Гэр орноо муу энергиэс хэрхэн "эмчлэх" вэ?

Хэцүү юм шиг санагдаж болох ч ердөө ядах юмгүй. Ердөө л гэр орондоо хэдэн "дүрэм" тогтоох хэрэгтэй. Гэртээ их цэвэрлэгээ хийдэг шиг жилдээ 3-4 удаа энергийн цэвэрлэгээ хийхэд л болох юм.

Гэр орныхоо энергийг цэвэр ариун байлгаснаар муу зүйлээс сэргийлж чадах тул анхааралтай уншаарай.

1. Эхлээд өөртөө шүглэсэн сөрөг энергийг цэвэрлэнэ.

Өөрийн биенд шүглэсэн сөрөг энергийг цэвэрлэсний дараа орон байрныхаа сөрөг энергийг цэвэрлэх ёстой. Үүний тулд эхлээд давсаар биеэ угаана. Учир нь давс бол энергийн "залагч" бөгөөд сөрөг энергийг хөөх, эерэг энергийг татах увидастай. Давсаар биеэ бүрж угаах нь олон жил хуримтлагдсан сөрөг энерги буюу энергийн бохирдлыг биеэс зайлуулж, ариусгах чадвартай байдаг. Үүний тулд шүршүүрт ороод нойтон биен дээрээ иллэг хийх маягаар нунтаг давс түрхэнэ. Толгойтой үснээс бусад биеийнхээ бүх хэсгийг хамруулахыг хичээгээрэй. Гэхдээ арьсаа цочроохоор ширүүн үрж хэрэггүй, зөөлхөн иллэг хийж буй мэт тараан түрхэнэ. Бүх биеэ бүрхэн түрхсэн давсаа шүршүүрт угаахдаа сэтгэлдээ миний бие болон сэтгэлд хурсан бүх муу зүйлийг угааж, ариутгаж өгөөч хэмээн усанд сүсэглэн бодож угаана. Энэ бүхнийг сэтгэлээсээ хийх бөгөөд усанд амьд зүйлд хандаж байна хэмээн сэтгэж хэлэх үгээ өөрөө бодож хэлнэ. Ингэсний дараа таны бие болоод сэтгэл хэрхэн хөнгөрснийг мэдрэх болно. Танд нэг л таагүй, сэтгэлд дараастай байсан хүнд хүчир зүйлээс ангижирсан мэт сэтгэгдэл төрнө. Үнэхээр ч энергийн бохирдол бие болоод сэтгэлд асар их дарамт учруулдаг аж.

