Г.Лхагвацэрэн: Киноныхоо хоёр дахь дууг нээлтийн өдөр хүргэнэ

“+17” цувралын гол дүр болох Цогтоо, Жижгээ хоёр шинэ уран бүтээлээр үзэгчидтэйгээ уулзах гэж байна. Энэ талаар “Маск” продакшны жүжигчин Г.Лхагвацэрэн буюу Жижгээтэй холбогдож цөөн хором ярилцлаа.

-“Bad angel” киноны зураг авалтын хугацаа хэдий хугацаанд үргэлжилсэн бэ?

-Цогтоо бид хоёр уран сайхны кино хийж үзэх хүсэл сонирхолтой байсан. Ингээд “+17” цуврал киног хийх явцдаа уран сайхны кино хийе гэсэн бодлоо биелүүлэх боломжтой болсон. Киноны зураг авалт өнгөрсөн тавдугаар сард эхэлж, нэг сарын хугацаанд хийж дуусгасан. Ер нь кино хийх санаагаа өнгөрсөн гуравдугаар сараас хэрэгжүүлж ажил хэрэг болгосон.

-Кинонд та хоёроос гадна ямар уран бүтээлчид тоглосон бэ?

-“Lovers” киноны гол дүрд тоглосон Гэрлээ болон гавьяат жүжигчин С.Лхагвасүрэн нар тоглосон. Туслах дүрд олон жүжигчин бий. Киногоо үзээд энэ бүхнийг мэдэх боломжтой.

-Киноны нээлтийн онцлог юу байх вэ?

-Бусад киноны адил нээлтээ хийнэ. Онцгойрч ялгарах зүйл байхгүй. Гэхдээ үзэгчдээ хэрхэн сонирхолтой байлгах зүйлийг бид хоёр хийх болно. Цогтоо бид хоёрын хамтарсан шинэ дуу гарсан. “Bad angel” бол хоёр дуутай. Нэг дуу нь “Баян Ганг” гээд дуу гарчихсан байгаа. Нөгөө нэг дууг нь бид киноныхоо нээлтийн өдөр танилцуулах болно.

-Киноныхоо зохиолыг хэрхэн гаргадаг вэ?

-Манай уран сайхны болон цуврал киноны зохиолыг Г.Анхаа гэж залуу гаргадаг. МУИС-ийн математикийн багш залуу бий. Бид хоёрын зүгээс киногоо илүү сонирхолтой болгох санааг гаргадаг.

-“+17” цуврал гаргах саналыг хаанаас хэрхэн тавьж байсан бэ?

-Бид хоёр оюутан байхаасаа найзалсан. Хамтарч ямар нэгэн зүйл хийж бүтээх хүсэл сонирхол хоёуланд минь байсан. Ингээд 2017 онд “Оранж” энтертайнментаас Цогтоод “Стэнд-Ап” хийх санал тавьсан юм билээ. Тэгээд Цогтоо надтай хамтарч хийх санал тавьсан. Тухайн үед би “+17” инээдмийн цуврал хийх санал тавиад ажлаа эхлүүлж байлаа.

-Та хоёрын хувьд “Эмоци”, “Маск”гээд хоёр тусдаа продакшнд харьяалагддаг. Хамтраад шинэ прродашн байгуулах бодол бий юу?

-Манай Цогтоогийн хувьд энэ сарын 25-наас “Эмоци” продакшны шинэ тоглолтын бэлтгэлдээ орсон байгаа. Харин манай “Маск” продакшн есдүгээр сараас шинэ тоглолтоо эхлүүлнэ. “+17”цуврал бол бидний ажлынхаа хажуугаар хүсэл сонирхлоороо хийдэг ажил. Одоохондоо тусдаа хамтлаг продакшн байгуулж гарах бодолгүй байгаа.

-Үзэгчдийн хувьд “+17” цувралд эерэг, сөрөг гээд янз бүрийн хандлага үзүүлдэг. Аль нь илүү давамгай болдог вэ?

- “+17” цуврал хамгийн их үзэгчтэй инээдмийн цуврал кино болж байгааг “Юнивишн”-ээс хэлж байсан. Ямар нэгэн зүйл шинээр гарч ирэхэд шүүмжлэлд илүү өртдөг юм байна. Энэ бол насанд хүрэгчдэд зориулсан инээдмийн цуврал гэдгийг юун түрүүнд хэлэхийг хүсч байна. Насанд хүрээгүй үзэгчид үзсэн бол энэ нь тухайн гэр бүлийн эцэг, эхийн хариуцлагагүй байдлаас болсон гэж үзэж байна. Хүүхдээ юу үзэж харж байгааг эцэг, эхчүүд бид их анхаарах хэрэгтэй.

Г.Нямсүрэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)