“Bortua” цор ганц загвараа задаллаа

“Анхны борооны дусал газарт буухад

Шинэхэн тэр цэцэгсийн зүрхэнд хайр болон дэлбээлдэг...” гэж хавар зуныхаа өвөрмөц шийдэлтэй загварыг “Bоrtua” брэндийг үүсгэн байгуулагч дизайнер Б.Балжинням дүгнэжээ. Тэрбээр загварын ертөнцийг өөрийн гэсэн өвөрмөц шийдэлтэй өнгө төрхөөр өнгөлж яваа чамин чанартай цор ганц бүтээлийг урлахыг зорьдог чадварлаг бүсгүй. Түүний бүтээлийг харахад хавар шиг санагдах ч солонгорсон өнгө нь зуны улиралыг илтгэх мэт. Шинэхэн коллекцоо өлгийдөж аваад удаагүй “Bortua”-гийн урланд хэсэг саатаж, урласан хувцасных нь талаар сонирхсон юм. Тэрбээр “2019 оны хавар зуныхаа коллекцийг гаргасан. Хавар болохоор байгаль дэлхий өнгө засдаг. Тиймээс ирж буй урин цагийг илтгэсэн өвөрмөц шинэлэг, шийдэлтэй загварыг хийхийг зорьсон. Гар ажиллагаа, хатгамал шаарддаг хувцас. Брэнд бүр өөрийн гэсэн онцлогтой. Манай брэндийн хувьд загвар хэв маягт баригддаггүй. Өөрийн үзэл санаагаа товч бөгөөд тодорхой хувцсандаа шингээхийг хүсдэг. Тиймээс энэ коллекц маань янз бүрийн загвар, хэв маягаас бүрдсэн” гэв.

“Гоёл-2019” наадмын шилдэг залуу ирээдүйтэй дизайнер гэсэн эрхэм хүндтэй хэрнээ хариуцлагатай шагналын эзэн болсон тэрбээр хурц тод өнгийг, завсрын өнгөтэй уусгаж урлажээ. “Завсрын өнгийг тод өнгөтэй уусгасан нь учиртай. Байгаль дэлхий хэрхэн өнгөө засдгийг хүн бүхэн мэднэ. Хавар дуусч зун болоход байгаль ногоорч, өнгө алагласан цэцэгс ургадаг. Яг л тэр мэдрэмжийг хувцсандаа шингээж урлалаа. Долоон төрлийн хувцсыг 14 хоногийн хугацаанд хийсэн. Торон материал хүмүүс гоёлын даашинзны материал гэдэг. Харин би тор материалаар өдөр тутамд өмсөх боломжтой цув урласан. Нэг үгээр гоёлын даашинзны материалаар ямар ч хувцсыг хийх боломжтойг харуулахыг зорьсон юм” гэв.

Охид бүсгүйчүүдийн дунд хэдийнэ орон зайгаа эзэлсэн “Bоrtua” брэндийн нүүр царай загварын ертөнцөд андрожинёс нэрээрээ танил модель Билли. Тэд загварын шоу болон коллекцийн зураг авалтад хамтарч ажиллаад хэсэг хугацаа өнгөрч байгаа гэнэ. “Брэндийн маань нүүр царай Билли л дээ. Ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг чадварлаг, мэдрэмжтэй модель. Дүр төрх нь ч их өвөрмөц. Миний гаргасан хувцсыг Билли маань “амилуулсан” гэв. Дизайнер Б.Балжинням цор ганц, содон загварыг үйлчлүүлэгчиддээ зориулан урлахыг эрхэмлэдэг.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)