Ө.Уянга: Бүгдийг амжуулахын тулд шуналтай байхаас өөр аргагүй

Улаанбаатар хот шинэ жилийн гоёл чимэглэлээрээ гангарсан энэ өдрүүдэд Монгол Улсын Гавьяат жүжигчин Ө.Уянга сонгодог үдшийн аялгуулаг тоглолтоороо өнгө нэмэх гэж байна. Сонгодог урлаг бол мөнхийн өрсөлдөөнд оршдог хатуу талбар. Тэр дундаа дэлхийн гранд дууриудыг тайзнаа амилуулж, хоолойныхоо чадлаар үзэгчдээ цаг ямагт бишрүүлдэг дуучин бүсгүйтэй ярилцсанаа хүргэж байна. “Зул сарын үдэш” тоглолт “Монгол", “Grand Opera” “Эрхэмсэг” төслөөрөө дэлхийд алдартай ари болон монгол попераг үзэгчдэд хүргэсэн дуучин бүсгүйн уран бүтээлийн ээлжит давалгаа юм. Гэхдээ дуурийн театрын нэрийн хуудас, Монголын сопрона хоолойтнуудын чансааг тодорхойлж дуучны үдэш олон зүйлээр шинэлэг байх нь дамжиггүй.

Театрт шинээр тавьсан дуурийн гол дүрийг ихэвчлэн та бүтээж байна. Нөгөөтэйгүүр эсрэг, эерэг олон дүрд хувирахад бие, сэтгэлийн хувьд хэрхэн хүлээж авдаг вэ?

 

-Найруулагч, удирдаачид тухайн дүрийг богино хугацаанд бүтээж чадах дуучныг сонгодог байх. Тиймээс надад хүлээлгэсэн итгэлийг алдахгүй, дүрээ сайн бүтээхийн тулд хариуцлагатай ажилладаг. Театрт орсныхоо дараахан үүнийг ойлгохгүй “Намайг яагаад ажлаар дараад байгаа юм бол” гэж гайхдаг байлаа. Харин одоо эргээд харахад хэд хэдэн дүр дээр зэрэг ажиллаж байсан тэр хэцүү өдрүүд өнөөдрийн намайг бий болгожээ.

 

Ялангуяа, хариуцлагатай байж, дүрдээ орох зэргийг эзэмшсэн. Аль ч театрт колоратурное болон лирическое сопрано дуучдыг гол дүрд сонгодог. Тиймээс би гол дүрийн хоолойтой нь азтай хэрэг. Бидний ажил бол бие, сэтгэлзүйн хувьд асар их тэвчээр шаарддаг.

 

 

Дүрээс дүрд хурдан хувирахад амаргүй. Би ДБЭТ-т 10 гаруй жил ажиллаж, мэргэжлийн туршлага чамгүй хуримтлууллаа. Дүрийн сургуулилтаа чанаржуулж жүжгээс жүжигт сайжрахыг хичээдэг. Заримдаа нэг дуурьт хоёр өөр дүр бүтээх нь ч бий. Энэ бүхэнд уран бүтээлчийн ур чадвараас гадна биеийн хувьд эрч хүч шаарддаг.

 

-Дуулах ур чадварыг  тань бүгд хүлээн зөвшөөрнө. Гэтэл дуурь бол драмтай хосолсон урлаг. Дуулалт, жүжиглэлтээ нэг цэгг огтлолцуулж, дүр бүтээхдээ юуг анхаардаг вэ?

 

-Уран бүтээлч бүрт өөрийн гэсэн мэдрэмж байдаг. Байгалиас заяасан мэдрэмжээрээ дуурьт дүр бүтээдэг. Хэт дуулалтдаа анхаараад  жүжиглэлтээ орхигдуулбал драм талаасаа хангалтгүй шүү дээ. Аль эсвэл хэт жүжиглэж болохгүй. Тэгэхээр удирдагч, хамтрагчаа мэдэрч, анзаарч дуулах хэрэгтэй болдог. 

 

-Та Вердийн шилдэг сопронуудын нэг. “Ла Травиата” дуурийн Виолетта, “Риголетто”-гийн Жильдаг танаар л төсөөлдөг. Тэгэхээр бусад хөгжмийн зохиолчийн бүтээлийг гаргахад хэцүү байдаг уу?

