А.Өлзий-Орших: Монгол бүжиг дэглээчийн бүтээлийг түлхүү хүргэнэ

“Номадик” балет продакшны захирал, УДБЭТ-ын дасгалжуулагч багш А.ӨЛЗИЙ-ОРШИХТОЙ энэ сарын 28-нд үзэгчдэдээ хүргэх “Grandeur” модерн балет шоуны талаар ярилцлаа.

-Байгуулагдаад гурав дахь жилтэйгээ золгох гэж буй “Номадик” продакшн намар цагийн уран бүтээлийн нээлтээ хийхэд бэлэн болжээ. Энэ удаад ямар содон бүтээлийг олон нийтэд толилуулах гэж байна вэ?

-Энэ удаагийн тоглолтыг шинэ гэхээс илүү сонирхолтой гэж тодорхойлж болно. Хоёр жилийн өмнөөс хийж байсан уран бүтээлээсээ сонгож, намар цагийн нээлтээ хийх гэж байна. Манай продакшны бүжиг дэглээч Э.Эрдэнэжаргал тоглолтын тавилтыг хийсэн. Ер нь бид монгол бүжиг дэглээчийн бүтээлийг түлхүү хүргэхийг хичээдэг. Энэ нь дотоодын уран бүтээлчдээ сурталчлах, олон улсад таниулах зорилготой юм.

-Олон улсын анхааралд байгаа шинэ бүтээлийг Монголынхоо үзэгчдэд хүргэх нь та бүхний зорилго. Үүнээс гадна үзэгчдийнхээ боловсролд хэрхэн анхаарч байна вэ?

-Бид продакшнаа байгуулсан цагаасаа олон улсад модерн бүжгийг ямар түвшинд хөгжүүлж байгааг үзүүлэхийг зорьсон. Энэ зорилгоо биелүүлэхийн төлөө ажиллаж байна. Манай улсын сонгодог урлагийг шимтэн үздэг нь 40-өөс дээш насныхан байдаг. Тиймээс залууст сонгодог урлагийн сайхныг мэдрүүлэхийн тулд залуу уран бүтээлчид хамтран продакшнаа байгуулж байлаа. Цаашид үндэсний хэв маягийг агуулсан бүтээлийг үзэгчдэдээ хүргэх, олон улсад шинээр гарч ирсэн бүтээлийг монголчууддаа үзүүлж дэлхийн тавцанд гарах зорилготой ажиллана.

-Та бүхэн гадаад харилцаагаа хэрхэн өргөжүүлж байна вэ?

-Бид “Монголын балет” хөтөлбөрийн хүрээнд бүжигчдээ сургадаг. Өнгөрсөн наймдугаар сард манай продакшны гурван бүжигчин модерн бүжгийн мастер ангид суралцаад ирсэн. Энэ мэтчилэн бид алхам алхмаар гадаад харилцаагаа өргөжүүлээд явж байна.

-Хүүхэд багачуудад зориулсан уралдаан зохион байгуулдаг. Түүнийгээ энэ жил үргэлжлүүлэх үү?

-“Цасан гоо долоон одой” нэртэй бүрэн хэмжээний бүжгэн жүжиг тавьсан. Үүнийгээ энэ жил дахин тоглоно. Мөн он гаргаад хүүхдийн шинэ уран бүтээл хийхээр төлөвлөөд байна. Манай продакшн “Номадик балет” уралдаан зохион байгуулдаг. Энэхүү арга хэмжээг он гаргаад явуулна.

-Та УДБЭТ-ын гоцлооч. Энэ их ажлын хажуугаар намар цагийн нээлтдээ бэлтгэж байна уу?

-Тийм ээ. Манай театрын намар цагийн нээлт ирэх сарын 7-нд болно. Бид П.И.Чайковскийн “Хунт нуур” бүжгэн жүжгээр намар цагийн нээлтээ хийхээр бэлтгэлдээ ороод байна.

Б.Сийлэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)