“Аргамгийн тоног чимэг”, “бүсгүйн сайхан”-ы аль нь ч биш

Монголын орчуулагчдын эвлэл, Монголын Үндэсний Чөлөөт зохиолчдын холбооны шагналт дуун хөрвүүлэгч Цэрэндоржийн Сүхбаатар 1968 онд оюутан байхдаа анхны орчуулгын шүлгээ “Үнэн” сонинд нийтлүүлж, бас Монголын радиогоор орчуулгын шүлэг найраглалаа нэвтрүүлснээс хойш эдүгээ хүртэл 50 жил тасралтгүй орчуулж байна. Энэ хугацаанд Оросын болон дэлхийн сонгодог зохиолчдын 30 гаруй бүтээлийг эх хэлнээ орчуулж, олон арван ном редакторлажээ.

Ц.Сүхбаатар орчуулагч төдийгүй орчуулгын шүүмжлэгч, судлаач хүн юм. Билигт гүүш Ц.Дамдинсүрэн, Д.Нацагдорж, Г.Аким зэрэг олон орчуулагчийн орчуулгыг судлан шинжилснээс гадна “Шүлгийн орчуулгыг шүншиглэе” хэмээх шүлгийн орчуулгын шүүмж судлалын товхимол хэвлүүлжээ.

“Орос ардын үлгэрийн нэвтэрхий толь” хэмээн алдаршсан “Конёк-горбунок” хэмээх үлгэрийг П.Ершов 19 настайдаа, Петербургийн их сургуулийн оюутан байхдаа туурвиж, 1834 онд анх хэвлүүлснээс хойш бараг хоёр зууны нүүр үзэх гэж байна.

Энэ хугацаанд уг үлгэр цагийн шалгуурыг давж, Октябрийн хувьсгалаас өмнө 30 удаа, хувьсгалын дараа 100 гаруй удаа хэвлэгдэж, дэлхийн олон хэлнээ орчуулагджээ. Энэ үлгэрийг манай ахмад үеийн уран зохиолч, нэрт эрдэмтэн, дуун хөрвүүлэгч Х.Пэрлээ гуай анх 1947 онд орчуулж, Б.Бааст редакторлаж байсан бол 1972 онд Х.Пэрлээ гуай дахин орчуулж М.Гаадамба редакторласан байна.

“Конёк-горбунок” гэсэн үлгэрийн нэрийг 1947 онд “Бөхтэй морьхон” гэж орчуулснаа 1972 онд дахин орчуулахдаа “Бөгтрөгтэй морьхон” гэж өөрчилжээ. Эх зохиолдоо “бөхтэй” гэж гардаг учраас үлгэрийн нэрийн хувьд эхний орчуулгын “Бөхтэй” гэсэн нь зөв байна.

Оросын бичгийн сонгодог үлгэрийг монгол ушигчдад тэр дундаа хүүхэд багачуудад ахин дахин орчуулж, хэвлэн нийтэлж хүргэсэн ахмад үеийн дуун хөрвүүлэгч, эрдэмтэн зохиолч Х.Пэрлээ , редактор Б.Бааст, нэрт эрдэмтэн, зохиолч М.Гаадамба нарын ач буяныг дурдахгүй байхын аргагүй ээ.

Орчуулгын эх зохиолын бичигдсэн он цаг биднээс холдож цаашлах тусмаа л цагийн эрхээр орчуулагч, уншигчдад утгыг ухаж мэдэхэд бэрх , бүдэг бүрхэг зүйл аль овоо тааралддагийг яахин хэлж барах билээ! “Бөхтэй морьхон”-ы орчуулагч, редакторууд ч энэ бэрхдлийг тойрсонгүй дайрчээ. Үүний дээр эндүү ташаа ойлгож , буруу зөрүү орчуулсан нь ч бас байна.

За царём стрельцов отряд-ыг Шадар хорчин нараа дагуулж (38т)-гэжээ.

Стрельцы-гэж Москвад XVI-XVII зуунд байнгын цэрэгт ордог , галт зэвсгээр зэвсэглэсэн цэргийг стрельцы буюу буучид гэдэг байв. Манай хорчин бол хишигтэн цэргийн өдрийн ээлж. Оноот үүргээ гүйцэтгээд наран шингэхийн өмнө нум сумаа шөнийн итгэлт манаач хэвтүүлд тушаан их хааны хүрээнээс гарч одох бөгөөд өглөөний зоогийн дараа ээлжийн үүргээ хүлээн авдаг.