2. Гэр орныхоо энергийг цэвэрлэх

Өөрийнхөө биеийг ариутган цэвэрлээд одоо гэрийнхээ энергийг цэвэрлэх цаг боллоо. Өөрт аль болох эвтэйхэн байхаар бодож гэрийн халад, эсвэл спорт хослол ч юм уу өмсөнө. Таны биенд бүх төрлийн төмөр, арьс, пластмассан гээд ямар ч чимэг зүүлт байх ёсгүй. Айж, сандрах, баярлах догдлохын аль нь ч байж болохгүй. Гэрийнхээ нээж болох бүх салхивч (боломжтой бол цонх), гол үүдний хаалгыг цэлийтэл нээж, нэвт салхилуулна. Гэр орныхоо энергийг цэвэрлэхэд саад болгохгүйн үүднээс гэрийнхнийгээ кинонд ч юм уу, эсвэл зугаалуулахаар гадагшаа гаргасан нь дээр. За тэгээд, хамгийн түрүүнд олон жил хадгалагдсан, удаан хэрэглээгүй зүйлээсээ хагацах хэрэгтэй. Юуны түрүүнд нэг жилээс илүү хугацаагаар хэрэглэгдээгүй зүйлс сөрөг энерги цуглуулдаг гэдгийг танд сануулъя. Хайрлаж харамлах сэтгэлгүйгээр хаях, эсвэл хэрэгтэй хүнд нь өгөх зэргээр гэрээсээ ямар ч аргаар зайлуулж болно. Үүний оронд гоё шинэ, бас хэрэгтэй зүйл авчихна гэж бодож болно. Хэрэв гэрт чинь эвдэрч хэмхэрсэн цахилгаан хэрэгсэл байх юм бол засаж сэлбээд ажилтай болго, эсвэл үтэр түргэн сал. Ямар ч хэрэггүй ном, сонин, сэтгүүл, хуучирч хэрэггүй болсон баримт бичиг зэргээс хайр найргүй сал. Хуучин уншиж дуусаад дахиж хэрэглэхгүй гэж бодож байгаа номоо номын санд хандивлаж болно шүү дээ. Хагарч цуурсан, тэр байтугай ялимгүй эмтэрсэн ч байсан гэртээ аяга таваг, сав суулга бүү хадгал. Тэр завсраар эерэг энерги урсан гарч, гэрийн аз жаргал, эд баялаг мөн урсана гэж үздэг. Нэн ялангуяа эмтэрхий амсартай сав суулга эерэг цэнэгийг хааж байдаг. Бохир аяга таваг бүү хураалттай орхи. Угааж цэвэрлэлгүй орхиж хонуулсан сав суулга сүнс, хий үзэгдэл дуудах, татах чадвартай байдаг. Яагаад гэвэл сүнс, хий үзэгдэл нь хоолны үнэрээр хооллодог бөгөөд эдгээр нь орон гэрт орогносноос зүүд эвгүйрхэж нойргүйдэл үүсч, сэтгэл болоод бие тавгүйрхэж эхэлдэг байна. Эртний сударт ч өгүүлэхдээ хэрвээ хүн гэр орондоо бохир сав суулгаа угаалгүй орхих бол энэ хүн өглөө болж нар гартал гэртээ ирэх ёсгүй гэсэн байдаг аж. Урагдсан болоод хиртэй хувцас хунар өмсөхөөс зайлсхий. Хувцасаа тогтмол угааж, цэвэр цэмцгэр байх, хувцасныхаа уранхай цоорхойг нөхөж битүүлж, арчилж өмсөж байх хэрэгтэй. Хувцас хунараа цэвэр цэмцгэр, арчилж өмсөөд, хувцасныхаа шүүгээг эмх цэгцтэй байлгаад үз дээ. Таны амьдралд ер бусын нааштай сайхан өөрчлөлтүүд тэр дороо гарч ирж таныг гайхашруулах болно. За, та гэртээ байсан илүү дутуу хог новшноосоо салж, гэр орондоо эмх цэгцтэй, цэвэр цэмцгэр боллоо. Харин одоо гэртээ байгаа бүх толийг сайтар арчиж цэвэрлэ. Ингэхдээ чийгтэй алчуураар нар зөв тойруулан тойрог хөдөлгөөнөөр зай үлдээхгүй бүгдийг арчина. Алчууранд шингэсэн арчидастай хамт толинд шингэсэн бүх энергийн бохирдол гадагшилна. Тэр толь танайд хэр удсан тэр хэрээр бохирдсон байх магадлалтай тул жилээр тооцож тойрог хөдөлгөөн хийж арчаарай. Ингэснээр тухайн толинд олон жил дамжин хуримтлагдсан бүх сөрөг мэдээллийг устгаж байнаа гэсэн үг. Толио танай гэрт хичнээн жил болсныг санахгүй байвал 30 удаа тойрог хөдөлгөөнөөр арчаарай.

3. Утаж ариутгах

Танд арц ч юмуу ямар нэгэн үнэр гаргадаг шилмүүст модны мөчир хэрэг болно. Мөн нэг түмпэнд бүтцийг нь өөрчилж ариутгасан ус хийнэ.

Ямарч тохиолдолд жирийн крантны ус байж болохгүй. Ариутгасан усыг гаргаж авах энгийн арга бол усыг хөлдөөгчинд хийгээд хамгийн түрүүлж хөлдсөн дээд хэсгийг 1-2 удаа авч хаяад үлдсэн хэсэг нь ариун ус болно. Учир нь хөлдсөн хэсэгт усны бохирдол, хог шороо, муу зүйлс хуримтлагдан хөлддөг байна. (структурированная, лучше всего талая вода) Эхлээд энэ усаараа гэрийнхээ өнцөг булан бүрийг шившиж ариутгана. Дараа нь нүүр гараа угааж буй мэт норгоод арчилгүй хатаана. Одоо арц эсвэл бусад үнэрт модны мөчрөө шатааж уугиулаад гэрийнхээ булан тохой бүрийг оролцуулан сайтар эргэн тойрон ариулна. Ингэхдээ сэтгэлдээ гэрт хуримтлагдсан муу бүхэн дайжин гарч байна гэж бодно.

