Э.Энхриймаа “Miss World-2018”-д оролцохоор БНХАУ-ын Саньяа хотод очжээ

“Miss World-2018” гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд Монголын мисс Э.Энхриймаа оролцохоор БНХАУ-ын Саньяа хотод очжээ.

68 дахь удаагийн дэлхийн гоо бүсгүй шалгаруулах тус тэмцээнд 120 орны мисс өрсөлдөх бөгөөд өчигдөр нээлтийн арга хэмжээ болжээ. Хэдийгээр финалын шалгаруулалт ирэх арванхоёрдугаар сарын 8-нд болох хэдий ч миссүүд урьдчилсан олон төрлийг давж, шүүгчдээс үнэлгээ авах юм. Мөн явцын үнэлгээнээс шилдэг 40 мисс финалд өрсөлдөх эрхийг шууд авдаг билээ.

Энэ жилийн “Монголын сайхан бүсгүй” тэмцээний ялагч Э.Энхриймаа 21 настай, Санхүү эдийн засгийн их сургуулийн оюутан юм. Тэрбээр Орхон аймгийн харьяат бөгөөд орос, англи хэлтэй, бадминтоны спортын зэрэгтэйгээс гадна математикийн олимпиадад өндөр амжилт үзүүлж байжээ.

Хэдийгээр олон улсын миссийн тэмцээний туршлагагүй ч “Оюунлаг мисс”-ийн ангилалд нь олон нийт илүү итгэл үзүүлж байна.

“Сүрьеэгүй Монгол” хүмүүнлэгийн төслийн ажлыг эхлүүлсэн Э.Энхриймаа сүүлийн гурван жилд гэр бүлийн хамтаар 50 сая төгрөгийн хандив тусламжийг хүүхэд, багачуудад үзүүлжээ. Мөн БНХАУ-ын тэргүүн хатагтай Пэн Лиюаньд захидал бичиж, сүрьеэ өвчинтэй тэмцэх үйлстэй дуу хоолойгоо нэгтгэн ажиллах болно гэдгээ илэрхийлсэн аж.

Б.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)