Нэр томьёонд няхуур нямбай хандаж, онож орчуулаагүйгээс галт зэвсэгтэй улсыг нум сумтай болгож, хааны их хүрээнээс гардаггүй цэргийг хотын даргыг гадуур дагаж явдаг цэрэг болгож, хоёр өөр түүхэн нэр томьёог хольж хутгаж орхижээ.

Дед-то, скажут, внучку взял-гэснийг Авга эцэг чинь үзээд ачтай гэрлэж гэнэ гэжээ. Оросоороо бол Өвөг эцэг нь ач охиноо аваад суучихаж гэж улс амьтан хэлнэ гэсэн байна.

Мөн хэлц үгийг энгийн чөлөөт холбоо үгээс ялгаагүйн харгаагаар үгчлэн орчуулж буруу замаар будаа тээсэн удаа ч бас байна. Жишээ нь: Царь велел вам долго жить! буюу монголоор Хаан тань талийгч болсон! гэснийг Хаан та нарыг урт насал гэсэн! гэж зүг чиггүй төөрчээ. Бас: коль станичники пристали, поминай его как звали-гэснийг Аянчин буусан байвал асуугаад нэрийг нь тогтоогоорой! гэж орчуулсан байна. Энэ нь ердөө “өнгөрсөн, дууссан, талийсан, үхсэн” гэсэн утгатай хэлц юм. Дээрх орос өгүүлбэрийг монголчилбол : “Дээрэмчидтэй тааралдсан бол тэр эргэж ирэхгүй, өнгөрсөн” гэсэн утгатай байна.

Цагаагч гүү Иванд баригдаад гараас нь мултарч чадахгүйгээ мэдээд түүнээс гуйж байгаа хэсэгт:

По три утренни зари

Выпущай меня на волю (12стр)-гэснийг

Өглөөний гурван хяраанаар

Өөрийн минь дураар явуулж (14т) гэж орчуулжээ.

Үүрийн таван жин гэж ярьж бичдэг, харин өглөөний гурван хяраанаар гэдэггүй. Орос өгүүлбэрийнх нь утга : гурван өглөө үүрийн хяраанаар бэлчээ намайг гэж байна.

Одоогоос олон арван жил (бараг хоёр зуун жил)-ийн өмнө зохиогдсон болохоороо хүүхэд байтугай үүхэд ойлгохгүй хуучирсан, түүхэн, үлгэр домгоос үүдэл ирэлтэй, угсаа соёлын холбогдолтой үгс нэлээд байна. Эдгээрийн заримыг хэрхэн орчуулсныг цөөн жишээгээр үзүүлье.

Эцэг нь Иваныг тарианы манаанд гаргах гэж гуйж ядахдаа: “Я куплю тебе лубков”(10стр) гэснийг эхний орчуулгадаа “идэх юм өгнө”(7т) гэсэн бол удаахь орчуулгадаа “Сонин юм авч өгнө”(11т) гэжээ.

Далдуу модны дурсыг “луб” гэнэ. Энэ долоор сагс, шаахай, чийрс зэргийг сүлждэг. Дээр нь юм сийлдэг дурсан самбараа ч бас лубок” гэнэ. Зургаа тэр “лубок” дээрээ сийлж байгаад цаасан дээр буулгаснаа ч бас “лубок” гэдэг байна. Иванд эцгийнх нь авч өгөхөөр амлаад байгаа тэр “лубки” бол “идэх юм” ч биш “сонин юм” ч биш, дурсан хэвээр дарсан гоё зураг юмсанж.

Гаврило, Данило хоёрыг хулгайлсан морьдоо нийслэл хотод авч орж ирэхэд хотын даргын зарч алтан бүрээ татаж:

“Гости! Лавки отпираете...

Чтобы не было содому,

Ни давёжа, ни погрему...(28стр) гэж ам мэдэн хашхирч байгаа үүнийг:

Арилжаа наймаа хийгээрэй

Авалцаж өгөлцөж эхлээрэй

Шуугиан үймээний завсраар

Шулж тонохоос хамгаалж (34т) гэж орчуулжээ. “Чтобы не было содому” гэдгийг “Шуугиан үймээний завсраар” гэсэн нь орос эхийн санаа сэдэв өгч, их сүйрэл сүйдэл, үймээн аймаан, айдас хүйдсээс сэрэмжлүүлсэн утгыг гаргаж чадсангүй. Энд гарч буй “содом” бол “Содом и Гоморра” гэдэг хэлц үгийн хэсэг юм. “Содом” бол зүгээр нэг ердийн үймээн шуугианыг хэлээгүй, харин “аюул сүйрэл болоход үймж аймах, хөл толгойгоо алдах, мэгдэн сандарч , аюун гэлмэж шуугилдах”-ыг хэлдэг. Энэ хэллэг оршин суугчид нь нүгэл хилэнц үйлдсэний үйлийн үрээр галан бороонд өртөж, газар хөдлөхөд сүйрсэн эртний Палестиний Содом, Гоморра гэдэг хоёр хотын тухай библийн домгоос эхтэй юм.