4. Гэрээ лаагаар ариутгах

Танд хэдэн ширхэг нарийхан урт лаанууд хэрэгтэй болно. Цагаан цаасан дээр тойрог үүсгэн хайчлаад дундуур нь лаагаа оруулж бэлдэнэ. Энэ нь лааны гэрлээс зугатсан муу энерги таны гарт шингэхээс хамгаалж буй зүйл юм. Лаагаа асаагаад гэрийн орох үүднээс эхлэн нар зөв тойруулан ариулна. Орох үүд бол сөрөг энерги орох хамгийн боломжтой газар тул үүдэнд онцгой ач холбогдол өгч сайтар ариулна. Эхлээд үүдний хаалганы гадна талд зогсоод зүүнээс баруун руу чиглүүлэн хаалгаа эргэн тойрон ариулна. Ингэхдээ хаалганы бариул, дуран, хонх зэргийг ч орхилгүй сайтар ариулна. Дараа нь гэртээ орж хаалганы дотор талд мөн адил гүйцэтгэнэ. Хаалгаа ийнхүү ариулснаар гэрт орж ирэх сөрөг энерги, мэдээллийн урсгалыг хаалаа гэдэгтээ бүрэн итгэлтэй байж болно. Одоо хаалганаасаа эхлэн нар зөв тойрон булан тохой бүрийг алдалгүй сайтар ариулна. Ингэхдээ тавилга, гутал хувцас, хувцасны шүүгээ зэргээ оролцуулан ариулна. Толь, цонх, өлгүүр, зэрэг сөрөг муу энергийг ихээр хуримтлуулдаг хэсгүүдэд онцгой анхаарч сайтар ариулна. Ханын анхаарал татах зарим хэсэгт дээрээс доош чиглүүлэн ариулна. Цааш хаана ямар үйлдэл хийж ариулахыг дотор сэтгэл чинь аяндаа заагаад өгнө. Угаалгын өрөөг сайтар ариулна. Учир нь тэнд муу энерги ихээр татагддаг. Нэн ялангуяа угаалгын өрөөний толь муу мэдээлэл, энерги цуглуулахдаа гаргууд. Угаалгын өрөөнд хүн биеийн хирээ угаадаг ч энергийн бохирдол харин дээш хөөрч үлддэг. Хаалга, түгжээ гээд хүний гар хүрдэг болгоныг сайтар ариулна. Жорлонгийн суултуурыг ч орхиж болохгүй. Хамгийн их энерги хурж, сөрөг энергиэр цэнэглэгдэж байдаг зүйлс бол цахилгаан хэрэгсэл. Компьютер, хөргөгч, телевизор гэх мэт. Эдгээрт ахиухан цаг зарцуулж сайтар эргэн тойрон ариулаарай. Ор, ор дэрний цагаан хэрэгслийг толгойн хэсгээс эхлэн гурвантаа тойруулан ариулна. За ингээд гэрээ ариулж дуусахад та нэлээн хэдэн лаа зарцуулсан байна. Энэ лааны үлдэгдлийн саванд хийж хурдан гаргаж хогийн саванд хаях хэрэгтэй.

5. Цэвэрлэгээний дараа гараа угаах

Цэвэрлэгээ дууссаны дараа хамгийн сүүлд хийх зүйл бол гараа сайтар угааж ариутган, энергийн бохирдлоос цэвэрлэх. Эхлээд гараа усаар савандаж угаана. Нойтон гаран дээрээ давс хийж гараа угааж буй мэт хөдөлгөөнөөр түрхээд хаттал нь хүлээнэ. Дараа нь хуруунуудаа зөрүүлэн гараа атгаад алгаа хооронд нь цагийн зүүний чиглэлээр үрнэ. Дараа нь гараа бугуйгаар нь сэгсэрч бохирдлоос сална. Гараа ийнхүү ариутган цэвэрлэхэд 10 хүрэхгүй минут шаардагдана.

6. Давтан цэвэрлэгээ

Энергийн бохирдлын цэвэрлэгээ хэрхэн үр дүнтэй болсныг, дахин цэвэрлэх шаардлага байгаа эсэхийг мэдэхийн тулд гурав хоногийн дараа дараах аргаар мэдэж болно. Ингэхдээ лаагаа асаагаад дундаа ортол нь хүлээнэ. Ингээд лааны тос хэрхэн урссаныг харахад эв хавгүй хэлбэр дүрстэй бас хар бараан өнгөтэй тос гоожсон байвал муу энерги тодорхой хэмжээгээр гэрт үлдсэн гэсэн үг. Харин урссан лааны тос цагаан өнгөтэй, доошоо чигээрээ урссан байвал гэр чинь сөрөг энергиэс бүхэлдээ салжээ гэж ойлгож болно. Гэрийг тогтмол сайн энергитэй байлгахын тулд доорхи зан үйлийг хийж байвал сайн.

