"Эрхэмсэг” хамтлагийн "Хувьсахуй" тоглолт өнөөдөр болно

Үндэсний урлагийн их театрын дэргэдэх "Эрхэмсэг" бүжгийн хамтлагийн "Хувьсахуй" тоглолт өнөөдөр "Corporate convention center"-д болно.Уг бүжгийн хамтлаг 2012 онд байгуулагдсан бөгөөд долоон гишүүний бүрэлдэхүүнтэй ч энэ удаагийн тоглолтод тав нь оролцох гэнэ.

"Хувьсахуй" тоглолтод урилгаар Монгол Улсын гавьяат жүжигчин, “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, Үндэсний урлагийн их театрын дуучин Ц.Түмэнжаргал, тус театрын эрэгтэй бүжигчид болон жазз дуучин Н.Наранбаатар ая дуугаа өргөх юм байна.

"Хувьсахуй" тоглолтын дасгалжуулагч, багш А.Хосбаяр "Би “Эрхэмсэг” хамтлагтай танилцсанаас хойш дөрвөн жил гаруй хугацааг өнгөрүүлжээ. Өмнө нь үзэгчийн байр сууринаас үздэг байсан. Хамгийн анх үзэж байхдаа залуучуудын зоригоор бахархаж, хийсэн бүтээлийг нь үнэлж, нүд баясаж байв. "Эрхэмсэг" хамтлагийнхан яг л нэрэндээ таарсан эрхэмсэг, дээд зэрэглэлийн, олон жилийн туршлагатай бүжигчид. Эрхэмсэг бүжгийг эрхэмсэг төрх, байдлаар илэрхийлнэ гэдэг тухайн уран бүтээлчдээс чадвар, гоо зүйн мэдлэг, мэргэжлийн өндөр ур чадвар шаарддаг.

"Хувьсахуй" тоглолтын дасгалжуулагч багшаар ажиллах саналыг "Эрхэмсэг" хамтлагийн ахлагч С.Цэцгээ тавьсан. Хамтлагийн гишүүдийн ихэнх нь миний шавь нар ч гэлээ шинэ хамт олон дунд орж ажиллана гэдэг шинэ л зүйл байдаг юм байна. Дасгалжуулагч багш хийсэн уран бүтээлийг нь жигдрүүлж, цэвэрлэж, чанартай болгох талд ажиллах ёстой болохоос биш зохиогчдын бүтээсэн бүтээлийг халж, солих эрхгүй. Бүжигчид маань миний хэлсэн зөвлөмж, саналыг маш хурдан өөрсдөдөө тусгаж авч, ажиллаж байгаа. Арванхоёрдугаар сарын 6-нд болох тоглолт сайхан болно гэдэгт итгэлтэй байна" гэсэн юм.

Б.Хулан

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)