 

-Ж.Верди, А.Моцарт, Ж.Россини зэрэг перед классик буюу сонгодгийн өмнөх үеийн хөгжмийн зохиолчдын уран бүтээл техник сайтай хоолойд зориулж бичсэнээрээ онцлогтой. Энэ үе А.Моцартаар дуусдаг. Гэтэл Ж.Вердийн дүрүүд уянгалаг, белканто дуулалтад тулгуурладаг бол Ж.Пуччинийн дууриуд гранд воче буюу хүчирхэг хоолой шаарддаг. Ер нь перед классик үеийн дуурьт анхнаасаа дуулбал хоолойгоо эвдэлгүй авч үлдэж чаддаг. Би Дуурийн театрт орсон цагаасаа тийм колоратурный партыг дуулсандаа баярладаг. Ер нь энэ үеийн дууриуд дуучдыг жүжиглэлт, техникийн хувьд чадавхжуулдгаараа онцлогтой. Белканто стиль гэдэг утгаараа “Риголетто” дуурийн Жильдаг маш цэвэрхэн, уянгалаг дуулах болдог. Би Пуччинийн “Богема” дуурийн Мими болон “Тоска”-д дуулахад уянгалаг атлаа хүчирхэг хоолой шаарддаг. Ер нь нас тогтоод хоолойны өнгө өтгөрсөн үед Ж.Пуччинийн дуурийг дуулахад тохиромжтой гэж мэргэжилтнүүд зөвлөдөг. Би уран бүтээлчийн хувьд Ж.Вердийн үе дээр байна.

 

-Театрт үзэгчийн хувиар очдог уу. Уран бүтээлийн эрэл хайгуул хийж гаднын улсыг зорьдог уу?

 

-Уран бүтээлийн эрэл хайгуул хийхгүй бол ард түмнийхээ дунд хутгалдаад замхарна. Би уран бүтээлийн шуналтай. Хэзээ ч одоо байгаадаа ханаж цаддаггүй. Энэ дуурийг тавихсан, тэр дүрд тоглохсон гэж хүсч тэмүүлж явдаг. Шинэ соргогт дурлалгүй “Болно доо” гээд урсгалаар яваад байвал бүтээл төрөхгүй. Бидний оргил үе хэдхэн жилээр хэмжигддэг. Тиймээс энэ зурвасхан хугацаанд бүгдийг амжуулахын тулд шуналтай байхаас өөр аргагүй. Гэхдээ дутуу, дулимаг хийхгүйг хичээдэг. Сургуулиа төгссөнөөс хойш олон дуурийн гол дүр бүтээж, тоглолт хийлээ. Дахиад ч олон жилийн төлөвлөгөө байна. Театртаа жил бүр шинэ Дуурь тавихсан гэж мөрөөддөг. Г.Доницеттийн “Лучиа Ди Ламмермур" дуурийг тавихад БНСУ-ын театрт хувийн зардлаараа очиж, дүрийн судалгаа хийсэн. Г.Доницеттийн бүтээлийг дуулахад хоолойд эвтэйхэн байдаг. Гадаадын дуучид биднээс хэр ялгаатай, ямар түвшинд байгааг нь ажиглаж, судлахыг эрмэлздэг. Хүн өөртөө байхгүй зүйлийг сурах нь ашигтай.

 

 

Би Италид мэргэжил дээшлүүлэхдээ вокальный соёлд сайтар суралцах ёстойг ойлгосон. Энэ соёлыг эзэмшиж байж, дуулалт, жүжиглэлтээ сонгодог түвшинд илэрхийлж чадна. Манай Г.Ариунбаатар, Ч.Бадрал нар Орост, Э.Амартүвшин Италид дуулж байна. Бид холбоотой байж, монгол дуучдад ямар боломж байгаа талаар ярилцаж, судалдаг.

 

 

-Балетын гоцлоочдын тайзны арын өрсөлдөөний талаар ярьдаг. Дуурийн ертөнцөд өрсөлдөөн хэрхэн өрнөдөг вэ?

 

-Нэгэн үеийн залуусын дунд уран бүтээлийн өрсөлдөөн байх нь гарцаагүй. Гэхдээ нэгнийхээ тоглолтын хувцсыг нуух, урах зэрэг ёс бус үйлдэл гаргадаггүй. Харин өөрт байгаа давуу талаа түлхүү ашиглаж, оноосон дүрээ илүү гаргахыг чармайсан цагаан сэтгэлээр өрсөлддөг.