Энэ үлгэрт гарч буй Содом бол дээрх сүйрлийн үеийн Содомынхон шиг үймж аймж, хөл толгойгоо алдах вий гэж сэрэмжлүүлсэн метафор утгатай байна. Үүнийг “галан бороо орж, газар хөдөлсөн юм шиг бүү сандарга” гэж орчуулаад зүүлт хийсэн бол зохиолчийн зориуд сонгон хэрэглэсэн уран сайхны аргын зорилгод нийцэж утгыг нээж, урыг илэрхийлэхэд зүгээр нэг “үймээн шуугианы завсраар” гэснээс арай дөхөмтэй байх асан болов уу.

Цагаагч гүү Иванд “Бөхтэй морьхон”-оо зарж болохгүй гэж аминчлан захихдаа:

Но конька не отдавай

Ни за пояс, ни за шапку

Ни за черную, слишь бабку (14стр) гэснийг анхны (1947оны ) орчуулгадаа:

Арвайхан жаал морио

Алтан бүс, сувдан малгай

Аргамгийн тоног, чимгээс ч

Арилжиж бүү худалд Иван минь! (14т ) гэжээ

Энд орос эхэд байхгүй “алтан”, “сувдан” гэсэн тодотгол нэмснээс гадна “черная бабка”-г “аргамгийн тоног чимэг” гэж ташаарчээ. Удаахь (1972оны ) орчуулгадаа дээрх “чёрная бабка”-г “бүсгүйн сайхан” (9т) гэж мөн л эндүүрчээ. “Черная бабка” нь “аргамгийн тоног чимэг”, “хүүхний сайхан”-тай хахь хамаагүй юм .

Эртний Орост өрөг дээр шагаа эгнүүлэн тавьж байгаад харван цохиж гаргадаг шагаан наадам дэлгэр байжээ. Харвуул шагаагаа “бабка-бита” (буюу цохиур шагаа ) гэдэг бөгөөд энэ нь манайхны сум (шагаа)-тай дүйцнэ.

Энэхүү харвуул шагаагаа хүндрүүлэхийн тулд улыг нь хонхойлж тугалга цутгахаас гадна өрөгний шагаанаас ялгаруулхын тулд өнгөцхөн түлж харлуулдаг байжээ. Сайн (хүндрүүлсэн болон түлж харлуулсан бодын шагай буюу) цах(сум) нь шагаа харвадаг хүүхэд багачуудын хувьд үнэтэй цайтай эд байжээ. Тэгэхээр “чёрная бабка”-г хар шагаа биш хар сум гэж үүргээр нь дүйлгэн орчуулж болно.

Дурдсан алдаа мадаг орчуулгыг эх зохиолтой нь мөчидхөн тулгаж харахад ажиглагдав. Лавхан үзвэл байдал ямар байхыг хэлж мэдэхгүй.

Гэхдээ эдгээр алдаа мадаг 70 жил “хадгалагдаж” иржээ; одоо дахиад далан жил, бүр цаашилбал мөнх “хадгалсаар” байх уу?!

Давтан хэлье. Энэ үлгэрийг Оросын эрдэмтэн мэргэд тал бүрээс нь судлан шинжлээд “Орос ардын үлгэрийн нэвтэрхий толь” гэсэн дүгнэлтийг нэгэн дуугаар хүлээн зөвшөөрчээ.

Зүгээр нэг “бичгийн сонгодог үлгэр” гээгүй, “Орос ардын үлгэрийн нэвтэрхий толь” гэсэн үлгэр үүний монгол орчуулгын эндүүрлийн харанхуйг үлдэн хөөхийг хэн зоригловоос түүнд хэрэг болуужин гэж хэд гурван үг үүнийг хэлхсэн.

Боржгин Цэрэндоржийн Сүхбаатар (Хэл бичгийн ухааны доктор, дуун хөрвүүлэгч

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)