7. Лаа асаах

Гэртээ лаа асаах нь маш сайн. Галын дөлийн ариутгах чадвар юутай ч зүйрлэшгүй. Иймд сайхан оройг олон лааны гэрэлд өнгөрөөх, эсвэл тогтмол гэртээ лаа асааж сурах нь сөрөг энергиэс хамгаалах сайн хамгаалалт болдог. Сөрөг энерги галын дөлөөс байнга зугтдаг.

8. Байгалийн үнэртэн хэрэглэх

Гэртээ аль болох байгалийн үнэртэн хэрэглэж, сайхан үнэртэй байлгах. Төрөл бүрийн эфирийн тос, ургамлын гаралтай үнэртэнг хэрэглэх хэрэгтэй. Эдгээр нь гэрийн аураг сэргээж, сэтгэл сэргээж, сэтгэл санаа сайхан байхад нөлөөлдөг. Мөн ийм үнэртэй орчинд толгой сэргэлэн, шийдвэр гаргахад амархан байдаг. Гол нь өөртөө тааламжтай үнэрийг олох ёстой.

9. Шалаа угаах

Ургамлын хандтай усаар шалаа угаах маш сайн байдаг. Гэрт сайн энерги бий болгоход жишээ нь хус, арц, ганга зэрэг сайхан үнэртэй ургамал, модны хандыг ашиглаж болно. Ядаж жилд нэг удаа өөрийн гараараа мөлхөж шалаа угаах нь гэрийн аураг өргөж өгдөг. Мөн шал угаах усандаа эфирийн тос зэрэг сайхан үнэр нь удаан хадгалагддаг байгалийн гаралтай бодис, мөн ямар улирал байгаагаас шалтгаалан өөрийн сэтгэлдээ тааруулж таалагддаг ургамал, жимснийхээ хандыг ашиглаж сайхан үнэр гаргаж болно.

10. Чийгтэй цэвэрлэгээ

Аль болох чийгтэй цэвэрлэгээ орон гэртээ хийж, тоос шорооноосоо хурдан салж байх хэрэгтэй. Ялангуяа орны доод тал, шкафны доогуур, булангууд гээд тоос шороо ихээхэн хуримтлагддаг хэсгүүдийг тогтмол цэвэрлэж байх нь гэрийн энергийг эерэг байхад тусладаг. Гэрийнхээ аль ч цоргоноос ус дуслах, гоожихыг даруй зогсоох хэрэгтэй. Энэ нь гэрт байгаа эрүүл мэнд, мөнгө төгрөгөөс эхлээд сайн сайхан бүхнийг урсган авч оддог гэсэн домтой. Иймд гэрийнхээ сантехникийг бүрэн бүтэн байлгаж, бие зассаны дараа суултуурын тагийг хааж бай.

10. Нэвт салхилуулах

Жилийн аль ч улиралд, ямар ч цаг агаартай байсан, өдөрт ядаж нэг удаа гэрээ нэвт салхилуулж агаарын урсгалыг сольж, муу агаарыг гаргаж шинэ агаар оруулж сэлгэж байх хэрэгтэй. Энэ нь муу энергийг гарган, шинэ сайн энерги оруулж ирдэг.

11. Хонх болон салхин хонх

Гэрийнхээ үүдэн хавьцаа дуугардаг хонх юм уу, агаараар хөглөгдөн дуу гаргадаг салхин хонх өлгөх хэрэгтэй. Хонхны дуу нь сүнс сүг, элдэв хий үзэгдлийг дайжуулж, орон зайг цэвэрлэдэг. Хонхны дууны үелзэл энергийг маш хурдан өөрчлөх чадалтайг эрдэмтэд ч тогтоосон байдаг. Тэр байтугай мөөгөнцрийн нян, шимэгч, вирус хүртэл хонхны дуугаар дайждаг. Бас хонхны дуу нь сэтгэлээс уйтгар гуниг, дарамтыг ч хөөн зайлуулах ер бусын увидастай. Гэрийн үүдэнд зүүсэн хонх муу энергийг хөөхийн зэрэгцээ сайн энергийг ч урин дуудаж байдаг. Харин салхин хонх орон зайг цэвэршүүлж, энергийн солилцоог эрчимжүүлдэг байна. Эцэст нь хэлэхэд гэр орноо сөрөг энергиэс ангижруулахад зарцуулсан цаг хугацаандаа харамсах хэрэггүй. Харин ч та цэвэрхэн, тохилог байрандаа сэтгэл хангалуун сууж, амьдрал тань амжилт, аз, эрүүл мэнд сайн сайхан бүхнээр цалгиж байх болно.

 

Ц.Бат

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)