ЗАВХАН: Шинэ үндсэн хууль батлахад 26 депутат оролцжээ

Улиастай, 2026 оны нэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр, ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү өдрийг нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр гэж заасан байдаг. 

 

Үндсэн хууль нь төр, иргэн хоёрын харилцааны үндсийг тодорхойлж, шударга ёсны талаарх ард түмний суурь үнэлэмжийг илэрхийлдэг дээд хэм хэмжээний нийлбэр бөгөөд Монгол Улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулийг дөрвөн удаа хэлэлцэн баталж байв. Шинэ ардчилсан Үндсэн хууль нь Оршил, 6 бүлэг, 70 зүйлтэй бөгөөд Монгол Улс бол хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэн төвтэй ардчилсан улс гэдгийг тунхагласан юм. 

 

Шинэ үндсэн хууль батлахад Завхан аймгаас 26 депутат оролцож байжээ. Завхан аймгийн 26 депутатын 23 нь тухайн үеийн МАХН-ын гишүүн байсан байна.

 

 

Тухайлбал, Идэр сумын малчин, Ардын Их Хурлын орлогч даргаар сонгогдон ажилласан Ойдовын Долгорсүрэн, аймгийн Намын хорооны дарга Дамдингийн Дэмбэрэл, аймгийн АДХГЗ-ы дарга Бэгзийн Очирбат, Алдархаан сумын Хөдөлмөрийн баатар Сандагийн Адьшаажав, Асгат сумын харьяат, ХААЯ-ны орлогч сайд Пагваагийн Хаадгар, Баянтэс сумын Нэгдлийн дарга Дамбийнямын Дагвадорж, Баянхайрхан сумын Нэгдлийн дарга Довчингийн Лханаажав, Цагаанхайрхан сумын клубын эрхлэгч Балганжавын Балсанхүү, Их-Уул сумын багш Надмидын Төмөр-Очир гэхчлэн 26 депутат шинэ үндсэн хуулийг батлалцжээ.

 

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр аймгийн 24 суманд тодорхой төлөвлөгөөний дагуу олон нийтэд зориулсан үйл ажиллагаануудыг зохион байгуулж байна гэж аймгийн ИТХ-ын ажлын албанаас мэдээлэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)