 

-Дуурийн тэргүүлэх хэл бол итали. Орос, италиар дуулахдаа юуг анхаардаг вэ. Заримдаа бид монгол дуурийн үгийг ч сайн ойлгодоггүй шүү дээ?

 

-Бид монголоос гадна орос, итали, герман, англи хэлээр дуулдаг. Тэгэхдээ үгээ автоматаар цээжилдэггүй. Тухайн үйл явдлыг орчуулж, үндсэн ойлголттой болно. И.Штраус, А.Моцартын дуурийг төрөлх буюу герман хэлээр нь дуулж байгаа. Эдгээр дуурийг тавихын өмнө Германы Элчин сайдын яамнаас мэргэжлийн орчуулагч ирж, бидний хэллэг, үйл хөдлөлд зөвлөгөө өгдөг. Бид хэлний мэргэжилтэн биш учраас хэллэгтээ анхаардаг. Соёл, урлагийн их сургуулийн дуурийн дуулаачийн ангид итали хэлний хичээл ордог нь мэргэжлийн түвшинд өгөөжөө өгсөн. Үзэгчид тайзнаа дуулдаг цөөн хүнээр дуурийг төсөөлөх нь элбэг. Гэтэл нэг дуурийг тавихын тулд манай театрын 100 гаруй хүн арын албанд зүтгэж байна. 60 хүний бүрэлдэхүүнтэй оркестр, найрал дуу, тайзны мэргэжилтэн, оёдол, нүүр хувиргагч, үсчин, маркетинг гээд театрын 300 ажилтны сэтгэл зүрхээр уран бүтээл төрдөг.

 

-Та попера урсгалыг Монголд хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан. Дуучны хувьд үзэгчдэд шинэ соргог зүйл дахин хүргэх үү?

 

-Дэлхийн урлагийн хандлага язгуур тал руугаа чиглэлээ. Сонгодгоо хөгжүүлээд хэдэн зуун жил өнгөрч, поп, жазз, хип хоп гээд урлагийн чиглэл бүр дээд цэгтээ хүртэл хөгжсөн. Одоо уран бүтээлчид шинэлэг зүйл рүү хошуурч байгаа нь нууц биш. Манай “The HU” хамтлаг олон улсад танигдсан нь үүнтэй холбоотой. Бидний мэдэх хөөмийг рок хэлбэрт оруулсан нь гаднынхны анхаарлыг татаж байна. Манай улсад “Алтан ураг” хамтлаг байсан. Гэтэл “Тhe HU" хамтлаг гадаад сурталчилгаагаа амжилттай хийж чадсан учраас ялгарч байна. “The Hu” хамтлаг манай уран бүтээлчдэд “Бидэнд боломж байна” гэдэг урам өглөө. Мөн миний Монголдоо шинэ зүйл хийхсэн гэдэг зорилгыг хурцаллаа. Ер нь би урлагийн олон төрлөөр уран бүтээл туурвисан. Зарим нь намайг  “Яасан тавьтаргүй юм бэ” гэдэг. Сэтгэлд багтсан зүйлээ хийхээс нааш тайвширдаггүй. 2020 он миний хувьд шинэ төсөл, уран бүтээлийн жил байх болно. Намайг 2000 оны эхээр попера чиглэлээр дуулахад үзэгчид соргог хүлээж авсан. Дуурийн дуучин ари дуулаад үзэгчдийг унтуулаад байдаггүй юм байна гэдэг ойлголтыг өгсөн.

 

-Буриадын эрдмийн театрт “Тоска”-г дуулахад тань Оросын мэргэжилтнүүд өндрөөр үнэлсэн. Сонгодог урлагийн өлгий нутгийнхнаас магтаал сонсоод өөрөөрөө бахархаж байв уу?

 

-Баярлах, бахархахаас илүүтэй өөрийгөө голж болохгүйг ойлгосон. Би Тоскагийн дүрийг зоригтой, өөртөө итгэлтэй бүтээсэн учраас Оросын шүүмжлэгчдээс гайгүй үнэлгээ авсан байх. Надад цааш явах боломж байгааг Марийнскийн театрын найруулагч удирдаачид мэдрүүлснээрээ ач холбогдолтой. Мөн “Тоска"-д дуулснаараа драматик партыг дуулж чадахаа баталсан.

