгэн төлөвлөгөөний дагуу ажиллаж чаддаггүй. Учир нь өглөө сэрэхэд л нэг зүйл нь өөрчлөгдчихсөн байдаг хот. Лиссабоны амар тайван байдал надад эрч хүч өгч байна. Энэ нь олон сайхан хөгжим, урлаг уран бүтээлчийг төрүүлсэн байдаг. Паула Рего бол дэлхий дээрх миний хамгийн дуртай зураачдын нэг. Түүний уран зурагт зүрхний цохилт, өвдөлт их байдаг.

-Энэ хот таны уран бүтээлд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Миний уран бүтээлийн онгодын чухал эх үүсвэр нь Лиссабон болж байна. Хэрвээ энэ хотын соёл байгаагүй бол бүхэл бүтэн нэг жилийг хэрхэн өнгөрөөх байснаа төсөөлөхөд ч бэрх байна. Энд би гайхалтай хөгжимчинтэй танилцсандаа маш их баярлаж байна. Бид миний шинэ цомогт ажиллаж байгаа. Их хөгжимлөг орон юм. Онгорхой хаалга бүрээс хөгжим эгшиглэдэг.

-Таны хүүхдүүд шинэ орчиндоо хэрхэн дасч байна вэ?

-Миний хүүхдүүд өвөрмөц байдлаараа онцлогтой. Юу нь гайхалтай вэ, тэд бүх зүйлийг ялангуяа хөгжим, бүжиг, хөлбөмбөг, спортыг хэрхэн хүлээн авч байгаа нь гайхалтай. Тэд португал хэл сурч байна. Энэ нь тэдэнд их таалагдаж байгаа. Ялангуяа дөрвөн жилийн турш асрамжийн газарт байсан Стелла, Эстер хоёрт амьдрах орчноо өөрчилсөн нь их таалагдаж байгаа. Энд ирснээр би илүү аз жаргалтай амьдарч байна.

-Хүүхдүүдээ ямар хүн болоосой гэж хүсч байна вэ?

-Тэд маш их зүйл ярьдаг. Хүүхдүүд минь ямар ч зүйлд нээлттэй бодож, сэтгэж чаддаг. Энэ бол миний бахархал. Маш олон хүн надад “Хүүгээ хөлбөмбөгчин болго, охиноо бүжигчин болго, хүүгээ зураач болго” гэж хэлдэг. Гэвч би энэ бүхэнд нь “Үгүй” гэдэг. Миний хүүхдүүд сайхан сэтгэлтэй, хариуцлагатай хүн болох хэрэгтэй гэж би үргэлж хэлдэг. Тэд арьс өнгө, шашин шүтлэг, хүйсээр нь хүмүүсийг ялгаварлан гадуурхалгүй хүндэтгэлтэй, харилцаасай гэж хүсдэг. Энэ бол хүний хамгийн чухал мөн чанар. Хэрвээ тэдний нэг нь дээрх эрхэм чанараас гадна Пикассо эсвэл Кристиано Роналдо шиг болбол сайн хэрэг.

- “Малавийн хөгжлийн сан”-гийн зохион байгуулж буй үйл ажиллагаа хэр амжилттай явж байна вэ?

-Малави бол дэлхийн хамгийн ядуу буурай орны нэг. Гэвч энэ нөхцөл байдлаас шалтгаалахгүйгээр энэ орныг дэлхийн бусад орон анхаардаггүй. Энэ оронд ДОХ-ын улмаас эцэг, эхээ алдсан хүүхэд олон. Би эдгээр хүүхдийг боловсролтой, эрүүл мэндийн үйлчилгээ авдаг болгохыг маш их хүссэн. Би энэ л оронд хүү Дэвидтэйгээ учирсан. Би олон жилийн турш энэ орны бяцхан ирээдүй болсон хүүхдүүдэд хэрхэн туслах вэ гэж бодож, шаналсан. Ингээд надад нэг санаа төрсөн. Тэдэнд туслуулахын тулд гадаадын аль нэг орноос хандив тусламж хүсч, хүн ирүүлэх хэрэггүй юм гэдгийг ойлгосон. Эмч, сувилагч, мэс засалч болох хүсэлтэй хүүхдүүдэд боловсрол олгож өөрсдөөр нь энэ бүх өөрчлөлтийг бий болгохыг хүссэн. Боловсрол, эрүүл мэнд гэдэг миний санаа зовоодог хамгийн том асуудлын нэг.

-Та ямар үед хамгийн их аз жаргалтай байдаг вэ?

-Хүүхдүүдтэйгээ тоглож, тэднийхээ инээдийг сонсох нь надад аз жаргал гэж юу болохыг мэдрүүлдэг. Мөн би дуу дуулах, хөгжим бичихдээ жаргалтай байдаг.

Г.НЯМСҮРЭН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)