 

-“Зул сарын үдэш” тоглолтоороо Монголын сонгодог урлаг сонирхогчдын сонорыг мялаах гэж байна. Та “Монгол”, “Эрхэмсэг” зэрэг тоглолтоороо дуурийн дуучныхаа чансааг тунхагласан. Нэрнээсээ л шинэ жилийн уур амьсгалыг мэдрүүлсэн тоглолтдоо дуулах дуунуудаа хэрхэн сонгосон бэ?

 

-Миний дуулдаг колоратурный парт болох Ж.Верди, А.Моцартын аринуудаас гадна И.Штраусын вальсуудаас түүвэрлэн сонгосон. Ингэхдээ сонсогчдод шинэ жилийн мэдрэмж төрүүлэх цас шиг хөвсгөр, зөөлөн аялгуунуудыг сонгохыг хичээлээ. Хоолойндоо тохирсон, дуулж дадсан бүтээлүүдээ сонгосон учраас өмнөх тоглолтуудын чансаанд дүйцхүйц, магадгүй давсан тоглолт болно. Энэ өгөгдлөө сайн илэрхийлэхийн тулд бэлтгэлдээ анхаарал хандуулан ажиллаж байна. Монголд зул сарын сэдэвт лирик уран бүтээлүүдээс бүрдсэн тоглолт урьд өмнө нь болж байгаагүй. Тиймээс тоглолтоо жилээс жилд баяжуулж, уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөсөн. Тэгэхдээ сопрона хоолойтнуудын чадлыг үеийн үед сорьсон бүтээлүүдийг сонсогчдодоо хүргэх болно. Энэ удаагийн тоглолтыг морин хуурч Н.Жигжиддорж удирдана. Жийгээ маань энэ жил удирдаачаар төгсч байгаа бөгөөд миний саналыг уриалгахан хүлээж авсан. Мөн чадварлаг залуучуудаас бүрдүүлсэн шинэ оркестр хөгжимдөж байгаа. 

 

-Нэрийн хуудас болсон Шөнийн хатны арийгаа дуулах уу?

 

-А.Моцартын “Увидаст лимбэ” дуурийн Шөнийн хатны арийг бие даасан тоглолтдоо дуулж байгаагүй юм билээ. Энэ удаад дуулахаар сонгосон. Театрт хэдхэн хоногийн өмнө тавьсан “Увидаст  лимбэ” дуурьт Шөнийн хатан болон гол дүр Памина охинд дууллаа. Соло уран бүтээлээс гадна театрын төлөвлөгөөт дууриудад тогтмол дуулж байгаа. Харин хоёр хүүхдээ төрүүлээд гурван сар завсарласан явдал бий.

 

-Уран бүтээлчид гэр бүлдээ цаг зав гаргаж амждаггүй. Нөхөр тань таныг хэр дэмжиж, ойлгодог вэ?

 

-Бид амралтын өдөргүй ажилладаг, шөнө оройн цагаар дандаа л тоглолттой байдаг учраас гэр бүл орхигдох гээд байдаг. Гэр бүлдээ ялангуяа бага хүүхдэдээ цаг гаргахыг хичээдэг ч амжихгүй юм. Нөхөр маань дуулаачийн мэргэжилтэй учраас намайг илүү ойлгож, ар гэрээ авч явдгийн ачаар уран бүтээлээ таслалгүй туурвиж байна.

 

-Хоёр хүүхэд гаргаж, богино хугацаанд театраас холдоход их зүйлээс хоцорсон мэт сэтгэгдэл төрсөн үү?

 

-Хүүхдээ тээх болон төрүүлсний дараах хоёр сар надад жил шиг урт санагдсан. Дуурийн дуучны карьер бусад мэргэжил шиг өнө удаан үргэлжилдэггүй учраас хүүхдээ төрүүлээд л ажилдаа орохыг хүссэн. Хөл хүнд үед айхавтар том дуурьт долоон сартайгаас хойш дуулахыг хориглодог. Амьсгаагаа түгжих зэргээр хэвлийд даралт өгдөг учраас ураг томорсон үед дуулах нь эрсдэлтэй. Би багыгаа төрүүлтлээ дуулсан. Гэхдээ дуурийн арийг гурван бадгаас илүү дуулаагүй

 

 

Х.Эрдэнэзаяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)